2017-04-14

ТӨСВИЙГ ХЯНАН ШАЛГАХ МОНГОЛ ХОРОО! АМЖИХ УУ?


АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Трамп Обамакейр хэмээн алдаршсан нийгмийн халамжийн хуулийг өөрчлөх төслөө зарлав. Улс төр талаас нь харвал энэхүү үйлдэл нь Либерал үзэл баримтлалтай Ардчилсан намын хийсэн ажлыг Консерватив чиг бүхий Бүгд найрамдах нам “баллуурдаж” буй мэт. Энэ маргаанд Конгрессионэл Бюджет Оффис хэмээх байгууллага ‘оролцож’ Трампийн санал болгож буй өөрчлөлтийн үр дүнд 24 сая АНУ-ын иргэн эрүүл мэндийн даатгалгүй болно гэсэн тооцоог танилцуулснаар хэвлэл мэдээлэл болоод олон нийтийн дунд том маргаан, хэлэлцүүлгийг эхлүүлэв. 

Тэгвэл энэ Конгрессионэл Бюджет Оффис (КБО) гэдэг нь тэгвэл ямар учиртай  газар вэ? Тус оффис нь 1974 онд төсвийн бодлого болон хуулиудын эдийн засгийн үр нөлөөний талаар хараат бус, хөндлөнгийн дүгнэлт гаргаж улмаар хууль тогтоогчид болоод олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор байгуулагджээ. Мөн бие даасан хуулиар хамгаалагдсан, Засгийн газраас хараат бус, улс төрийн бус байгууллага аж. Жилийн төсөв нь 50 орчим сая доллар бөгөөд 250 орчим ажиллагсадтай гэнэ.

Ер нь улс төрийн намуудын хооронд үүсдэг өрсөлдөөний сөрөг нөлөөнөөс олон нийтийн эрх ашгийг, цаашлаад төрийн бодлогыг хамгаалахад чиглэдэг мэргэшсэн байгууллагыг хамгийн анх Голланд улс (1945 онд) Эдийн засгийн бодлогын шинжилгээний товчоо нэртэйгээр байгуулж байж. Дараа нь Япон (1950), Дани (1962), Герман (1963), АНУ (1974) гэж явсаар ардчилал хөгжсөн, эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй бараг бүх улсад түгжээ. 

Төсвийн хянан шалгах хороо хэрэгтэй.

Өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн утга агуулга нэгэнт алдагджээ. Улс төрчдийн мөрөөдөл, тэдний “ард түмнээ хайрлах хайр”-ыг төсөв маань даахаа больж. Жил, жилийн улс орны төсөв маань хэдхэн хүний монополь эрх мэдэл дор төлөвлөгдөж, батлагдаж, хэрэгжиж бас хянагдаж байна. Дахин сонгогдох хүсэлтэй улс төрчид дээр нь Сангийн яамны хэдэн мэргэжилтнүүдийн дунд л төсвийн хувь заяа шийдэгдэж ирлээ. Сонирхлын зөрчил ба бодлогын хяналтын талаар яриад ч хэрэггүй.

Үр дүнд нь жил ирэх бүр төсөв маань данхайж томорсоор, алдагдал нь өссөөр байгаа юм. Энэ их алдагдлыг өрөөр хааж ирсэн учир Грек, Венесуэл, Аргентин зэрэг улсуудын адил өрийн ангалд унахад ойрхон байна. Нэгэнт ийм ангалд унавал хэдэн үеэрээ золиослогдох болно гэдгийг ч эдгээр орнуудын жишээ бэлээхэн харуулж буй юм.

Өнөөдөр бид хууль бус ашигт малтмал эрхлэгчдийг (нинжа нарыг) зөвхөн өнөөдрөөр амьдардаг, байгаль орчны бохирдуулдаг, ирээдүй хойч үеийнхээ уух усыг сүйтгэдэг  хувиа бодогсод гэж буруутгадаг. Тэгвэл тэднээс дутахгүй хор уршгийг төсөв батлах нэрийн дор хийдэг кнопын наймаагаар мэргэшиж буй УИХ учруулах болжээ.

Ийм учраас кнопчдын бөөгнүүлсэн эрх мэдлийг буцааж иргэдэд нь өгөхийн тулд, сонгуулизмаас зайлсхийхийн тулд Монгол Улсад маань АНУ-ын КБО шиг, Германы Цэцдийн зөвлөл шиг байгууллага хэрэгтэй байна.


Хороог зөв бүрдүүлж тогтвортой ажиллуулах нь амжилтын баталгаа.

