2017-02-20

2008 оны сонгуулийн амлалтууд


2008 оны сонгуулийн дараа хийж байсан таамаглалаа презентаци хэлбэрээр оруулав.

татах линк ЭНД дар

Ялангуяа слайд 19-т төсвөөс давсан амлалтын тухай оруулсан. Энэ нь тухайн үед аль нэг стратегийн ордоо гадны хөрөнгө оруулалт нэрээр "зарах" замаар л биелэх боломжтой байв. Мөн инфляци ба бусад хүндрэлийг үүсгэнэ гэж үзэж байлаа.

2017-01-24

Бадарчингийн эрэлд 2017


  Монголчууд бид “хонх нь дуугарвал дамар нь таг хоёулаа дуугарвал лам нь таг” гэсэн зүйр цэцэн үгээр ажил хэргээ зохицуулж, нийлүүлж чаддаггүй, ажил хэрэг бүтэлгүйтэх гэсэн санааг илэрхийлсээр иржээ.

          Орчин үеийн эдийн засагт мөнгө-валютын зах зээлд ч энэ үгийг ашиглаж болохоор байгаа юм. Хонх гэдэг нь Хятад тэргүүтэй улсын дэлхийн зах зээл дэх манай алт, зэс, нүүрсний экспортын үнэ гэж зүйрлэе. Харин Дамар гэдгээр манай алт, зэс, нүүрс үйлдвэрлэгчдийг төлөөлүүлье. Лам нь харин Монголбанк болоод Сангийн яам гэж үзэж болно. Амьдрал дээр лам хүн сүсэгтэн олны сэтгэл санааг засах гэж л бурханы ном уншдаг биз.  Харин Монголбанк болоод Сангийн яамны туйлын зорилго нь улс эх орны  эдийн засаг хүчирхэг, татварын орлого зохистой, мөн төгрөгийн ханш маань тогтвортой байхад орших билээ. 

            Манай төсөв-мөнгөний бодлогын буюу ер нь эдийн засгийн номлол их энгийн байх боломжтой. Энэ номлолыг “хос тэнцвэр” гэж томьёолж болно. Төсвийн тэнцэл ба Төлбөрийн тэнцэл (гадаад худалдаа ба хөрөнгө оруулалтын урсгал) хоёр маань алдагдалгүй байх ёстой. Лам багш маань энэ хоёр тэнцвэрийг хангаж чадвал эдийн засаг хүчирхэгжих бөгөөд зон олны амьдрал ч төвшин амгалан байх юм.

            Харамсалтай нь Монголд маань эдийн засгийн эрүүл бодлого биш харин улс төрийн өрсөлдөгч хүчнүүдийн сонгуульжсан бодлого хэрэгжих болсон байна. Лам маань бурханы номоо уншихын оронд буруу зөрүү улс төржсөн мэдэгдэл гаргаж суудаг цөвүүн цаг ирэв.

Ирэх жил буюу 2017 онд байдал ямар байх бол?

             Миний бодлоор, 2012-2015 онуудад тохиосон үнийн их уналт бүхий үетэй харьцуулахад гарч буй тахиа жилд хонх дамар хоёр нь сайн дуугарах (ажиллах) төлөв байна. Ирэх оны хандлага өнгөлөг байна. Харин Лам маань ямар номоо уншдаг бол гэдэг нь хамгийн их нөлөө үзүүлэхээр байна.

ЗЭС: Гал Тахиа жилд улаан метал болох зэсийн үнэ тогтвортой байна гэж ихэнх судалгааны байгууллагууд таамаглаж байна. Дэлхийн зах зээл дээр үүсээд буй нийлүүлэлтийн илүүдэл хэвээр үргэлжилнэ. БНХАУ-ын төрийн өмчит Чиналкогийн хүч бяр нэмэгдсээр байгаагийн жишээ нь Перу дахь төслөө амжилттай хэрэгжүүлж үйлдвэрлэлийн үе шатандаа шилжүүлснээс нь харж болно. Энэ мэтчилэн нийлүүлэлт өссөөр байх нь манайд ашиггүй. 2018 онд үнэ өсөх магадлал сул. Төслүүд зардлаа бууруулж эсвэл зогсоож байгаа хэдий ч БНХАУ-ын бодлогын нөлөөгөөр нийлүүлэлт өссөөр байх энэ хандлага үргэлжилбээс 2018 онд зэсийн үнэ одоогийнхоос өсөхгүй харин ч унах магадлал бий. Харин 2019 оноос л эрэлт нь нийлүүлэлтээсээ давснаар зэсийн үнэ эргээд өсөх нигууртай.



