2003-09-02

Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн.

1. Түүхийн төгсгөл. 

Дэлхийн нөлөө бүхий эрдэмтэд, эрт эдүгээгийн суут сэтгэгч, философич нар „түүхэнд утга учир бий юу" хэмээх маш сонирхолтой асуултыг гаргаж ирж хариулахыг оролджээ. Түүх гэж юу юм бэ? Энэ ердөө нэг цаг хугацааны урсгал юм уу, эсвэл тодорхой нэг мөчлөг бүхий зорилго чигтэй үйл явц юм уу. Цагийн хүрдийг хэн эргүүлдэг, Түүх ер нь урьдчилаад заяагдсан байдаг уу? Түүхийг хэн бичдэг юм бэ? Хүн үү эсвэл бурхан уу?
Эдгээр асуултанд хариулахаас өмнө их сэтгэгч нар түүхэнд төгсгөл бий гэж хийсвэрлэн авч үзжээ. Төгсгөл нь хаана хүрэх вэ? Ямар шинж шалгуураар түүхийг төгссөн гэж үзэх вэ?
"-Тусгай жижиг хэсгүүд бүр нэгэн том зорилгийн төлөө байх учиртай. Бид энэ том зорилгодоо хүрснээр түүх төгсөнө. Хүн төрөлхтөний сүүлчийн зорилго бол тусгай жижиг үйл явц бүрийг тодорхой утга учирт нэгтгэж байхад орших бөлгөө" гэж их эрдэмтэн Фукуяма гуай үзжээ.
Их сэтгэгч Хэгэл 1806 онд: Түүхийн үйл явц гэдэг шат шатаар дэвшиж буй, илүү дэвшилттэйгээр дээд шатанд давтагдаж байдаг утга учиртай хөдөлгөөн юм. Хүн бүрэн эрх чолөөтэй, хоорондоо ямар ч зөрчилгүй, туйлийн ухамсарт хүрсэн цагт түүх өөрөө өөртөө цэг тавина гэж сургажээ.
Хэгэлийн энэ тодорхойлолт нь орчин үеийн либерализмийн ойлголттой нийцэх аж.
Маркс гуай Хэгэлтэй ижил ч нийгмийн байгуулалын хувьд түүнийхээс эсрэг санаа гаргаж иржээ. Либерал төр нь хүмүүний бүгдийнх нь эрх чөлөөг хангаж чадахгүй. Энэ нь зөвхөн нэг ангийн тухайлбал дарлагч ангийн эрх чөлөөний „ялалт"-ыг л баталгаажуулна гэж үзжээ. Марксынхаар бол түүхийн төгсгөл нь : дэлхий даяар нийт пролетари (үгээгүй ядуус, мөлжигдсөн ажилчид, тариачид) анги бүрэн ялалтанд хүрэх тэр мөч гэнэ.
19 болон 20 –р зуунд өөр 2 сэтгэгч нар болох Освалд Спэнглэр, ( үндсэн бүтээл: „Єрнөдийн орнуудын мөхөл"), Тойнбий („Дэлхийн түүхийн өрнөл") нар арай өөр санааг гаргаж иржээ. Хэгэл, Маркс нарынх шиг универсал буюу ерөнхий нэг түүх байх учиргүй юм. Түүний оронд „соёл иргэншлүүд", бие даасан „нийгмүүд" ийн түүхүүд гэж хуваан авч үзэх нь зүйтэй гэжээ. Аль нэг нийгэм, аль нэгэн иргэншил түүхийн шалгуураар тэсэж үлдэнэ. Олон жижиг соёлууд нийлж дэлхий нийтийн соёл (глобалчилал?) ийг үүсгэсэн цагт түүх төгсөх ажээ.
Түүх төгсөнө гэдэг маань хүн устаж үгүй болно эсвэл дэлхий устаж алга болно гэсэн үг биш юм. Хүмүүс дайн тулаангүй. Элдэв зөрчилгүй амар сайхандаа жаргах тэр үеийг л дэлхийн түүхийн төгсгөл гэж хийсвэрлэн нэрлэх аж. Түүхийн төгсгөл гэдэг бол цуст хувьсгал хийгээд элдэв дайн мөргөлдөөнүүдийн төгсгөл гэсэн үг мэт ээ.