Монголчуудын хувьд Засгийн газар ба УИХ-т итгэх итгэл сул болжээ. Ажлын байрыг дэмжсэн, эдийн засгийг тогтворжуулсан, хөрөнгө оруулалтыг татсан урт хугацааны (Төрийн) сайн бодлого явуулахын оронд зөвхөн дахиж сонгогдох, өрсөлдөгч намаа муухай харагдуулах гэсэн явцуу , улс төржсөн (Намын) муу бодлогыг баримталж буй нь гол шалтгаан болж байна.
Одоо тэгвэл бодлогыг бодлогынхонд өгөх цаг болж. Ингэхдээ анхнаас зөв хийхгүй бол бас л улс төрчдийн томилгоо, уяачдын холбооны төлөөлөл болоод дуусна. Ардчилсан, хөгжингүй орнуудын туршлагаас харахад дараах зүйлүүд дээр их анхаарсан байна. Үүнд,  Ажиллах боловсон хүчин сайн байх. Хуулийн хамгаалалттай байх. Дээр нь цалин хангамж өндөр байна. Бүтэц бүрэлдэхүүн, эрх мэдлийн хувьд бие даасан бөгөөд Засгийн газар болон УИХ–аас хараат бус байх нь түгээмэл. Төсвийн таамаглал хийх өндөр ур чадвартай, дээр олон нийтийн хяналт, олон нийтийн хэлэлцүүлгийг зөв зохион байгуулдаг институт байх ёстой.

Одоо юу? 2020 оны сонгуулийн дараа юу?

Өнөөдрийн УИХ ба Засгийн газрын хурд туйлын удаан байна. Эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр баталсан боловч хэрэгжиж буй зүйл алга. Удаан байдлын (буюу эс үйлдэхүйн)  төлөөсийг  алдагдсан боломжийн өртөг гэж үзэн тооцох юм бол жилд хэдэн зуун тэрбум төгрөгийн бизнес хөгжих, олон зуун ажлын байр бий болгох боломжийг үгүй хийсээр байна гэдгийг нь хялбар тооцоолох боломжтой.  УИХ-ын баталсан алдарт “эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн дүнг дөрвөн жилд эсхүл 48 сард хуваахад баримжаа тоо гарна.

Хоёрдугаарт, Шилэн дансаа ч хөтлөхгүй байгаагаас нь үзэхэд энэ УИХ ба ЗГ-ын үед ийм төсвийн хяналтын хороотой болох магадлал нэн бага.

Гэхдээ нэг найдвар байгаа нь ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ийм хороог “хүчээр” байгуулж болох юм. Ингэхдээ цоо шинээр бие даасан хууль баталж болно. Эсвэл шинээр байгуулахгүйгээр харин нэгэнт хөлөө олсон Стратегийн судалгааны хүрээлэн, Үндэсний аудитын газар зэрэг төрийн байгууллагуудын чиг үүргийг өөрчилж болох юм.

Өөр нэг боломж нь 2020 оны сонгуулийн дараа шуурхай, сэтгэлтэй, ард түмэнд эрх мэдлийг нь буцааж өгөх чин эрмэлзэлтэй улс төрийн хүчин ялсан тохиолдолд  дэлхийн жишигт хүрсэн Хяналтын хороог байгуулна.

Хэрэв заавал улс төрчдийн гарыг харахгүйгээр эсвэл сонгуулийн үр дүнг хүлээхгүй гэвэл Худалдаа аж үйлдвэрийн танхим, нээлттэй нийгэм форум, бизнесийн зөвлөл, монголын эдийн засгийн форум, мэргэжлийн холбоод, сонин сэтгүүлүүд нийлж ийм байгууллага байгуулах боломж бий. Гэхдээ хуулийн хамгаалалт үгүй тохиолдолд амжилтад хүрэх магадлал муу.

Эцэст нь дүгнэхэд, Зөвлөлдөх ардчиллын зарчим дор Олон нийтийн хэлэлцүүлэг хийх, төсвийн сахилга бат хийгээд өрийн хязгаарын биелэлтийг хянах чиг үүрэг бүхий  хөндлөнгийн, манаачийг манадаг, чадварлаг мэргэшсэн Хороотой болсноор олон нийтийн итгэлийг даасан, ил тод, төсвийн бодлогын орчныг бүрдүүлэхэд хувьсгал болно.

2017-02-20

2008 оны сонгуулийн амлалтууд


2008 оны сонгуулийн дараа хийж байсан таамаглалаа презентаци хэлбэрээр оруулав.

татах линк ЭНД дар

Ялангуяа слайд 19-т төсвөөс давсан амлалтын тухай оруулсан. Энэ нь тухайн үед аль нэг стратегийн ордоо гадны хөрөнгө оруулалт нэрээр "зарах" замаар л биелэх боломжтой байв. Мөн инфляци ба бусад хүндрэлийг үүсгэнэ гэж үзэж байлаа.