  Олон улсын эдийн засгийн судалгааны байгууллагуудын таамаглалаас үзэхэд Зэсийн үнэ ирэх жилүүдэд тонн тутамд 5000 орчим ам долларт тогтворжихоор байна. Тиймээс манай улс энэ үнэ дотор зардлаа бууруулах замаар л өрсөлдөх чадвараа хадгалж үлдэнэ. Тэгээд ч  Хятад хэмээх хажууд байгаа асар том зах зээл дээр тоглолт хийж чадаж байхад л хангалттай.

НҮҮРС:  Гал улаан тахиа жил маань хар нүүрсэнд таагүй байх төлөвтэй. Нүүрсний үнэ огцом унасан сүүлийн жилүүдэд ихэнх үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ бууруулсан, төслүүдээ зогсоосон. Ингэснээр зэсээс ялгаатай нь нийлүүлэлтийн хомсдол үүсчээ. Өөрөөр хэлбэл дэлхий дээр нийт хэрэглээнээс бага хэмжээгээр нүүрс олборлож баяжуулж байна. Эрэлт нь нийлүүлэлтээсээ давжээ. Энэ нь 2016 оны нүүрсний үнийн өсөлтөд нөлөөлсөн болов уу. Мөн нүүрсийг хэрэглээнээс шахан гаргах дэлхий нийтийн санаачлага хүчээ авч байгааг анхаарах хэрэгтэй. Өмнөд хөрш маань агаарын бохирдол, хөрсний сүйдэл зэргээс шалтгаалж нүүрсний уурхайнуудаа олноор нь хааж байна. Мөн жилд ажиллах өдрийн тоог нь хүчээр тогтоох зэргээр үйлдвэрлэлийг нь бууруулж болох бүхий л арга хэмжээг авч байгаа юм. Энэ нь гэхдээ ган үйлдвэрлэгчдийн хувьд хүндээр тусч байгаа нь илэрхий. Хятадын ган үйлдвэрлэгчид улам бүр импортын
(коксжих) нүүрснээс хараат болсоор байгаа юм.
  


  Олон улсын байгууллагуудын үзэж байгаагаар 2016-2017 онд тохиосон нүүрсний үнийн өсөлт удаан хадгалагдахгүй байх магадлал өндөр аж. Ялангуяа Хятадын эдийн засгийн өсөлт саарч болзошгүй шинж тэмдэг илрэх болсонтой холбоотойгоор нүүрсний үнэ 2018 онд буурна гэсэн таамаглал бий.

АЛТ: 2016 он шар алтны хувьд харьцангуй сайн жил болж өнгөрлөө. Хэдий 2011-2012 оны оргил үедээ эргэж хүрээгүй ч бас ч гэж чамлахааргүй өсөлтийг үзүүллээ. Алтыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаас гадна өртөг хадгалах, мөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үзэн хэрэглэдэг. Тэгвэл 2016 он нь таамаг эвдсэн санал хураалт, сонгуулиудаар дүүрэн болж өнгөрлөө. Популистууд хаа сайгүй ялалт байгуулсаар байгаа нь зах зээлийг сандралд оруулсан бөгөөд үр дүнд нь “алт бол шуурганаас хоргодох хамгийн найдвартай арал” юм гэх хандлага эргээд хүчээ авлаа. Их Британи Европын холбооноос гарсан, Трампийн ялалт зэрэг үйл явдлууд алтны үнийн өсөлтөд нөлөөлжээ. Гэвч алтны хувьд нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан байгаа учир үнэ төдийлөн өсөхгүй.


