Социологид self-fulfilling prophecy буюу биелэлдээ хүрдэг зөгнөлийн онол гэж бий. Үүнийг амны билгээс ашдын билэг эсвэл муу амлаад байвал тэр нь биелдэг гэх хэлц үгсээр илэрхийлж болох юм.
Энэхүү онолыг хөрөнгийн зах зээл, банк-санхүү, түүнчлэн макро эдийн засгийг тайлбарлахад ашигладаг. Нэг жишээ байдаг юм. Ширүүн бороотой өдөр хэсэг хүмүүс норохоос сэрэмжлэн байшингийн хана налан эгнэн зогсчээ. Тус байшинд нэг банк байрладаг байж. Тохиолдлын гэмээр эсвэл санамсаргүйгээр л тэгж таарч. Гэтэл гудамжны эсрэг талд байрлах орон сууцны оршин суугч тэдгээр хүнийг хараад зүсэр бороог үл ажран банкинд дугаарлаж байхыг бодвол их л чухал хэрэг гарч дээ гэж бодож. Ингээд ах дүү, хамаатан садан, найз нөхөд рүүгээ утас цохиж “энд нэг банк хямарч байх шиг байна. Хүмүүс хадгаламжаа авах гээд урт дараалал үүсгэсэн байна” гэж дуулгаж гарчээ. Уг яриа түймэр адил хотоор нэг тарав. Ингээд хүн бүр хадгаламжаа авахаар тус банк руу нэгэн зэрэг гүйлдсэнээр эдийн засгийн шинжлэх ухаанд bank run гэж нэрлэгдэх үзэгдэл болж, тус банк дампуурчээ.
Эдийн засагч Кейнс 1936 онд animal spirit буюу сүргийн сэтгэхүй хямралд хэрхэн нөлөөлдөг тухай бичиж байж. Түүнийхээр бол хэдий компаниудын ашиг өндөр, хувьцааны өгөөж сайн байлаа ч ямар нэг шалтгаанаар иргэд, хөрөнгө оруулагчид зохиомол хямралаас айгаад эхлэх юм бол амьтанлаг шийдвэр гаргаж, сүргээрээ том ангал руу шахалдан хуйларч, бүгд хамтдаа унах эрсдэлтэйг сануулж байж.
Өнөөдөр дэлхийн ихэнх оронд нийгмийн хүлээлт ба эдийн засгийн хөгжлийн уялдаа холбоог удирдах тогтолцоо, жишиг нь аль хэдийнэ мэргэжлийн түвшинд хүрсэн байна.Brexit буюу Европын холбооноос Их Британи гарч буй үйл явцаар жишээ авъя. Шинээр томилогдсон Ерөнхий сайд нь ажил хүлээлцэх үйл явцыг зөв удирдахаас эхэллээ. Өмнөхөө муулсангүй. Хэвлэл мэдээллээр нь Англиас ч илүү хүнд нөхцөлд байгаа орнуудын талаар мэдээ, нийтлэл түлхүү яваад л. Ер нь масс нэг сард хоёроос дээш чухал асуудал (скандал) хүлээж авах багтаамжгүй гэх судалгаа байдаг аж. Тэгэхээр энэ хоёр асуудлын нэг нь мэдээж Италийн банкууд хэрхэн дампуурах гэж буй тухай, хоёр дахь нь бас л олон улсын сэдэв. Үүнд, Сири дэх Оросын “хүчирхийлэл”, Клинтон, Трамп хоёрын хоорондын хэрүүл гэх зэрэг. Олны анхаарлыг өөр тийш нь залсаны хүчээр англичууд хамгийн эгзэгтэй 2-3 долоо хоногтоо ядаж л сандарч үймж, эдийн засгаа улам ч унагасангүй. Энэ хооронд нь харин ч нэгэнт гарсан шийдвэрээсээ хамгийн сайн үр дүнд хүрэх төлөвлөгөө боловсруулах цагийг бодлого боловсруулагч хийгээд бизнесийнхэн хаа хаанаа хожив.
