2011-05-31

Засуул төрийн эрэлд



Монгол түмэн дэлхийд юугаараа танигддаг вэ? гэсэн асуултын хариу их энгийн байх боломжтой. Чингисийн их байлдан дагуулал, онгон зэрлэг байгаль, хагас нүүдлийн соёл, уул уурхайн асар их баялаг гэх зэрэг. Гэвч сүүлийн үед энэ жижиг үндэстнээс дэлхийн урлаг, спортын тавцанд олон залуу авьяастнууд хүч түрэн гарч ирэх болсон билээ. Энгийн жишээ авахад нэг хүнд оногдох олимпийн наадмаар тухайн цагтаа БНМАУ өөрийн их ах ЗХУ аас дутахааргүй сайн байв.[1] Сүүлийн жилүүдэд ч тэр нэг хүнд оногдох олимпийн алтан медалийн тоогоороо дэлхийд эхний 3-т бичигдэж буй юм.[2]
Бостон Баллетын гоцлол бүжигчин Монгол залуу Нью-Йоркийн сонгодог урлагийн тайзнаа өөрийн өнгө төрхийг нэмж буй бол, Москва хотноо зохиогдсон дэлхийд алдартай олон улсын дуурийн дуулаачдын ээлжит тэмцээнд 200 шилдэгүүд өрсөлдсөнөөс Монгол бүсгүй түрүүг нь авч байлаа. Өсвөрийн математикчдын олимпиадад ч, эсвэл  шатарчдын уралдаанд ч тэр өсвөр насныхан маань айрагдсан дуулдаж л байдаг.
Эндээс үзэхэд Монгол авьяас дэлхийн тавцанд гологдохооргүй байна. Онцлог нь эдгээр нь бүгд л хувь хүний авьяас, мөн хүчин зүтгэлээс хамаарч буй юм. Мэдээж авъястнуудын маань ард буй багш, дасгалжуулагч  нарын хөдөлмөрийг энд дурьдах нь зүйтэй. Гэвч багаар тоглодог спорт, багийн ажиллагаанаас бүрддэг бизнесийн салбарт Монголчууд төдийлөн сайнгүй. Өөрөөр хэлбэл, авьяаслаг Монголчууд маань багаараа, компаниараа эсвэл нийгэм, нийтээрээ хамтарч ажиллах болохоор л үзүүлэх амжилтын чимээ нь бүдгэрээд байх шиг. Монгол ухаанаар “хахаж цацаж”, “ханхалж” байдаг улс төрчдийн маань бодлогын чадавхи ч  тийм сайн биш гэж хувийн хэвшлийнхэн маань үздэгийг Дэлхийн банк, Дэлхийн өрсөлдөх чадварын төв, Дэлхий эдийн засгийн чуулга (Давосын форум)  зэрэг байгууллагуудын судалгаанаас бэлхэн харж болно.    
Дэлхийн эдийн засгийн тавцанд Монголчууд түүхий эдийн супер нийлүүлэгч буюу тоглогч болон гарч ирлээ. Энэ нь гэхдээ Монголын эдийн засагчид, улс төрчид, бизнесийнхэн сайндаа гэсэн үг бол мэдээж биш. Харин эцэг өвгөдөөс үлдэж ирсэн газар шороо, байгалийн хэвлийн үүцийг нээсэн хэрэг.
Манайхтай адил жижиг үндэстнүүд биднээс дутахгүй сайхан амьдарч, санхүү, шинжлэх ухааны салбараа хөгжүүлж өөрсдийгөө тэжээж байна. Тодорхой хэлбэл төр нь эдгээр салбарт бизнес эрхэлж буй компаниудаа зориуд дэмждэг юм. Тэдэнд зориулж боловсролтой ажилтнуудыг нь бэлдэж өгнө, тэдэнд зориулж зам барьж өгнө, ажлын байр бий болгох юм бол урамшуулж татварын хөнгөлөлт үзүүлнэ, гадаадын ижил төстэй компаниудтай “олон улсын рингэнд зодолдох” -д нь ил далдаар дэмжинэ. Америкийн капитализмын билэг тэмдэг болсон Женерал Моторсыг ид мандаж байх үед “ЖМ-д сайн бол тэр нь АНУ-д ч сайн” гэсэн утга бүхий уриа хүртэл гарч байжээ.