 Шинжээчдийн таамаглаж буйгаар алтны үнэ ойрын жилүүдэд 1400 (ам.доллар/унц) орчим тогтворжих бололтой. Манай улсын хувьд алтны салбараа дэмжих нь эдийн засгийн хямралаас хурдан гарах хамгийн бодитой гарц байх болно.

Бадарчин байна уу, зээлээч?!


    2012-2014 онд хонх маань таг болоод байсныг бодвол, 2016-2017 онд зэс, нүүрс, алтны үнэ бага зэрэг сэргэх, улмаар тогтворжих хандлага байна. Манай улс дотоод нөөц боломжоо дайчлаад, Төмөр зам, Гацуурт, Тавантолгойгоо ашиглаад хямралаас гарах боломж байна. Гэтэл нутгийн Лам багш маань гаднаас өөр Бадарчин хайх тухай л яриад байх аж. ОУВС, БНХАУ, ОХУ, АНЭУ гэх зэрэг түншүүддээ хандаж “Лам олдохгүй бол буцахдаа залах” уулзалт хийгээд яваад байна. “Олон туулай хөөсөн анчин хоосон хоцордог” гэх ардын зүйр үг бий.


2017-01-12

Чөлөөт зах зээл ба түүний дайснууд



Өнөөдөр АН-ын Үзэл баримтлалын ажлын хэсэг ба Дүрмийн ажлын хэсгээс зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцож  "Чөлөөт зах зээл ба түүний дайснууд" гэсэн сэдвээр илтгэл тавив.

Презентац болон тайлбарыг энд оруулав. Линк:

Презентаци  (pdf, 1.4 MB)


Текст (pdf, 595 KB)

2016-11-10

Монголд хэрэггүй “нео-либерализм”

Дэлхий нийтэд либерал гэдэг үгийг их олон янзаар тайлбарлаж ирлээ. Зарим нь энэ нэр нь дураараа дургихын нэр гэнэ. Зарим нь баячууд нь улам баяжихийг өөгшүүлдэг систем л гэнэ. Мөн хартай нэгэн нь ядуу орнуудыг колоничлох гэсэн хөрөнгөтөн гүрнүүдийн бодлого л гэнэ. Зарим нь цаг хугацааны шалгарлыг давж, ирээдүйд үлдэж болох дэлхийн хэмжээний цор ганц шинжлэх ухаан л гэнэ.
Энэ үгийн гарал үүслийг хайхаар Францын иргэний хувьсгал руу хөтөлдөг юм. Харгис хааны дарангуйллын эсрэг хувьсгал хийж, чөлөөт иргэдийн нийгэм байгуулсан хүмүүсээ либерал гэж нэрлэдэг байж. Шашны хувьд либерал сүсэгтэн гэдэг нь хатуу догма баримталдаггүй хэрнээ бурхан тэнгэртээ итгэдэг хүмүүсийг хэлдэг аж. Жишээ нь зарим урсгалд эхнэр авахыг хориглодог бол либерал урсгалд нь зөвшөөрдөг.
Эдийн засагт либерал үзэл гэдэг нь төрийн оролцоог зөвхөн “шөнийн манаачийн” хэмжээнд хязгаарлахыг хэлдэг. Эдийн засгийн амьдралд оролцож буй хүмүүс маань өөрсдийн эрхээр шийдвэр гаргана. Зах зээлд Үнэ бүрдэхдээ цэвэр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтож байх ёстой.             
Сүүлийн үед нео—либерал гэсэн үгийг их хэрэглэх болсон. Ингэхдээ голчлон доромж, муу утгаар нь төлөөлүүлэн хэрэглэх нь түгээмэл. Элдэв сурталд авталгүйгээр, зөвхөн түүхэн бодит байдлаас авч үзвэл, шинэ либерал үзэл гэдэг маань эдийн засагт гуравдагч замын онол гэдэгтэй их дүйнэ. Нийлүүлэлтийг хэт шүтсэн классик либерал урсгал гэж бий. Мөн эрэлтийг дэмжсэн социалист үзэл буюу зүүний урсгал бий. Тэгвэл хоёр урсгалын давуу талыг нэгтгэх буюу зах зээлийн эрүүл хүчийг, нийгмийн зөөлөн бодлоготой уялдуулах зорилгоор энэ урсгал анх Германд үүсчээ. Гэвч 1970 аад оноос эхлэн нео-либерал гэдэг үгэнд сөрөг утга нааж, улмаар үндэстэн дамнасан корпорациудыг илт дэмжсэн суртлын нэр гэж  гажуудуулан үзэх болжээ.
Үнэндээ бол нео-либерал урсгалын үндсэн санаа нь манай үндсэн хуулинд байдаг “нийгмийн баримжаатай зах зээлийн эдийн засаг” гэсэн байгууллын онолын суурь гэж хэлж болно.