2017-01-24

Бадарчингийн эрэлд 2017


  Монголчууд бид “хонх нь дуугарвал дамар нь таг хоёулаа дуугарвал лам нь таг” гэсэн зүйр цэцэн үгээр ажил хэргээ зохицуулж, нийлүүлж чаддаггүй, ажил хэрэг бүтэлгүйтэх гэсэн санааг илэрхийлсээр иржээ.

          Орчин үеийн эдийн засагт мөнгө-валютын зах зээлд ч энэ үгийг ашиглаж болохоор байгаа юм. Хонх гэдэг нь Хятад тэргүүтэй улсын дэлхийн зах зээл дэх манай алт, зэс, нүүрсний экспортын үнэ гэж зүйрлэе. Харин Дамар гэдгээр манай алт, зэс, нүүрс үйлдвэрлэгчдийг төлөөлүүлье. Лам нь харин Монголбанк болоод Сангийн яам гэж үзэж болно. Амьдрал дээр лам хүн сүсэгтэн олны сэтгэл санааг засах гэж л бурханы ном уншдаг биз.  Харин Монголбанк болоод Сангийн яамны туйлын зорилго нь улс эх орны  эдийн засаг хүчирхэг, татварын орлого зохистой, мөн төгрөгийн ханш маань тогтвортой байхад орших билээ. 

            Манай төсөв-мөнгөний бодлогын буюу ер нь эдийн засгийн номлол их энгийн байх боломжтой. Энэ номлолыг “хос тэнцвэр” гэж томьёолж болно. Төсвийн тэнцэл ба Төлбөрийн тэнцэл (гадаад худалдаа ба хөрөнгө оруулалтын урсгал) хоёр маань алдагдалгүй байх ёстой. Лам багш маань энэ хоёр тэнцвэрийг хангаж чадвал эдийн засаг хүчирхэгжих бөгөөд зон олны амьдрал ч төвшин амгалан байх юм.

            Харамсалтай нь Монголд маань эдийн засгийн эрүүл бодлого биш харин улс төрийн өрсөлдөгч хүчнүүдийн сонгуульжсан бодлого хэрэгжих болсон байна. Лам маань бурханы номоо уншихын оронд буруу зөрүү улс төржсөн мэдэгдэл гаргаж суудаг цөвүүн цаг ирэв.

Ирэх жил буюу 2017 онд байдал ямар байх бол?

             Миний бодлоор, 2012-2015 онуудад тохиосон үнийн их уналт бүхий үетэй харьцуулахад гарч буй тахиа жилд хонх дамар хоёр нь сайн дуугарах (ажиллах) төлөв байна. Ирэх оны хандлага өнгөлөг байна. Харин Лам маань ямар номоо уншдаг бол гэдэг нь хамгийн их нөлөө үзүүлэхээр байна.

ЗЭС: Гал Тахиа жилд улаан метал болох зэсийн үнэ тогтвортой байна гэж ихэнх судалгааны байгууллагууд таамаглаж байна. Дэлхийн зах зээл дээр үүсээд буй нийлүүлэлтийн илүүдэл хэвээр үргэлжилнэ. БНХАУ-ын төрийн өмчит Чиналкогийн хүч бяр нэмэгдсээр байгаагийн жишээ нь Перу дахь төслөө амжилттай хэрэгжүүлж үйлдвэрлэлийн үе шатандаа шилжүүлснээс нь харж болно. Энэ мэтчилэн нийлүүлэлт өссөөр байх нь манайд ашиггүй. 2018 онд үнэ өсөх магадлал сул. Төслүүд зардлаа бууруулж эсвэл зогсоож байгаа хэдий ч БНХАУ-ын бодлогын нөлөөгөөр нийлүүлэлт өссөөр байх энэ хандлага үргэлжилбээс 2018 онд зэсийн үнэ одоогийнхоос өсөхгүй харин ч унах магадлал бий. Харин 2019 оноос л эрэлт нь нийлүүлэлтээсээ давснаар зэсийн үнэ эргээд өсөх нигууртай.



  Олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагуудын таамаглалаас үзэхэд Зэсийн үнэ ирэх жилүүдэд тонн тутамд 5000 орчим ам долларт тогтворжихоор байна. Тиймээс манай улс энэ үнэ дотор зардлаа бууруулах замаар л өрсөлдөх чадвараа хадгалж үлдэнэ. Тэгээд ч  Хятад хэмээх хажууд байгаа асар том зах зээл дээр тоглолт хийж чадаж байхад л хангалттай.