Гэтэл Монголд байдал өөр. Гадныхантай өрсөлдөх нь бүү хэл дотроо ажлын байр бий болгох гэж ядаж буй хувийнхныг төр нь дэмжих гээд байгаа ч юм шиг, дарамтлах гээд байгаа ч юм шиг. Төрийн үндсэн үүрэг болсон нам инфляци, эрх зүйн  тогтвортой орчин, боловсролын чанар, дэд бүтэц эд нар нь ч социалист, капиталист чиг баримжаатай нь ялгарахгүй болжээ.
Нөөц баялаг нь улам бүр багасч буй дэлхий ертөнц дээр мэдлэг, хүн, нөөцийн төлөө ширүүн өрсөлдөөнөөр тодорхойлогдох цоо шинэ энэ цаг үед, Монголын эдийн засаг “зэсийн засаглал”-ын ноёрхолоос “зэс-нүүрсний засаглал”-ын ноёрхол руу аажмаар шилжиж байна.  
Уул уурхайн компаниуд ашигтай ажиллах хирээр чадалтай боловсон хүчнийг бүхий л салбараас “ховх сорох” болов. Өндөр цалин, байр, унааны тааламжтай  нөхцөл амлах замаар банк, аялал жуулчлал гэх зэрэг үйлчилгээний салбаруудын ажилтнуудыг өөртөө урвуулах боллоо.
Уул уурхайн салбарын экспортын орлогоос үүдэн төгрөгийн ханш чангарч байна. Энэ нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортонд гаргадаг, эсвэл гадны жуулчдаас гадаад валютаар орлогоо олдог компаниудын хувьд туйлын таагүй байдал үүсгэх боломжтой. Учир нь орох орлогоо өндөр ханшаар тооцсон үед гадаад валютын ялангуяа ам.долларын ханш унах нь тэдний ашигт сөргөөр нөлөөлөх юм.  
Уул уурхайн бус салбарынхны хувьд ийнхүү зардал өсч, ашиг буурах үзэгдлийг Голланд өвчин гэдэг. Зүйрлэвэл айлын хотонд хэдэн том биетэй тэмээ орж ирээд тэнд байсан бог малыг хөөж гаргаснаас өөрцгүй.
Энэ нөхцөлд төрийн үүрэг ямар байх вэ? Эдийн засаг дахь төрийн оролцоо ямар байх ёстой вэ?
Бид уул уурхайн бус салбаруудаа хэрхэн олон улсын зах зээлд бэлдэх талаар анхаарах ёстой. Эдгээр салбарт ажиллахаар очиж буй төгсөгчдийн мэдлэг, чанар олон улсын шаардлагыг хангахуйц байж энэ өөрчлөлт хийгдэнэ. Харин энэ талаар төрийн оролцоо тун болхи хэвээр байгаа юм. Улсын нэртэй хэдэн их дээд сургуулиудын удирдах зөвлөлд тэр чигээрээ улс төрчид суухыг өнөөдөр бид төрийн сайн оролцоо гэж хараад дасчихаж. Гэтэл хааяа хэдэн хүүхэд шахахаас өөр ид шидгүй, хуралдаа ирж шийдвэрээ гаргаж өгдөггүй тэдгээр улс төрчдөөс болж их дээд сургуулиудад хийгдэх ёстой реформ хийгдэж чадахгүй байна. Хөшүүн удирдлагын тогтолцооноосоо болж их дээд сургуулиудын бүтээгдэхүүнүүд зах зээлийн эрэлтийг хангахуйц уян хатан байж чадахгүй байна.
Гадаад ертөнц хувьсан өөрчлөгдөж байна. Монгол Улс ч гэсэн хувийн хэвшлийнхний шургуу хөдөлмөрөөр нүүр царайгаа алгуур өөрчилж, байгалийн хэвлийд биш, хүний овсгоо самбаандаа найдаж хөгждөг орон болох замдаа улгуур гулссаар буй юм. Гэвч бидэнд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн зах зээлд төр өөрөө биш, харин хувийн хэвшлийнхэн өрсөлдөнө. Хувийн хэвшлийнхэн маань дэлхий дэвжээнд зодоглохоор дэвж буй бөхчүүд билээ. Харин төр маань ердөө л бөхийн  засуул юм. Хясуул биш Засуул төр олсон цагт Монголчууд бид “зэсийн засаглал”-аас “зах зээлийн засаглал” руу шилжсэн гэж хэлэх эрхтэй болох билээ.