2. Дэлхийн сүүлчийн хvн.

Тvvхийн төгсгөлд амьдрах хүн ямар байх вэ? Дэлхийн сүүлчийн хүн гэж ямар ойлголт вэ? Yvнээс өмнө бид анхдагч хүний тухай авч үзье. Томас Хоббсийн (гол зохиол: Левиатон) хэлснээр хүн бол анхнаасаа муу шинжийн, ганцаардмал, зожиг, тэмцэгч, ядуу, арчаагүй, адгуусан шинжтэй байдаг гэнэ. Тэгэхээр сүүлчийн хүн бол үүний эсрэгээр төгс төгөлдөр, гэгээрсэн хүн байх аж. Гэвч цаг үеийн явцад үзэл суртлууд үүнийг өөр өөрөөр ойлгож байж.
Германы Фашистууд "анхдагч хүн" ийг устгаж эсвэл боол болгох ёстой. Сүүлчийн хүн бол дээд зэрэглэлийн ари арьстан, Герман хүн байх ёстой гэж үзэж байхад Коммунист онолд төрийн дарангуйлалын машинийг устгаж хаясан "Пролетари" хүмүүн бол төгс төгөлдөр "сүүлчийн хүн" байх ажээ.
Фукуяма гуай үзэхдээ дэлхийн сүүлчийн хүн бол санаа зовох зүйлгуй, элдэв зөрчилгүй, дайн байлдаан гэж юмийг мартсан жинхэнэ Либерал хүн байх ёстой гэнэ. Учир нь бүх хүмүүс либерал болсноор элдэв зөрчил гарахгүй гэх.
Монголчүүд бид алтай хангайдаа магтуу өргөхдөөн: "…дэргэдээс халдах дайсангүй, дээрээс дарлах ноёнгүй амар сайхандаа жаргаваа…" гэж дуулдаг билээ.

3. Амар сайхандаа жаргахуй ба Либериализм

1992 онд Америкд хэвлэгдэж тэр даруйдаа дэлхийн олонхи улс төрчдийн ширээний ном болж чадсан бүтээл бол Фукуяма гуайн "Түүхийн төгсгөл" (The End of History) билээ. Номын гол санаа бол Либерализм нь өөрийн гол өрсөлдөгч нар болох Фашизм, Коммунизм хэмээх тоталитар дэглэмүүдийг ялж чадлаа. Одоо хүн төрөлхтөн хий хоосон үзэл сурталын хийрхлээр талцан хуваагдаж дайн дажинг зөвтгөж биесээ буруутгахаа болино. Элдэв үзэл суртал устаж бид амар сайхандаа жаргах болно гэж үзжээ.
Яг өнөөдрийн өнцгөөс харж үзэхэд Либерализм ялав уу? Ер нь үзэл суртал гэж юу вэ? Англи, Герман, Орос, Монгол зэрэг орнуудад яагаад улс төрийн төвийн үзэл газар авч байна вэ? Английн хөдөлмөрийн нам бол баруун, зүүний (барууны болон социалист) урсгалуудыг нэгтгэсэн нам. Гэтэл тэнд олон жилийн хүчтэй уламжилалт консерватив нам байгаа шүү дээ. 2002 онд Германд бас л төвийн намууд хоорондоо өрсөлдлөө. Намуудын мөрийн хөтөлбөр нь тэр нь соц. намынх энэ нь барууны намынх гэж ялгагдахаар зүйл алга гэж германы улс төр судлаач Билд сонинд өгсөн ярилцлагадаа дурьдаж байжээ.
Монголд МАХН хэдий зүүний чиглэлийн нам боловч барууны бодлого явуулж байна. Хятад, Виэтнам зэрэг орнууд коммунизмын хийрхлээс татгалзаж, эдийн засгийн либералчилалыг маш хүчтэй явууллаа. 1978 оноос эхэлсэн Дэнг Сёпэний шинэчлэлээс эхлэн Хятад орон хөдөө аж ахуйд хувийн өмчийг баталгаажуулж, гадаад зах зээлд, ер нь дэлхийн бүх хөрөнгө оруулагчдад үүдээ нээлээ. 1990 ээд оноос СССР, Монгол болон зүүн Европын орнууд нэг намын систэмээс татгалзаж, хүний эрх чөлөө, олон намын систэмийг дээдэлсэн улс төрийн систэмийг сонгон авлаа. Чили улс ардчилалын замд эргэлт буцалтгүй орлоо. Энэ бүхэн бол дэлхий дээр Либерализм ялан мандахын эхний илрэл мэт.

