Монголчууд бид “хонх нь дуугарвал дамар нь таг хоёулаа
дуугарвал лам нь таг” гэсэн зүйр цэцэн үгээр ажил хэргээ зохицуулж, нийлүүлж чаддаггүй, ажил хэрэг бүтэлгүйтэх
гэсэн санааг илэрхийлсээр иржээ.
Орчин үеийн эдийн засагт мөнгө-валютын зах зээлд ч энэ үгийг ашиглаж
болохоор байгаа юм. Хонх гэдэг нь Хятад тэргүүтэй улсын дэлхийн зах зээл дэх
манай алт, зэс, нүүрсний экспортын үнэ гэж зүйрлэе. Харин Дамар гэдгээр манай
алт, зэс, нүүрс үйлдвэрлэгчдийг төлөөлүүлье. Лам нь харин Монголбанк болоод
Сангийн яам гэж үзэж болно. Амьдрал дээр лам хүн сүсэгтэн олны сэтгэл санааг
засах гэж л бурханы ном уншдаг биз. Харин Монголбанк болоод Сангийн яамны туйлын
зорилго нь улс эх орны эдийн засаг хүчирхэг,
татварын орлого зохистой, мөн төгрөгийн ханш маань тогтвортой байхад орших
билээ.
Манай төсөв-мөнгөний бодлогын буюу ер нь эдийн засгийн номлол их энгийн
байх боломжтой. Энэ номлолыг “хос тэнцвэр” гэж томьёолж болно. Төсвийн тэнцэл
ба Төлбөрийн тэнцэл (гадаад худалдаа ба хөрөнгө оруулалтын урсгал) хоёр маань алдагдалгүй
байх ёстой. Лам багш маань энэ хоёр тэнцвэрийг хангаж чадвал эдийн засаг
хүчирхэгжих бөгөөд зон олны амьдрал ч төвшин амгалан байх юм.
Харамсалтай нь Монголд маань эдийн засгийн эрүүл бодлого биш харин улс
төрийн өрсөлдөгч хүчнүүдийн сонгуульжсан бодлого хэрэгжих болсон байна. Лам
маань бурханы номоо уншихын оронд буруу зөрүү улс төржсөн мэдэгдэл гаргаж
суудаг цөвүүн цаг ирэв.
Ирэх жил буюу 2017 онд байдал ямар байх бол?
Миний бодлоор, 2012-2015 онуудад тохиосон үнийн их уналт бүхий үетэй
харьцуулахад гарч буй тахиа жилд хонх дамар хоёр нь сайн дуугарах (ажиллах)
төлөв байна. Ирэх оны хандлага өнгөлөг байна. Харин Лам маань ямар номоо уншдаг
бол гэдэг нь хамгийн их нөлөө үзүүлэхээр байна.
ЗЭС: Гал Тахиа жилд улаан метал болох зэсийн үнэ тогтвортой байна гэж ихэнх
судалгааны байгууллагууд таамаглаж байна. Дэлхийн зах зээл дээр үүсээд буй нийлүүлэлтийн илүүдэл хэвээр үргэлжилнэ.
БНХАУ-ын төрийн өмчит Чиналкогийн хүч бяр нэмэгдсээр байгаагийн жишээ нь Перу
дахь төслөө амжилттай хэрэгжүүлж үйлдвэрлэлийн үе шатандаа шилжүүлснээс нь харж
болно. Энэ мэтчилэн нийлүүлэлт өссөөр байх нь манайд ашиггүй. 2018 онд үнэ өсөх
магадлал сул. Төслүүд зардлаа бууруулж эсвэл зогсоож байгаа хэдий ч БНХАУ-ын
бодлогын нөлөөгөөр нийлүүлэлт өссөөр байх энэ хандлага үргэлжилбээс 2018 онд
зэсийн үнэ одоогийнхоос өсөхгүй харин ч унах магадлал бий. Харин 2019 оноос л
эрэлт нь нийлүүлэлтээсээ давснаар зэсийн үнэ эргээд өсөх нигууртай.
Олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагуудын таамаглалаас үзэхэд Зэсийн үнэ ирэх жилүүдэд тонн тутамд 5000 орчим ам долларт тогтворжихоор байна. Тиймээс манай улс энэ үнэ дотор зардлаа бууруулах замаар л өрсөлдөх чадвараа хадгалж үлдэнэ. Тэгээд ч Хятад хэмээх хажууд байгаа асар том зах зээл дээр тоглолт хийж чадаж байхад л хангалттай.