2011-05-24

Гадаадын хөрөнгө оруулалтыг шууд бус арга замаар төрөлжүүлэх

Бид гадныхны нүдээр...

Өнөөдөр Монгол Улс гадны томоохон хөрөнгө оруулагчдын нүдээр ямаршуу харагддаг болоо? Тэдний Монголын талаар хэвлэлд өгсөн ярилцлага, бас уулзаж ярилцаж байхад төрж байсан бодол сэтгэгдэл дээрээ үндэслэн дорхи төсөөллийг бий болголоо. Өөдрөг үзэлтэй хөрөнгө оруулагч нэгэн яагаад Монголд хөрөнгө оруулахаар сонирхож байгаа тухайгаа дараахи маягаар илэрхийлэх болов уу: “...-Монголын говь нутаг бол тэр чигээрээ урт хугацаатай, өндөр чанартай, хямд өртөгтэй хөрөнгө оруулалтын “бүтээгдэхүүн” юм. Учир нь энергиэр өлсөж буй Хятадын ар нуруун дээр байгаа учир Африк, Австралитай харьцуулахад тээврийн зардал хямд гэсэн маш том давуу талтай.

Өөрөөр хэлбэл, Монголын түүхий эд Хятадад хамгийн хямд өртгөөр тээвэрлэгдэн хүрэх боломжтой. ОТ, ТТ ашиглалтанд ороод, том компаниудын санхүүгийн гүйлгээ, хувьцаа зэрэг нь Монголын банк, Монголын Хөрөнгийн Биржээр дамжаад эхэлбэл Монголын санхүүгийн зах зээл асар хурдтай томорно. Монголын өсөлтөөс хувь хүртэх гэсэн компаниуд ч ихэснэ. Энэ бялуунаас хүртэх сонирхол бидэнд байна...”

Харин Монголтой, Монголын улс төр, эдийн засаг, эрхзүйн орчинтой нилээн гүнзгий танилцсаны дараа дараахи маягаар шүүмж, гомдол хэлэх нь олонтаа. Жишээ нь,

-Монголчууд зам тээврийн асуудлаа өөрсдөө шийдэх мөнгөгүй. Баялагаа тээвэрлэж чадахгүй бол борлуулж чадахгүй бөгөөд хичнээн их нүүрс, зэстэй байгаад үнэ цэнэгүй. Магадгүй хөрш орнуудынхаа хэлсэн үнээр (дэлхийн түвшнээс хамаагүй доогуур) бага хэмжээнд өгөхөөс өөр аргагүйд хүрнэ.

-Байгалийн асар их баялагтай. ч, эндээс орж ирэх мөнгөө зөв удирдах эсэх, ер нь Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөө үндэслэлтэй эсэх нь тодорхойгүй, хаашаа явах гээд байгаа, яг юуг эхэлж хөгжүүлэх гээд байна гэдэг нь ч тодорхойгүй. Өөрөөр хэлбэл Монголын бодлого яг хөдөөгийн шороон зам шигээ газрын зураг үгүй.

-Монголд найдвартай, мэдлэгтэй ажиллах хүн тэр бүр олдохгүй юм.

-Танайд хөрөнгө оруулалтын орчныг хамгаалсан өмчийн эрхзүй, бизнесийн эрхзүйн орчин сул хэвээр байна. Жишээ нь бид зээлдэгчийн хувиар Монголын аль нэг компанид зээл өглөө гэж бодьё. Ямар нэг асуудал гарвал бидэнд барьцаагаа борлуулаад, зээлийн алдагдлаа нөхөх боломж хомс. Шүүх дээр яг ямар зарчмаар хэний талд шийдвэр гарах нь ч үзэмжийн асуудал болсон байдаг санагдсан. Товчхондоо өмчийн эрхзүй баталгаажаагүй.

-Монголтой ажиллахад хамгийн хэцүү нь ямар улс төрч ямар албан тушаалд байна гэдгээс их зүйл хамаардаг. Тэд бидний бизнесийн талаар юу бодож байгааг мэдэхэд цаг зав их гарзддаг. Бодлого нь тогвортой байх эсэх нь ч бас тодорхойгүй

- Компаниудынх нь тайлан балансад нь итгэх аргагүй. Монголд капиталын өртөг их өндөр, жишээ нь зээлийн хүү, дээр нь инфляци болон төгрөгийн ханш тогворгүй учир хөрөнгө оруулалтын далд нэмэлт зардал өндөр. Банкуудыг хянах тогтолцоо сул, банкуудад болон тэднийг хянадаг тогтолцоонд итгэхэд хэцүү.

зэргээр Монголд хөрөнгө оруулсан хойноо толгой өвдөх, шаналах асуудлууд хэтэрхий олон гэж үглэх болов уу. Дээр нь Монголчууд их бардам, “Монголтой Монголгүй дэлхий эргэдгээрээ эргэнэ” гэдгийг ойлгодоггүй гэж толгой сэгсрэх биз ээ.

Дээрхийг базаад үзвэл байгалийн асар их баялагтай Монгол оронд дэд бүтцийн хэрэгцээ, бодлогын тогтворгүй орчин, чадварлаг хүний нөөцийн хомсдол, банк санхүүгийн жижиг, дорой зах зээл, компаний засаглал, ханшны эрсдэл гэх зэрэг бэрхшээл, сорилтууд тоочсоныг харж болно.

Юу хийх шаардлагатай вэ?

Гадны хөрөнгө оруулагчид мэдээж Монголыг хөгжүүлье гэж орж ирээгүй нь ойлгомжтой. Тэд их мөнгөний эзний хувьд зарим талаар хэт цэмцэгнүүр гэмээр шаардлага тавих нь ч зүй ёсны хэрэг.