4. Баярлах цаг болоогvй

Форэйгн Аффайр сэтгүүлйин 1993 оны дугаарт нэгэн өгүүллэг хэвлэгдсэн нь шуугиан дэгдээжээ. Харвардын их сургуулийн проф. Ноён Хантингтон гуай Фукуямагийн дэвшүүлсэн таамаглалыг үгүйсгэсэн байна. Энэ нь дэлхий даяар асар их маргаан дэгдээж, эрдэмтэд, судлаачид, улс төр судлаачдын дунд шуугиан тариж чаджээ. Энэ маргаан одоог болтол үргэлжилсээр байна. Хантингтон гуай 1996 онд „The Clash of Civilizations"(Соёл иргэншлүүдийн мөргөлдөөн) хэмээн өнөөх алдарт өгүүллэгээ ном болгон хэвлүүлжээ. Тэрээр дэлхийн түүхэнд маш гүнзгий анализ хийгээд ирээдүйн тухай нилээн баргар дур зургийг гаргаж авчээ.
Америкийн гадаад улс төрийн бодлогод 2 голлох урсгал байдаг. (ЗЭЗ Клуб. Америкт сурдаг Ачит-Эрдэнийн захидлаас)
1. Реализм. Хүчээр бүхнийг хийх ёстой. "Хүчтэний өмнө хүчгүй нь буруутай". Ихэвчлэн бүгд найрамдах намынхан энэ үзлийг баримталдаг. Эцэг хүү Буш гэх мэт.
2. Либерализм. Аядуу бодлоготнууд. Дипломат бодлогооор бүхнийг шийдэх ёстой. Дайн, хүчирхийлэл бол хамгийн зөв шийдэл биш. Ардчилсан намынх нь үүнийг голчлон баримталдаг. Жишээ нь Билл Клинтон, Кеннэды гэх мэт.

Хантингтөн гуай реализмыг зөвтгөдөг юм. Учир нь Орос, Хятад болон Арабын орнууд бол реалистүүд юм. Тийм учир Америк либерал байснаараа хохирно. Тэднийг хэт "давруулахгуй" (ядаж хүч тэнцүү) байхын тулд Америк хүчтэй байж, дэлхийн бодлогийг зохицуулах ёстой гэж үзжээ.
Яах гэж, ер нь хэнтэй юуний тулд тэмцэх гэж? Фукуяма гуай номынхоо 320 р хуудсанд : "… Yзэл сурталын тэмцэл бол али нэг талын ялагдалаар дуусна. Хүйтэн дайн үүний жишээ байлаа. Харин соёлын ялгаа бол мөд алга болж арилахгүй…"гэж үзжээ. Жишээ нь хэдий Америк, Япон 2 ижил түвшний хөгжилтэй, 2 уулаа либерал маягийн орнууд боловч уламжилал, хүн амын суртахуун, нийгмийн соёл нь шал өөр болохыг чухалчилан үзжээ. Америкууд бол индивидуалистууд. Тэд дарга цэрэг гэлтгүй бүгд "хувиа хичээж, бие биетэйгээ тулаад авахад" хэзээд бэлэн байх. Харин Японууд бол хамтач. Коллектив эрх ашгийг өөрийнхөөсөө дээгүүр тавиж пүүс компанидаа үнэнч ханддаг. Америкт бол хүн хоорондын харилцаанаас илүү хуулийн маргаанаар бүх асуудлыг шийддэг.
Пост-коммунист орнуудад ажлийн ёс суртахуун алга. Тэдэнд улсаас бүх юмийг нь бэлдэж өгдөг байсан учир хүмүүс нь бие дааж ажиллаж амидрах аргагүй болжээ. Коммунист соёлоос үлдсэн энэ ул мөр мөддөө арилахгүй гэж үзэж байлаа.
Яг энэ санааг нь Хантингтон өлгөн авч улам дэлгэрүүлжээ. Хантингтон узэхдээ: „Фукуяма узэл сурталын тэмцэл дууссанаар дэлхийн түүх төгсөнө гэж үзсэн нь буруу юм. Яг одоо дэлхийн түүхийн шинэ эрин үе эхэлж байна. Yзэл суртал (идеалоги) алга болсон ч оронд нь үндэсний узэл, соёл иргэншил байраа эзлэх цаг болсон" гэж бичжээ.
Түүнийхээр бол соёл гэдэг нь аливаа үндэстний амьдрах арга, сайн мууг ялгах хэмжүүр, нэгдсэн нэг үндэсний узэл, өөрсдийгөө хулээн зөвшөөрүүлэх гэсэн хамтач тэмцлийн уг үндэс гэнэ. Тэгээд ч хүмүүс одоо өөрсийнхөө итгэл бишрэлийн төлөө тэмцэж өөрсдийн "үнэн"-ий төлөө үхэх нь ихэснэ. Тэгснээрээ тэд өөрсдийн соёлыг хамгаалж, өөрийгөө соёлынхоо төлөө золиослож буй юм гэжээ.