НҮҮРС: Гал улаан тахиа жил маань хар нүүрсэнд таагүй байх төлөвтэй. Нүүрсний үнэ огцом унасан сүүлийн жилүүдэд ихэнх үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ бууруулсан, төслүүдээ зогсоосон. Ингэснээр зэсээс ялгаатай нь нийлүүлэлтийн хомсдол үүсчээ. Өөрөөр хэлбэл дэлхий дээр нийт хэрэглээнээс бага хэмжээгээр нүүрс олборлож баяжуулж байна. Эрэлт нь нийлүүлэлтээсээ давжээ. Энэ нь 2016 оны нүүрсний үнийн өсөлтөд нөлөөлсөн болов уу. Мөн нүүрсийг хэрэглээнээс шахан гаргах дэлхий нийтийн санаачлага хүчээ авч байгааг анхаарах хэрэгтэй. Өмнөд хөрш маань агаарын бохирдол, хөрсний сүйдэл зэргээс шалтгаалж нүүрсний уурхайнуудаа олноор нь хааж байна. Мөн жилд ажиллах өдрийн тоог нь хүчээр тогтоох зэргээр үйлдвэрлэлийг нь бууруулж болох бүхий л арга хэмжээг авч байгаа юм. Энэ нь гэхдээ ган үйлдвэрлэгчдийн хувьд хүндээр тусч байгаа нь илэрхий. Хятадын ган үйлдвэрлэгчид улам бүр импортын (коксжих) нүүрснээс хараат болсоор байгаа юм.
Олон улсын байгууллагуудын үзэж байгаагаар 2016-2017 онд тохиосон нүүрсний
үнийн өсөлт удаан хадгалагдахгүй байх магадлал өндөр аж. Ялангуяа Хятадын эдийн
засгийн өсөлт саарч болзошгүй шинж тэмдэг илрэх болсонтой холбоотойгоор
нүүрсний үнэ 2018 онд буурна гэсэн таамаглал бий.
АЛТ: 2016 он шар алтны хувьд харьцангуй сайн жил болж өнгөрлөө. Хэдий 2011-2012
оны оргил үедээ эргэж хүрээгүй ч бас ч гэж чамлахааргүй өсөлтийг үзүүллээ.
Алтыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаас гадна өртөг хадгалах, мөн хөрөнгө
оруулалтын хэрэгсэл гэж үзэн хэрэглэдэг. Тэгвэл 2016 он нь таамаг эвдсэн санал
хураалт, сонгуулиудаар дүүрэн болж өнгөрлөө. Популистууд хаа сайгүй ялалт
байгуулсаар байгаа нь зах зээлийг сандралд оруулсан бөгөөд үр дүнд нь “алт бол
шуурганаас хоргодох хамгийн найдвартай арал” юм гэх хандлага эргээд хүчээ
авлаа. Их Британи Европын холбооноос гарсан, Трампийн ялалт зэрэг үйл явдлууд
алтны үнийн өсөлтөд нөлөөлжээ. Гэвч алтны хувьд нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан
байгаа учир үнэ төдийлөн өсөхгүй.
Шинжээчдийн таамаглаж буйгаар алтны үнэ ойрын жилүүдэд 1400 (ам.доллар/унц) орчим тогтворжих бололтой. Манай улсын хувьд алтны салбараа дэмжих нь эдийн
засгийн хямралаас хурдан гарах хамгийн бодитой гарц байх болно.
Бадарчин байна уу, зээлээч?!
2012-2014 онд хонх маань таг болоод байсныг бодвол, 2016-2017 онд зэс,
нүүрс, алтны үнэ бага зэрэг сэргэх, улмаар тогтворжих хандлага байна. Манай улс
дотоод нөөц боломжоо дайчлаад, Төмөр зам, Гацуурт, Тавантолгойгоо ашиглаад
хямралаас гарах боломж байна. Гэтэл нутгийн Лам багш маань гаднаас өөр Бадарчин
хайх тухай л яриад байх аж. ОУВС, БНХАУ, ОХУ, АНЭУ гэх зэрэг түншүүддээ хандаж “Лам
олдохгүй бол буцахдаа залах” уулзалт хийгээд яваад байна. “Олон туулай хөөсөн
анчин хоосон хоцордог” гэх ардын зүйр үг бий.