Гэсэн хэдий ч дэлхийн аж үйлдвэрт хэрэгцээтэй түүхий эд нь манайд байна. Үнэ нь ч олон улсын зах зээл дээр өсч байна. Тэгэхээр тэд голж, шилэлгүй манай уул уурхайн салбарт хөрөнгө оруулж л таарна. Гэвч бодох юм байна. Манай экспортын 80 орчим хувийг нүүрс, зэс тэргүүтэй уул уурхайн түүхий эд бүрдүүлэх боллоо. Төсвийн орлого ч тэр уул уурхайгаас асар их хараат болж байна. Баян чинээлэг уул уурхайн компаниуд бусад салбарт ажиллаж буй шилдэг боловсон хүчнийг хуу хамьж, цалингийн дундаж түвшний хүлээлтийг өндөр болгож байна. Төгрөгийн ханш чангарсны улмаас экспортоор амь зуудаг худалдаа, үйлчилгээ, аж үйлдвэр, аялал жуулчлалын салбарын компаниудын орлого хумигдаж, бусад зардал нь өсөх болов. Үүнийг Голланд өвчин гэх бөгөөд, гарах арга зам нь эдийн засгийн төрөлжилт болно. Өөрөөр хэлбэл ноос ноолуур, банк санхүү, аялал жуулчлал, транзит тээвэр гэх зэрэг ажлын байр олноор бий болгох чадавхитай салбаруудаа хөгжүүлж, экспорт болон төсвийн орлогод эзлэх хувийг нь зэгсэн нэмэгдүүлэх ёстой.

Мэдээж бид гадны хөрөнгө оруулагчдыг шууд энэ салбаруудад хөрөнгө оруул гэж тулгаж чадахгүй нь тодорхой. Тийм учир уул уурхайд орж буй хөрөнгө оруулалтын үр ашгийг үндэстний эдийн засагтаа шингээх авхаалж, самбааг манай үеийнхэн гаргах учиртай. Үүний тулд гурван түвшинд зэрэг анхаарах хэрэгтэй болов уу. Нэгдүгээрт, Монгол улсын хөрөнгө оруулалтын ерөнхий орчныг бэхжүүлэх, Хоёрдугаарт, мөнгө-санхүүгийн орчныг хөгжүүлэх, Гуравдугаарт, тодорхой салбар (кластр) –т дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татахыг хөхиүлэн дэмжих зэрэг болно.

Мэдээж хөрөнгө оруулалтын орчин ялангуяа хууль, эрхзүйн орчныг шинэтгэхэд цаг хугацаа их орно. Харин үүний зэрэгцээ даруй хийж эхлэх хоёр, гурван зүйл байгаа юм.

- Монголын ЗГ ийм өрийн бичиг гаргаснаар хувийн хэвшлийнхэн, ялангуяа банк санхүүгийнхэн “гаднаас мөнгө босгох” зам нь илүү дардан болох юм. Учир нь ЗГ-ын олон улсын бонд нь бенчмарк өөрөөр хэлбэл Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагч хүмүүст суурь, босго болж өгнө. Өнөөдөр гадны санхүүгийн хөрөнгө оруулагчдын хувьд Монгол улс түнэр харанхуй шөнө адил харагдаж байгаа юм байна. Засгийн газар бондоо борлуулаад, суурь хүүгээ зах зээлийн жамаар тодорхойлуулах нь харанхуй гэрт лаа асаасантай адил ач холбогдолтой болох билээ.

Индонез улс жишээ нь гаднаас мөнгө босгох тал дээр сүүлийн үед оройхон гараад ширүүхэн дайрч байна. Байгалийн баялаг их, аялал жуулчлал хөгжүүлсэн энэ орон өөрсдийн боломжоо багцалж барьцаалах замаар санхүүжилт их сайн олж байна.

- Монгол Улс цаашдаа Чилийн Сан юм уу Хятадын Хөрөнгө оруулалтын корпораци шиг эсвэл Сингапурын Темасек шиг өөрсдийн хөрөнгө оруулалтын сантай болох ёстой. Энэ сан нь уул уурхайн бус салбаруудад инноваци болон экспортыг дэмжсэн санхүүжилт хийх бөгөөд гадныхны хөрөнгө оруулалтыг шууд бусаар төрөлжүүлэх үндсэн хэрэгсэл болох боломжтой.

Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг шинээр ойлгох нь

Монгол Улсын Засгийн газар 2011 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан. Энэ хүрээнд мэдээж олон ажил зохиогдох биз ээ. Гэвч аливаа бодлогыг боловсруулах, амжилттай хэрэгжүүлэх эсэх нь ойлголт, томьёололоос ихээхэн хамаарна. Иймд, энэхүү нийтлэлээр бид асуудлаа зөв ойлгож чадаж байна уу гэдгийг хөндөхийг зорьлоо.

