2017-04-14

ТӨСВИЙГ ХЯНАН ШАЛГАХ МОНГОЛ ХОРОО! АМЖИХ УУ?


АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Трамп Обамакейр хэмээн алдаршсан нийгмийн халамжийн хуулийг өөрчлөх төслөө зарлав. Улс төр талаас нь харвал энэхүү үйлдэл нь Либерал үзэл баримтлалтай Ардчилсан намын хийсэн ажлыг Консерватив чиг бүхий Бүгд найрамдах нам “баллуурдаж” буй мэт. Энэ маргаанд Конгрессионэл Бюджет Оффис хэмээх байгууллага ‘оролцож’ Трампийн санал болгож буй өөрчлөлтийн үр дүнд 24 сая АНУ-ын иргэн эрүүл мэндийн даатгалгүй болно гэсэн тооцоог танилцуулснаар хэвлэл мэдээлэл болоод олон нийтийн дунд том маргаан, хэлэлцүүлгийг эхлүүлэв. 

Тэгвэл энэ Конгрессионэл Бюджет Оффис (КБО) гэдэг нь тэгвэл ямар учиртай  газар вэ? Тус оффис нь 1974 онд төсвийн бодлого болон хуулиудын эдийн засгийн үр нөлөөний талаар хараат бус, хөндлөнгийн дүгнэлт гаргаж улмаар хууль тогтоогчид болоод олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор байгуулагджээ. Мөн бие даасан хуулиар хамгаалагдсан, Засгийн газраас хараат бус, улс төрийн бус байгууллага аж. Жилийн төсөв нь 50 орчим сая доллар бөгөөд 250 орчим ажиллагсадтай гэнэ.

Ер нь улс төрийн намуудын хооронд үүсдэг өрсөлдөөний сөрөг нөлөөнөөс олон нийтийн эрх ашгийг, цаашлаад төрийн бодлогыг хамгаалахад чиглэдэг мэргэшсэн байгууллагыг хамгийн анх Голланд улс (1945 онд) Эдийн засгийн бодлогын шинжилгээний товчоо нэртэйгээр байгуулж байж. Дараа нь Япон (1950), Дани (1962), Герман (1963), АНУ (1974) гэж явсаар ардчилал хөгжсөн, эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй бараг бүх улсад түгжээ. 

Төсвийн хянан шалгах хороо хэрэгтэй.

Өнөөдөр Монгол Улсын нэгдсэн төсвийн утга агуулга нэгэнт алдагджээ. Улс төрчдийн мөрөөдөл, тэдний “ард түмнээ хайрлах хайр”-ыг төсөв маань даахаа больж. Жил, жилийн улс орны төсөв маань хэдхэн хүний монополь эрх мэдэл дор төлөвлөгдөж, батлагдаж, хэрэгжиж бас хянагдаж байна. Дахин сонгогдох хүсэлтэй улс төрчид дээр нь Сангийн яамны хэдэн мэргэжилтнүүдийн дунд л төсвийн хувь заяа шийдэгдэж ирлээ. Сонирхлын зөрчил ба бодлогын хяналтын талаар яриад ч хэрэггүй.

Үр дүнд нь жил ирэх бүр төсөв маань данхайж томорсоор, алдагдал нь өссөөр байгаа юм. Энэ их алдагдлыг өрөөр хааж ирсэн учир Грек, Венесуэл, Аргентин зэрэг улсуудын адил өрийн ангалд унахад ойрхон байна. Нэгэнт ийм ангалд унавал хэдэн үеэрээ золиослогдох болно гэдгийг ч эдгээр орнуудын жишээ бэлээхэн харуулж буй юм.

Өнөөдөр бид хууль бус ашигт малтмал эрхлэгчдийг (нинжа нарыг) зөвхөн өнөөдрөөр амьдардаг, байгаль орчны бохирдуулдаг, ирээдүй хойч үеийнхээ уух усыг сүйтгэдэг  хувиа бодогсод гэж буруутгадаг. Тэгвэл тэднээс дутахгүй хор уршгийг төсөв батлах нэрийн дор хийдэг кнопын наймаагаар мэргэшиж буй УИХ учруулах болжээ.

Ийм учраас кнопчдын бөөгнүүлсэн эрх мэдлийг буцааж иргэдэд нь өгөхийн тулд, сонгуулизмаас зайлсхийхийн тулд Монгол Улсад маань АНУ-ын КБО шиг, Германы Цэцдийн зөвлөл шиг байгууллага хэрэгтэй байна.