5. Дэлхийн сөнөл.


Хантингтон гуай дэлхий дээр 7 янзийн соёл иргэншил байна гэж үзжээ.
1. Єрнөдийн (хойд америк, баруун европ, австрали)
2. Синизм буюу Конфузийн (Хятад, Виэтнам, Солонгос болон зүүн өмнөд Азийн орнууд) + Японий (япон.) /синизмийн нэг салаа соёл
3. Хинду (энэтхэг)
4. Лалын (арабын орнууд)
5. Ортодокс (орос болон бусад славян үндэстнүүд)
6. Ємнөд Америкийн
7. Африкийн

Зарим тохиолдолд тэр японий соёлийг бие даасан соёл гэж авч үзсэн байдаг.
Хантингтон гуай 21-р зууны өнгө төрхийг дараахи маягаар тодорхойлж байна. 20-р зуунд үзэл суртлууд мөхсөн. Тэр орон зайг үндэсний узэл, шашны хийрхэл дуургэх юм. Югославийн дайн, Зүүн Тиморын хөдөлгөөн, Армен Азэрбайджаны мөргөлдөөн, Чэчэний хямрал, Лалын террористүүдын халдлага, Еврэй болон Арабын орнуудын зөрчилдөөн, Кашмир, Балканы хойг энэ бүхэн юуг харуулна вэ.
Yндэстнvvд өөрсдийн соёл, шашнийхаа төлөө ухамсартайгаар тэмцэх болно. Дээр дурьдсан соёл бур өөрсдийн хүрээний Ноён-орон хийгээд өөрсдийн шашинтай.
Єрнөдийнхөн - Христийн шашинтай - Ноён орон нь Америк;
Синисм – Конфузи – Хятад;
Япон – Шинто;
Энэтхэг – Хинду;
Лалын орнууд - Ислам - Ноён орон байхгүй;
Ортодокс – Yнэн алдартны шашин – Орос;
Ємнөд Америкийн – Католик - Ноён орон байхгүй;
Африкийн - Шаманизм- Ноёлогч орон байхгүй.