Хөдөлмөр хэмээх ухагдахуун

Өмнөх нийгэмд “Хөдөлмөр хүнийг бий болгосон” гэх Энгелсийн үгийн буруу орчуулга олонтаа сонсогддог байлаа. Хүн дүрст мичнээс ухаант хүн үүсэхэд “ухамсарт ажил”-ын оруулсан хувь нэмрийг тодотгож буй нь тэр биз. Гэвч энэ уриа нь утгын болон үг сонголтын хувьд оновчтой байж чадахгүй. Учир нь Хөдөлмөр сонгодог утгаараа ухамсарт хүмүүн үүссэнээс хамаагүй хожуу буюу иргэншил, нийгэмжилт, чөлөөт зах зээлийн хөгжлийн явцад үүсэн бий болсон тухай дор өгүүлнэ. Тэгээд ч ажилсаг шоргоолж одоог хүртэл хөдөлмөрлөдөг, сэтгэдэг амьтан болж хувираагүй л байна. Үгийн сонголтын хувьд ч бас ярвигтай. Жишээ нь, Европийн ихэнхи хэлэнд бугуйн Цаг, цаг хугацааны Цаг хоёрыг тус тусад нь илэрхийлэх үгс байдаг. Бугуйн цагийг англиар уотч (watch), германаар армбандүүр (armbanduhr) гэнэ. Харин цаг хугацааны цагийг англиар тайм (time), германаар цайт (zeit) гэнэ. Гэтэл манайд ЦАГ гэсэн ганц үгийг хоёр огт өөр зүйлийг илэрхийлэхэд ашигладаг.

Үүний ижил, Монгол хэлний Хөдөлмөр хэмээх үгээр “ажил”, “ажлын байр”, “чөлөөт сонголтын харилцаа” гэх ойлголтуудыг давхар илэрхийлж байгаа нь ойлголтын зөрүүг бий болгодог юм. Өнөөдөр ЗГ сарын 150 мянган төгрөгний цалинтай ажлын байр бий болгож чадна. Гэтэл залуус нь харьд зорихыг илүүд үзэж байна. Өөрөөр хэлбэл залуус тус ажлын байрыг голж байна. Тэгэхээр энэ хөдөлмөр мөн үү? Мэдээж биш.

Тэгээд шинэ залуу үедээ хүлээн зөвшөөрөгдөж чадаагүй ажлын байрыг олноор нь бий болгох нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй бодлогын үр дүн байж чадах уу? Ер нь Хөдөлмөрийн зах зээлийн бодлого болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого гэж юу вэ? Өөр хоорондоо нэгэн ижил зүйл үү, эсвэл өөр өөр ойлголтууд уу? Монгол улсад хөдөлмөр эрхлэлтийн бодлого хэр зохистой түвшинд байна вэ? Өнөөгийн бидний амьдарч буй нийгэм, цаг үетэй харьцуулан эдгээр асуултуудад хариулахын тулд эхлээд хөдөлмөрийн зах зээл гэж юу болохыг томъёолъё.

Хөдөлмөрийн зах зээл

Хөдөлмөрийн зах зээлийг ажил олгогч болон ажилтны хооронд үүсч буй сайн дурын харилцаануудын нийлбэр гэж тодорхойлж болно. Энэхүү харилцаа нь хүнлэг, зохистой ажлын байраар илрэх ёстой. Ажлын байр нь ажил олгогчийн хувьд ашиг олох зориулалттай хөрөнгө оруулалт бол, ажилтны хувьд өөрийн болоод гэр бүлийн амьдрах зардлыг санхүүжүүлэхэд хангалттай хэмжээний орлого олох нэгэн боломж юм.

Хүй нэгдлийн үед хүмүүс хоолоо олж идэхийн төлөө тэмцдэг байсныг хөдөлмөр гэж тодорхойлж болохгүй. Боолын нийгмийн үед дарангуйлал, мөлжлөгийн аргаар биеийн хүчийг албадан ашигладаг байсан, харин хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байв. Феодалын нийгмийн үед ч “Хөдөлмөр” гэж тодорхойлохуйц үзэгдэл хомс. Мэдээж дархан, мужаан гэх хөлсний ажилчид байсан ч тэдэнд хууль эрхзүйн хамгаалалт бараг байсангүй. Хамжлагат ёсны үед газрын эзэд тариачин, малчдын ажлын төлөөсөнд өлбөрөхгүй байхад хүрэлцэхүйц төдий хоол унд, эд материал өгдөг байв. Мэдээж ардчиллын амин сүнс болсон чөлөөт сонголтын эрх хамжлагын тариачин, малчдад байгаагүй аж.