НҮҮРС:  Гал улаан тахиа жил маань хар нүүрсэнд таагүй байх төлөвтэй. Нүүрсний үнэ огцом унасан сүүлийн жилүүдэд ихэнх үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ бууруулсан, төслүүдээ зогсоосон. Ингэснээр зэсээс ялгаатай нь нийлүүлэлтийн хомсдол үүсчээ. Өөрөөр хэлбэл дэлхий дээр нийт хэрэглээнээс бага хэмжээгээр нүүрс олборлож баяжуулж байна. Эрэлт нь нийлүүлэлтээсээ давжээ. Энэ нь 2016 оны нүүрсний үнийн өсөлтөд нөлөөлсөн болов уу. Мөн нүүрсийг хэрэглээнээс шахан гаргах дэлхий нийтийн санаачлага хүчээ авч байгааг анхаарах хэрэгтэй. Өмнөд хөрш маань агаарын бохирдол, хөрсний сүйдэл зэргээс шалтгаалж нүүрсний уурхайнуудаа олноор нь хааж байна. Мөн жилд ажиллах өдрийн тоог нь хүчээр тогтоох зэргээр үйлдвэрлэлийг нь бууруулж болох бүхий л арга хэмжээг авч байгаа юм. Энэ нь гэхдээ ган үйлдвэрлэгчдийн хувьд хүндээр тусч байгаа нь илэрхий. Хятадын ган үйлдвэрлэгчид улам бүр импортын
(коксжих) нүүрснээс хараат болсоор байгаа юм.
  


  Олон улсын байгууллагуудын үзэж байгаагаар 2016-2017 онд тохиосон нүүрсний үнийн өсөлт удаан хадгалагдахгүй байх магадлал өндөр аж. Ялангуяа Хятадын эдийн засгийн өсөлт саарч болзошгүй шинж тэмдэг илрэх болсонтой холбоотойгоор нүүрсний үнэ 2018 онд буурна гэсэн таамаглал бий.

АЛТ: 2016 он шар алтны хувьд харьцангуй сайн жил болж өнгөрлөө. Хэдий 2011-2012 оны оргил үедээ эргэж хүрээгүй ч бас ч гэж чамлахааргүй өсөлтийг үзүүллээ. Алтыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаас гадна өртөг хадгалах, мөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үзэн хэрэглэдэг. Тэгвэл 2016 он нь таамаг эвдсэн санал хураалт, сонгуулиудаар дүүрэн болж өнгөрлөө. Популистууд хаа сайгүй ялалт байгуулсаар байгаа нь зах зээлийг сандралд оруулсан бөгөөд үр дүнд нь “алт бол шуурганаас хоргодох хамгийн найдвартай арал” юм гэх хандлага эргээд хүчээ авлаа. Их Британи Европын холбооноос гарсан, Трампийн ялалт зэрэг үйл явдлууд алтны үнийн өсөлтөд нөлөөлжээ. Гэвч алтны хувьд нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан байгаа учир үнэ төдийлөн өсөхгүй.


 Шинжээчдийн таамаглаж буйгаар алтны үнэ ойрын жилүүдэд 1400 (ам.доллар/унц) орчим тогтворжих бололтой. Манай улсын хувьд алтны салбараа дэмжих нь эдийн засгийн хямралаас хурдан гарах хамгийн бодитой гарц байх болно.

Бадарчин байна уу, зээлээч?!


    2012-2014 онд хонх маань таг болоод байсныг бодвол, 2016-2017 онд зэс, нүүрс, алтны үнэ бага зэрэг сэргэх, улмаар тогтворжих хандлага байна. Манай улс дотоод нөөц боломжоо дайчлаад, Төмөр зам, Гацуурт, Тавантолгойгоо ашиглаад хямралаас гарах боломж байна. Гэтэл нутгийн Лам багш маань гаднаас өөр Бадарчин хайх тухай л яриад байх аж. ОУВС, БНХАУ, ОХУ, АНЭУ гэх зэрэг түншүүддээ хандаж “Лам олдохгүй бол буцахдаа залах” уулзалт хийгээд яваад байна. “Олон туулай хөөсөн анчин хоосон хоцордог” гэх ардын зүйр үг бий.


2017-01-12

Чөлөөт зах зээл ба түүний дайснууд



Өнөөдөр АН-ын Үзэл баримтлалын ажлын хэсэг ба Дүрмийн ажлын хэсгээс зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож  "Чөлөөт зах зээл ба түүний дайснууд" гэсэн сэдвээр илтгэл тавив.

Презентац болон тайлбарыг энд оруулав. Линк:

Презентаци  (pdf, 1.4 MB)


Текст (pdf, 595 KB)