Мэргэжлийн байх гэж үүнийг л хэлж байгаа юм. Манай хойд болон өмнөд хөршид ч ажил хүлээлцэх үйл явцыг удирдах талаар арвин туршлагатай. Харамсалтай нь ардчилсан оронд хуулбарлах боломж хомс учир үүгээр зогсох нь зүйтэй.
Монголд байдал ямар байна вэ?
2016 оны УИХ-ын болоод орон нутгийн хоёр сонгуулийн хооронд юу болоод өнгөрөв? Сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газар маань мэргэжлийн гэх тодотголтой аж. Харин эдийн засаг, гадаад дотоодын зах зээлд өгч буй дохио, мессежүүд нь мэргэжлийн байж чадсангүй. Өрөөр айлгах улс төрийн сонгуулийн тактикаар төрийн мөнгө, төсвийн бодлогыг үргэлжлүүлэх гэж муйхраар оролдов. Зах зээл ч дор нь тохирох хариу барив. Долларын ханш чөлөөтөөр унаж, Монголын зээлжих зэрэглэл доошлов.
“Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ” гэгчээр бодлогын хүүг огцом өсгөх, хөтөлбөрүүд зогсоох(эдийн засгийн эрэлтийг мөнгөөр тэтгэж байсан судсуудыг таслах), татвар нэмэх, тэтгэмж бууруулах, төрийн албан хаагчдыг хоморголон халах, хүүхэд залуусын мөнгийг хумих, банк болон иргэдийн дунд тогтсон итгэлцэлд сэв суулгах зэрэг арга хэмжээ авав. Тэгсэн атлаа төсвийн тодотгол дээр зардлыг бууруулах биш харин ч өсгөх тухай ярих нь зах зээлийг асар том эргэлзээнд оруулав. ОУВС-гийн хатуу хөтөлбөр, Хятадын банкны зөөлөн зээл гэх зэрэг сонголт гаргаж ирээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг өөх ч биш, булчирхай ч биш байдал нь горьдлого дүүрэн харцаар харж байсан хөрөнгө оруулагчдыг нэгмөсөн үргээж орхилоо.
Шинэ Засгийн газрын хамгийн сайн хийсэн ажил нь өмнөх Засгийн газраа муулахын тулд ард иргэдийг хямралаар айлгах л байлаа. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хорь хувь хүрлээ, энэ байдлаараа далан хувьд хүрэх нь, валютын нөөц хасах 400 сая хүрлээ зэрэг мэдэгдлүүдээр үндэсний болон гадаадын хэвлэлүүд хангалттай шуугилаа. Монгол Улсын эдийн засаг хямарч байна, төсвийн алдагдал хяналтаас гарлаа гэх зэргээр суртал ухуулгыг мандуулан хийлээ.
Уг нь эдийн засгийн бодит өсөлт нь 2-3 улирал дараалан хасах үзүүлэлтэй гарч, ДНБ нь өнөөдрийн ОХУ, Бразил гэх мэт орных шиг агшиж байвал эдийн засгийн хямрал гэж үздэг. Манай улсын хувьд 2009 оныг эс тооцвол сүүлийн жилүүдэд дандаа л эерэг үзүүлэлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бодит хямрал болоогүй гэсэн үг. Гэтэл Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч хоёр нь зохиомол хямралаар айлгаад байхаар юунд хүрэх вэ гэвэл “Биелэлдээ хүрдэг зөгнөл” (self-fulfilling prophecy) гэсэн бэлэн хариу байна.
Монгол төгрөг бол үндэсний мөнгөн тэмдэгт. Монгол төрийн төсөв бол ард түмний төсөв. Зах зээл өөрөө ч тэр ард түмний өмч, ард түмний талхаа олж иддэг талбар. Энэ зах зээлийг зохицуулагчдын үг эдийн засгийг залуурдаж байдаг. Залуур атгаж буй хүмүүст бүлгийн, намын, сонгуулийн жижиг эрх ашигт үйлчлэх ёс суртахууны эрх байхгүй. Учир нь мессежийн эдийн засагт мэргэжлийн бус үг, үйлдэл бүрийн төлөөсийг зах зээл, бизнес эрхлэгчид төлдөг юм.