Тэгвэл Хөдөлмөр (-ийн харилцаа) гэж хэзээ үүсэв ээ гэсэн асуулт гарч ирж байна. Түүх сөхвөл, капитализмын түрүү үеийн Англи, Франц зэрэг оронд феодалууд олноороо дампуурч, нийгмийн давхаргын өндөрлөгөөс шахагдаж эхэлснээр уламжлалт хамжлагын тогтолцоо нуран унаж, тариачид, малчид үй олноороо үгүйрэн хоосорч эхэлжээ. Өлсгөлөн, өвчин, ядуурлаас зугтсан тэд хот, суурин газрыг бараадаж хөдөлмөрөө үнэлүүлэх зах зээл хайх болжээ. Ингэснээр шинэ капиталистуудын өмнө асар хямд ажиллах хүчийг ашиглан үйлдвэрлэлийг хөгжүүлэх маш том боломж нээгдсэн байна. Нэг талаас ажиллах хүчээ “чөлөөтэй зарах” хүсэлтэй суурьшин ирэгчид, нөгөө талаас илүү их ашиг олох хүсэлтэй шинэ капиталистууд бие биендээ “сайн дурын үндсэн дээр” татагдах болсноор хөдөлмөрийн зах зээл үүсч эхэлжээ.

Хэдий албадлагын бус ч гэсэн түрүү капитализмын үеийн хөдөлмөрийн харилцаа нь ажил олгогчийн эрхийг хэт хамгаалсан хуулиар зохицуулагддаг байв. “Гинжнээс өөр алдах зүйлгүй” пролетари анги бий болсон нь нийгмийн тогтворгүй байдлыг үүсгэх аюулыг учруулах болжээ. Иймд төр, ялангуяа төрийн бодлогыг тодорхойлогч нарын дунд хүчээ авч эхэлсэн социалистууд ажилчин ангийн эрх ашгийг хамгаалсан зүй ёсны шаардлагыг тавьж тэмцсэн нь хөдөлмөрийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Учир нь үе дамжин улайрсан капиталистуудын их шунал эдийн засгийн үндсэн харилцааг гажуудуулах, улмаар ардчиллын тогтвортой хөгжилд ч аюул учруулах түвшинд хүрээд байв.

Хөдөлмөрийн харилцаа Монгол улсад

Харин манай улсын хувьд, зөвхөн феодалын төдийгүй социализмын үед “Хөдөлмөр нь чөлөөт сонголтын зарчим дээр үүсэх харилцаа” гэдэг утгаараа үүсч хөгжөөгүй байсан гэхэд хилсдэхгүй. Ялангуяа социалист нийгэмд хэн, хэзээ, хаана, хэрхэн ажиллахыг хувь хүн өөрөө биш нам засаг, эрх мэдэлтнүүд шийддэг байв. Тэр үеийн Монголын хууль хөгжлийн хүрсэн түвшиндээ хэт ахадсан, хэт аж үйлдвэржсэн нийгмийн харилцааг загвар болгосон байсан байж болох юм. “Ажлын байр хөрөнгө оруулалтын зардлаа нөхөх ёстой” гэсэн аль ч үзэл суртлаас үл хамаарах эдийн засгийн энгийн нэгэн суурь зарчим биелэлээ бүрэн олох нь ховор байсан. Харин хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь нам засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, коммунист онолын “давуу”-г харуулах гэсэн оролдлого болж хувирсан нь зах зээлийн мөн чанарыг ойлгоогүй хэт зүүний социалистуудын алдааг харуулж байв. Үнэндээ Хөдөлмөрийн харилцаа гэх ойлголт сонгодог зах зээлийн утгаараа өнөөдрийн ардчилсан Монгол оронд үүсгэлээ олж эхэлж байна гэх үндэстэй.

Эрхзүйн орчин, бодлого

Ардчилсан хувьсгалын дараах Монгол Улсад Хөдөлмөрийн зах зээлийн харилцааг шууд зохицуулах учиртай 70 орчим хууль, тогтоол, зөвлөмж болон бусад эрхзүйн акт байна. Гэсэн хэдий ч дорвитой үр дүнд хүрч чадахгүй л байна. Бид юун дээр алдаад байна вэ? Магадгүй бид Бодлогоо ойлгохгүй байгаа юм биш үү? Өнөөдөр олон хүн хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг хөдөлмөрийн зах зээлийн бодлоготой хольж хутгаж андуурдаг. Улс төрчид нь ч, бодлого боловсруулагчид нь ч мөн адил цэгцтэй ойлголтоор хомс байгаа учир, бодлогоо зөв томьёолж, хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн шүүмжлэл олонтоо сонсогддог. Хөдөлмөр эрхлэлтийн асуудалд хандах зарим улс төрчдийн хандлага хэт социалист эсхүл тунхаглалын шинж чанартай хэвээр байна. Гэтэл бидний бахархан дууриах дуртай хөгжингүй орнуудад Хөдөлмөрийн бодлого судлал улам бүр нарийсан хөгжсөөр байгаа юм.