Ноён орон байхгүй өөрээр хэлбэл зохицуулагчгүй соёл иргэншлүүд нь сул, хоорондоо тэмцэлтэй байдаг. Мөн Ноён орнууд өөр соёл иргэншил бүхий оронтой мөргөлдвөл бусад нь ч адил татагдан орох болно.
Оросууд нөлөөнийхөө хүрээг тэлэх бодолтой байхад лалын шашинтнууд ч мөн хил хязгаараа ахиулах сонирхолтой. Энэтхэг хэдий Пакистан руу довтлох сонирхолтой байдаг боловч лалын орнууд болон Хятадын сүрдүүлгээс болгоомжилдог. Япон хэдий барууныхны талд байдаг ч цаагуураа бол Хятадтай нийлэх сонирхолтой гэж Хантингтон "хардсан" байна.
Тэгээд ер нь соёлууд бие биендээ дайсагналцдаг. Мөн эдгээрт нийтлэг нэг чанар бий. Бүгд дэлхий дээр өөрсдийн соёл иргэншил, шашин, амидрах аргаа тулгаж хүлээлгэхийг эрмэлздэг гэжээ.
Хантингтөн цааш нь дэлхийг "Барууны" ба "Бусад нь" гэсэн 2 хэсэгт хуваасан байна. Хэрэв барууныхан дэлхий дээр зохицуулагч үүрэг гүйцэтгэхгүй юм бол дэлхийн сүйрэл ойрхон байна гэжээ. Уг номын сүүлчийн бүлэгт 2010-2030 аад оны үеийг төсөөлөн гаргажээ.
"… Хятадууд баруунд болон оросуудад дарлагдаж байсан гэсэн хүмүүжлээр үр хүүхдээ өсгөсөн байна. Тийм учир тэд барууныхны эсрэг сөргөлдсөн бодлого явуулна. Тэгээд ч тэд эдийн засгаар дэлхийд тэргүүлэх болно. Мөнгийг дагаж эрх мэдэл орж ирэх болно. Хятдууд Виэтнам руу дайрч маргаантай байгаа арлуудыг хүчээр булааж авна. Америкууд мэдээж эсэргүүцнэ. Хэрэв дайн гарч Хятадууд ялж эхлэхийн бол Япон хүчээр шахуу дагаар орж улмаар Америкийн Номхон далайн эргийн хотууд руу довтлоно. Мөн Хятадууд Монголыг өөрийн "нөлөөний бүс" гэж зарлана. Оросууд Хятадуудаас болгоомжилж Сибирь дэхь цэргийн ангиудаа хүч нэмэгдүүлнэ. Yvнд нь Сибирьт суурьшсан олон зуун мянган Хятад иргэд саад хийж улмаар үймээн үүснэ. Хятад улс иргэдээ хамгаалах нэрийдлээр цэрэг оруулж дайн дэгдэнэ.
Энэ үеэр лалын орнууд израелийн болон барууны орнуудын эсрэг дайн дэгдээнэ. Барууны орнууд хэдий зэвсгээр илүү байх авч хүн хүчээр дутна. Лалын экстремистүүд тухайлбал Иран, Ирак цөмийн зэвсэг үйлдвэрлэсэн байх болно. Тэд Европыг болон Америкийг атомын бөмбөгөөр сүрдүүлнэ.
Энэ сиймхийг ашиглаж Энэтхэг Пакистан руу довтлоно. Хариуд нь лалын шашинт Пакистан цөмийн зэвсэг хэрэглэнэ. Индонези болон Австралийн хооронд шашний дайн гач болно. Ингээд дэлхий даяар эмх замбараагүй байдал тогтож хүн хүндээ чоно болно. Хууль ёс, энх тайваны төлөөх гэрээ хэлэлцээр, дипломат бодлого учир утгаа алдана. Хэн дуртай цэргийн генерал нь сэтгэлийн хөөрлөөр цөмийн зэвсэг хэрэглэх болно. Ингэснээр дэлхий сөнөх юм аа. Мэдээж энэ нь үнэмшилшүй сонсогдож болох юм. Гэвч барууны орнууд (ялангуяа Америк) зохицуулах арга хэмжээ авахгүй бол үүнээс ч хүнд үе тохиолдож болох юм" гэж Хантингтон гуай 1996 онд бичжээ.