Хороог зөв бүрдүүлж тогтвортой ажиллуулах нь амжилтын баталгаа.

Монголчуудын хувьд Засгийн газар ба УИХ-т итгэх итгэл сул болжээ. Ажлын байрыг дэмжсэн, эдийн засгийг тогтворжуулсан, хөрөнгө оруулалтыг татсан урт хугацааны (Төрийн) сайн бодлого явуулахын оронд зөвхөн дахиж сонгогдох, өрсөлдөгч намаа муухай харагдуулах гэсэн явцуу , улс төржсөн (Намын) муу бодлогыг баримталж буй нь гол шалтгаан болж байна.
Одоо тэгвэл бодлогыг бодлогынхонд өгөх цаг болж. Ингэхдээ анхнаас зөв хийхгүй бол бас л улс төрчдийн томилгоо, уяачдын холбооны төлөөлөл болоод дуусна. Ардчилсан, хөгжингүй орнуудын туршлагаас харахад дараах зүйлүүд дээр их анхаарсан байна. Үүнд,  Ажиллах боловсон хүчин сайн байх. Хуулийн хамгаалалттай байх. Дээр нь цалин хангамж өндөр байна. Бүтэц бүрэлдэхүүн, эрх мэдлийн хувьд бие даасан бөгөөд Засгийн газар болон УИХ–аас хараат бус байх нь түгээмэл. Төсвийн таамаглал хийх өндөр ур чадвартай, дээр олон нийтийн хяналт, олон нийтийн хэлэлцүүлгийг зөв зохион байгуулдаг институт байх ёстой.

Одоо юу? 2020 оны сонгуулийн дараа юу?

Өнөөдрийн УИХ ба Засгийн газрын хурд туйлын удаан байна. Эдийн засгийг сэргээх 10 их наядын хөтөлбөр баталсан боловч хэрэгжиж буй зүйл алга. Удаан байдлын (буюу эс үйлдэхүйн)  төлөөсийг  алдагдсан боломжийн өртөг гэж үзэн тооцох юм бол жилд хэдэн зуун тэрбум төгрөгийн бизнес хөгжих, олон зуун ажлын байр бий болгох боломжийг үгүй хийсээр байна гэдгийг нь хялбар тооцоолох боломжтой.  УИХ-ын баталсан алдарт “эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийн дүнг дөрвөн жилд эсхүл 48 сард хуваахад баримжаа тоо гарна.

Хоёрдугаарт, Шилэн дансаа ч хөтлөхгүй байгаагаас нь үзэхэд энэ УИХ ба ЗГ-ын үед ийм төсвийн хяналтын хороотой болох магадлал нэн бага.

Гэхдээ нэг найдвар байгаа нь ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд ийм хороог “хүчээр” байгуулж болох юм. Ингэхдээ цоо шинээр бие даасан хууль баталж болно. Эсвэл шинээр байгуулахгүйгээр харин нэгэнт хөлөө олсон Стратегийн судалгааны хүрээлэн, Үндэсний аудитын газар зэрэг төрийн байгууллагуудын чиг үүргийг өөрчилж болох юм.

Өөр нэг боломж нь 2020 оны сонгуулийн дараа шуурхай, сэтгэлтэй, ард түмэнд эрх мэдлийг нь буцааж өгөх чин эрмэлзэлтэй улс төрийн хүчин ялсан тохиолдолд  дэлхийн жишигт хүрсэн Хяналтын хороог байгуулна.

Хэрэв заавал улс төрчдийн гарыг харахгүйгээр эсвэл сонгуулийн үр дүнг хүлээхгүй гэвэл Худалдаа аж үйлдвэрийн танхим, нээлттэй нийгэм форум, бизнесийн зөвлөл, монголын эдийн засгийн форум, мэргэжлийн холбоод, сонин сэтгүүлүүд нийлж ийм байгууллага байгуулах боломж бий. Гэхдээ хуулийн хамгаалалт үгүй тохиолдолд амжилтад хүрэх магадлал муу.

Эцэст нь дүгнэхэд, Зөвлөлдөх ардчиллын зарчим дор Олон нийтийн хэлэлцүүлэг хийх, төсвийн сахилга бат хийгээд өрийн хязгаарын биелэлтийг хянах чиг үүрэг бүхий  хөндлөнгийн, манаачийг манадаг, чадварлаг мэргэшсэн Хороотой болсноор олон нийтийн итгэлийг даасан, ил тод, төсвийн бодлогын орчныг бүрдүүлэхэд хувьсгал болно.