Дор үзүүлсэн зурагт Хөдөлмөрийн Зах Зээлийн Бодлого болон Хөдөлмөр Эрхлэлтийн Бодлого гэсэн хоёр тусдаа ойлголтын ялгааг үзүүлэв:

Хөдөлмөр Эрхлэлтийн Бодлого нь бие даасан саланги эд биш. Харин энэ нь бодлогуудын найрал юм. Ардчилсан төрийн бодлого боловсруулагчид Төрийг олон төрлийн хөгжмийн зэмсгийг удирдаж буй Удирдаач гэж харж сурсан тохиолдолд л бид хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг ойлгож, зөв томьёолж, бодлого боловсруулж бас хэрэгжүүлж чадна.

Хөдөлмөрийн Зах Зээл (ХЗЗ)-ийн Бодлого:

· ХЗЗ-ийн эрхзүйн орчин: хөдөлмөрийн болон хөдөлмөр эрхлэлтийг шууд дэмжих хууль

· ХЗЗ-ийн идэвхитэй бодлого: ажилгүй иргэдийг дахин сургах, хөдөлмөр зуучлал

· ХЗЗ-ийн идэвхигүй бодлого: ажилгүйдлийн тэтгэмж

ХЗЗ-ийн бодлого амжилтанд хүрэх эсэх нь Хөдөлмөр эрхлэлтийн бодлого буюу суурь орчин хэр бүрдсэн бэ гэдгээс хамаарна. Үнэндээ Хөдөлмөр эрхлэлтийн бодлого нь өөрөө цогц зүйл бөгөөд, Жижиг дунд үйлдвэрийн, Төсөв, санхүүгийн, Татварын, Мөнгөний, Валютын ханшны тогтолцоо, Цалин, хөдөлмөрийн хөлсний, Нийгмийн халамжийн, Худалдааны, Аж үйлдвэржилтийн, Бүс, орон нутгийн, Боловсролын гэх зэрэг бодлогуудын зохистой нийлэмж болно. Гэвч бодлого тус бүрээр ойлголт, судалгаа, төлөвлөлт, хэрэгжилт гэх үе шатуудыг харгалзан, зах зээлийн эдийн засгийн суурь зарчмуудтай хэр нийцэж байгаад дүгнэлт өгөх шаардлагатай.

Бодлогууд...

Ойлголт ба томьёолол

Бодлого ба хэрэгжүүлэгч

Уялдаа холбоо

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй эсэх

Жижиг, дунд үйлдвэр

Хэт ерөнхий

Тодорхойгүй

Ойлгомжгүй

Үгүй

Төсөв, санхүү

Улс төржсөн

Хөндлөнгийн хяналт сул

Хувийнхнийг зах зээлээс шахсан

Эргэлзээтэй

Татвар

Энгийн, ойлгомжтой

Татвараа бүрэн цуглуулж чаддаггүй

Дэмжлэг, зөвөлгөө дутмаг

Хүнд суртал ихтэй

Мөнгө

Тодорхой бус

Монголбанкны чадавхи, бие даасан байдал сул

Зээлийн өндөр хүү бизнес эрхлэгчдэд дарамт

Үгүй, ялангуяа инфляцийн тодорхойгүй байдал

Валют

Тодорхой бус

Монголбанк

Аж үйлдвэрийн экспортыг урамшуулдаггүй

Импортыг өөгшүүлж, дотоод үйлдвэрлэлд сөрөг нөлөөтэй

Цалин, хөдөлмөрийн хөлс

Зах зээлийн зарчимд шилжиж байгаа

Хувийн хэвшил ба төрийн албаны жишиг

Эдийн засгийн өсөлтийн гол мотор болсон бүтээмжээс хамааралгүй

Судалгаа шаардлагатай

Нийгмийн халамж

Хэт хавтгайруулсан

УИХ, ЗГ, гэвч амлалтанд суурилсан

Бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлдэг

Оновчтой бус

Худалдаа

Тодорхойгүй

Тодорхой бус

Импортын хэрэглээг өөгшүүлсэн

Салбар бүрт харилцан адилгүй

Аж үйлдвэржилт

Хийгдэж байгаа

“Засгийн газар”

Экспорт, инновацийг урамшуулах шаардлагатай

Бэлэн бус

Бүс, орон нутаг

Боломжийн, гэвч санхүүжилтын тогтолцоо сул

“УИХ, ЗГ”, бүсийн зөвлөл

Байхгүй

Үгүй

Боловсрол

Хэт либерал

Боловсролын яам?