6. Харьцуулахуй

Фукуяма гуай үзэл сурталын зөрчил дууссанаар дэлхий дээр энх амгалан байдал тогтоно. Гэхдээ хүмүүсийн соёл иргэншлийн ялгаа мөддөө арилахгүй. Жишээ нь лалын болон хинду шашинтнуудад капитализм тохирохгүй. Капитализм бол Христын юм уу Буддын шашинтай хүмүүст илүү тохирно гэдгийг Макс Вэбэрийн бичсэн "Христийн шашин ба Капитализм" номоор жишээ авч баталсан байна. Христийн шашин бол боолуудаас гаралтай. (Есүс Христийн өвөг болох Еврэй нар нь эртний Египэтийн хааны боол үндэстэн байж байгаад чөлөөлөгдөж Израел руу нүүжээ) Тэд чөлөөлөгдмөгцөө хүн бүр адил тэгш гэж тунхагласан. Тэгээд ч Франц, Англи зэрэг Христийн орнуудад ардчилал, либерал үзэл анх дэлгэрч үр шимээ өгсөн. Мөн ардчилсан (либериализм) улс төрийн харилцаа ба капитализмийн хөгжил 2 нь салшгүй амин холбоотой болохыг баталжээ.
Барууны либерализм коммунизмын уналтыг харж, өрсөлдөөнд ялж чадсан. Одоо тэгвэл барууны Христийн шашин төвтэй соёл бусад соёлуудтай тайван өрсөлдөх хэрэгтэй. Гол нь бие биенийхээ онцлого ялгааг хүндэтгэж ойлголцох нь чухал гэсэн санааг гаргажээ.
Фашизм, нацизм, консерватив, ардчилсан, либерал, социал демократ, социализм, коммунизм зэрэг идеологиуд нь бүгд баруунд үүссэн байхад Христ, Лал, Будда, Еврэй, Хинду, Конфузи, Шинто, Шаманизм, Бөө мөргөлийн шашнууд нь бүгд дорнодод үүсчээ. Єрнө Дорно 2 бие биенээ нөхөж, түүхийн шүтэлцээг хамгаалж чадах биз ээ.
Хантингтон: " хүн угаасаа хучирхийлэлд дуртай. Єөрсдийгуу хүлээн зөвшөөрүүлэхийн тулд, шашин соёлоо мандуулахын тулд төрсөн байдаг" гэж үзжээ. Дэлхийн түүхийг харвал хүчтэний өмнө хүчгүй нь буруутай байж ирсэн. Ирээдүйд ч тийм байх болно. Нэг хүчтэн нь алга болж байхад нөгөө хүчтэн нь гарч ирж байдаг. Хятад, Арабынхан зэрэг ардчилсан биш улс орнууд цөмийн зэвсэгтэй болсноор дэлхий илүү их аюул занал дор амьдрах боллоо. Тэд эдийн засаг болон хүн амзүйн хувьд илт залуужиж хүчирхэгжиж байна. Баруун гэтэл өтөлж хөгширч байна. Барууныхан бол хэзээ ч Күнзийн юм уу Лалын соёлийг хүлээн зөвшөөрч дагаар орж чадахгүй. Дорнодийнхон ч гэсэн хэдий барууны үзэл сурталыг авч байвч, соёл болон шашны хувьд барууны дарангуйлалыг хэрхэвч хүлцэж тэвчихгүй. Ийм учир дайн бараг зайлшгvй.
Yvнээс гарах ганц арга бол Америк хүчтэй байж дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэх ёстой. Баруун бол Америкгүйгээр Евроазийн агуу уудам нутгийн өчүүхэн зах дээр арчигдан гулсаж унаж буй хэлтэрхий юм гэж бичжээ. (224-р хуудас)
Yvнийг нь Европийн эрдэмтэд ч их эмзэг хүлээж авлаа. Орос, Хятад болон Европд Хантингтөны эсрэг болон түүнийг дэмжиж олон ном бичигджээ. (гэхдээ эсэргүүцсэн нь хавьгүй олон)

Дэлхий нийт ирээдүйдээ итгэлтэй байна. Соёл иргэншлүүд бие биенээ илүү сайн ойлгож, бие биенээ харилцан бүрэн хүлээн зөвшөөрөх цаг айсуй биз ээ.

7. Дvгнэлт.