Зах зээлийн эрэлтийг хангадаггүй

Үгүй

Бүртгэл, статистик

Ач холбогдолыг нь сайн ойлгоогүй

Тодорхойгүй

Татвар, банк, бүртгэл гэх зэрэг байгууллагуудын сул холбоо

Маш сул

Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг боловсронгуй болгох

Эхний ээлжинд Хөдөлмөрийн зах зээлийн бодлого болон Хөдөлмөр эрхлэлтийн бодлогоо ялгаж салгаж сурах хэрэгтэй байна. Дараа нь макро- орчны бусад бодлогууд хоорондоо хэр зохицож, нийцэж бас зангидагдаж байна, тэдгээрийн нийцэл нь хэр байгааг олж харж, дүгнэж сурах хэрэгтэй болов уу. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд зөвхөн хөдөлмөрийн зах зээлийн зохицуулалтанд чиглэсэн хууль тогтоомж, баримт бичгүүд дээр анхаарал хандуулах бус, харин дээр дурьдагдсан бусад бодлогын хүрээнд батлах хууль тогтоомж, зорилго чиглэлүүд нь хөдөлмөр эрхлэлтийн зохистой харьцааг дэмжиж байгаа эсэхийг болон тэдгээр нь урт, дунд болон богино хугацааны зорилго зорилтуудын хүрээнд хэр тодорхой, ойлгомжтой байж, өөр хоорондоо нийцэж буйг мөн анхааран харах хэрэгтэй юм.

Ардчилсан нийгэмд улс төр, эдийн засгийн тогтвортой байдлыг хангагч гол хүч нь ажилтай, орлоготой дундаж давхарга байдаг. Түүнчлэн ажлын байрны дийлэнхи хэсгийг (80%) жижиг дунд үйлдвэрүүд бий болгож, улмаар экспортын болон татварын орлогын зонхилох (80%) хэсгийг бүрдүүлдэг. Монгол Улс ч яаралтай энэ загварт шилжих ёстой. Харамсалтай нь ЖДҮ-ийн талаархи ойлголт хэт ерөнхий, ЖДҮ хөгжих орчныг бүрдүүлэх талаар төр маш хангалтгүй ажиллаж байгаа юм. Ялангуяа нэгдсэн, цогц судалгааг гүйцэтгэж, улмаар далайцтай хөтөлбөр боловсруулах замаар нөөц боломжийг бүрэн идэвхижүүлэх, нийгмийг манлайлах чадвар сул байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд /дээрхи хүснэгт/ зорилгын эрэмбийг тогтоох замаар, хувийн хэвшил ялангуяа ЖДҮ-ийн хөгжлийг урт хугацаанд тогтвортой хангах орчныг суурийг тавих нь чухал юм. Нийгмийн оролцогч талуудын хооронд ойлголцлыг жигдлэх шаардлагатай. Иймэрхүү нийгмийн ойлголцлыг хөхиүлэх замаар судалгааны үндэслэлтэй бодлого боловсруулж амжилтанд хүрсэн орнууд байна. Жишээ нь, Голланд болон Ирланд улс ХЗЗ-ийн идэвхигүй бодлогоос зоригтой татгалзаж, идэвхитэй бодлогод хөрөнгө хүчээ оновчтой хаяснаар богино хугацаанд ажилгүйдлийг бууруулж чадсан юм. Ер нь төрийн оролцоог зоригтой хумьж, хувийн хэвшилд илүү эрх чөлөө, боломжийг нээж өгөх нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хамгийн тогтвортой загвар гэдгийг өрсөлдөх чадвар сайтай, Сингапур, Дани гэх зэрэг жижиг орнуудын туршлага бэлээхэн нотолж байна.

Эцэст нь дүгнэхэд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ гэдэг маань маш олон хүчин зүйлсийн оролцооноос бүрдэнэ. Нэн түрүүнд нам инфляци, экспортын баримжаатай жижиг дунд үйлдвэрийн хөгжилийг чухалчилж, шийдвэр гаргаж байх нь зүйтэй. Өнөөдрийн УИХ, ЗГ аас гарч буй шийдвэрүүд нэг нь нэгнээ үгүйсгэсэн, цаг зуурын шинжтэй байх нь бий. Жишээ нь, хэт үрэлгэн төсвийн бодлого нь инфляцийг хөөргөдөж, үүний эсрэг авч буй хатуу мөнгөний бодлого нь бодит секторыг боомилж ажлын байрыг устгаж байгаа юм. Иймд эдийн засгийн бодлого шийдвэрийн гол цөм, эрхэм зорилго нь хөдөлмөр эрхлэлт, бизнесийн тогтвортой орчин гэдгийг улс төрчид ч, сонгогчид ч ойлгох нь чухал байна.