Ард түмэн гэдэг бол нэг уламжилал, нэг ертөнцийг үзэх үзэл, нэг үндэсний бахархал бүхий хүмүүсийн нэгдэл юм. Афганы ард түмэн, Америкийн ард түмэн, Оросын ард түмэн, Хятдын ард түмэн, Монголын ард түмэн. Тэд бүгд өөрийн соёл, өөрийн бахархалтай. Тэд өөрсдийгөө бусдад батлан харуулах эрмэлзэлтэй. Энэ эрмэлзэл дээр нь суурилж Шашин ба Yндэсний үзэл хөгждөг ажээ. Ардчилал гэдэг нь өөрөө шууд „ирдэггүй". Аль нэг ард түмэн: "- бид нэг үндэстэн" гэдгээ ухамсарласан үед сая тогтдог. Жишээ нь СССР болон Югослав задрасны дараа л сая тэнд ардчилалын тухай яриж эхлэх боломжтой болж байна.
Латин Америкийн орнуудад 15-20 хувь нь цагаан арьстнууд бусад нь индиан гаралтнууд байдаг. Тэд нэг үндэстэн гэж өөрсдийгөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир тэнд ардчилал муу хөгжиж байна. Лалын болон хинду орнуудад нийгмийн каст, анги давхарга хүчтэй байдгаас ардчилал, зах зээл муу хөгжиж байна. Хүн бүр тэгш эрхтэй байж чадахгүй байна. Ядуу ч бай Баян ч бай бүх хүнд үйлчилдэг үндэсний нэг үнэт зуйл тэнд бий болж чадаагүй мэт.
Хэрвээ тэд ардчилалыг хөгжүүлэх юм бол дэлхий илүү тайван болох сон. Учир нь ардчилсан орон ардчилсан оронтойгоо байлдах магадлал маш бага байдаг ажээ.
Хүн төрөлхтөн хамтаараа нийтийн аж ахуйг (дэлхийн эдийн засаг) сайжруулах хэрэгтэй байна. Бие биенээ илүү ойлгож, хүндэтгэж сурмаар.
Харамсалтай нь Лалын шашинг хэт басамжилсан зарим орнуудын хандлага, Хэт үндсэрхэг үзэл, Исламын хэт даврагчдын алан хядлага газар авч байгаа нь энэ үйл явцад хохирол учруулсаар.
Нөгөө талаар дээр хэлсэнчлэн зөв зүйтэй шашин суртал болон үндэстний бахархал бол ардчилалын нэгэн таатай хөрс.

Дэлхий нийтээрээ ардчилал, либералчилал руу хүрэх хүнд бөгөөд хэцүү замд гарч буй зарим нэг хүндрэл бэрхшээлийг соёл иргэншлийн мөргөлдөөн гэж дэврүүлэн авч үзэж болох уу?
Дэлхийн соёлууд өөрсдийгөө шинээр тодорхойлж, шинээр төлөвшиж байна. Yзэл сурталын аймшигт хуваагдалын дараа дэлхий нийт шинэ тэнцвэр өөд явж байна. Энэ зам дардан байхгүй нь ойлгомжтой биз ээ.

Ч.Отгочулуу, Франкфурт ам Майн. 

Тайлбар:

1. Ноён Францис Фукуяма. Япон ундэстэн. Америкийн иргэн. 1945 онд Нью Йорк хотноо төрсөн. Чикагогийн Их Сургуульд багшилж байсан. 1992 онд Америкийн нэгдсэн улсын гадаад хэргийн яамны төлөвлөгөөний штабын даргаар ажиллаж байх үедээ "Түүхийн төгсгөл" номоо бичжээ.1995 онд Конфузийн сургаали болон зах зээлийн эдийн засаг гэдэг номоо бичсэн.
2. Ноён Самуэл П. Хантингтон. Харвардын их сургуулийн профессор.
"-3 дахи давалгаа: 20 р зууны сүүл үеийн ардчилах үйл явц" 1993 онд, мөн "Хувьсан өөрчлөгдөж буй нийгмүүд дэхи улс төрийн хэм хэмжээ, дэг журам" 1969 онд тус тус бичиж байжээ. Хятадын аюул болон Лалын сэргэн мандалын талаар анхааруулан маш олон өгүүллэг бичсэн.


Ашигласан материал:

1. „Szenario einer angeblich postideologischen multipolaren Welt" Florian Rötzer 11.11.1996
2. Jochen Hippler. „Anstatt einer notwendigen Satire: Eine kleine Polemik zum Clash of Civilizations nebst einigen Anmerkungen zum Islamismus"
3. „Der Mythos vom Kampf der Kulturen Eine Kritik an Huntingtons kulturalistischer Globaltheorie" Harald Müller
4. Samuel P. Huntington: „Kampf der Kulturen. Die Neugestaltung der Weltpolitik im 21." Jahrhundert. München, Wien, Europa-Verlag 1996
5. „Ende der Geschichte oder Kampf der Kulturen?" Voelker Fesch. 1997.
6. Francis Fukuyama: „Das Ende der Geschichte" original: 1992. „The End Of History".
7. Foreign affair сэтгүүл