 Чили (либерал бодлого)
Эдийн засгийн эрх чөлөөгөөр дэлхийд 10 дугаар байрт
Латин Америкийн хамгийн эрх чөлөөтэй эдийн засаг
Иргэдийн амьдралын чанарын үзүүлэлтээр бүс нутагтаа тэргүүлэгч, Америк тивдээ гуравдугаар байрт /АНУ болоод Канадын дараа/

  
   Венесуэль (анти-либерал бодлого)
Эдийн засгийн эрх чөлөөгөөр дэлхийд 114 –р байр
Латин Америкийн хамгийн эрх чөлөөгүй эдийн засаг. Иргэдийн амьдралын чанарын үзүүлэлтээр бүс нутагтаа сүүлээсээ гуравт Дотоодын Нийт Бүтээгдэхүүн нь 12,600 доллар /Инфляцаас шалтгаалан байнгын хэлбэлзэлтэй/ Хүн амины хэргийн гаралт дэлхийд хамгийн өндөр.  Хүн амын 28 хувь нь ядуу
 
  
Неолиберал урсгал амьдрал дээр хэрхэн биелэлээ олж ирэв? Улс төрийн салбарт гэхэд, ихэнхи орнуудад саяхныг хүртэл эмэгтэй хүн сонгуульд ордоггүй байлаа. Тэгвэл улс төр дэх неолиберализмын нөлөөгөөр залуус мөн эмэгтэйчүүд сонгуульд оролцох хөдөлгөөн дэлхий даяар өрнөсөн юм. Мөн том зээл, санхүүжилтийг хуучин цагт зөвхөн том компаниудад авдаг байлаа. Тэгвэл ядуурлын эсрэг нэг том зэвсэг гэгдэж ирсэн бичил зээл бол мөн л неолиберализмын биелэл болно.
Либерал үзлийн нэг том ялалт бол ЗХУ нуран унасны дараа хуучин “соц” орнууд бүгд чөлөөт зах зээлийн эдийн засгийг сонгосон юм. Энэ шилжилтийг манлайлагчдын нэг нь Монгол Улс байлаа. Яагаад байлаа гэвэл манай либерализмын түүх их сонин. Дотроо тасалдаж ирсэн байдаг. 1990-1992 онд өмч хувьчлал, үнэ чөлөөлөлт гээд алхмыг зоригтой хийсэн. Гэтэл тэр үед энэ алхмуудыг хийж чадаагүй, хуучин байгууллаасаа шуудхан салж зүрхлээгүй орнууд өнөө хир нь хүндрэлтэйгээ зууралдсаар байна. Узбекстан, Тажикстан, Украин, Беларус гэх зэрэг цөөнгүй орнуудыг дурьдаж болно. Гэтэл тэр үед либерал реформыг зоригтой хийж орсон Зүүн хойд Европын орнууд өнөөдөр Баруун Европын орнуудыг гүйцэж очиход тун ойрхон байна.
Гэвч манай шинэчлэл 1992-1996 он, мөн 2000-2004 онд зогссон бас царцсан. Энэ хэрээр манай улсын хөгжил хойшилсон. Шалтгаан гээд олон зүйлийг тооцож болно. Сонгогчид огцом өөрчлөлтөд бэлэн биш байсан. Мөн шинэчлэгчид маань ч олон нийтэд зөв ойлгуулж, итгэлийг нь хүлээж чадаагүй.
Бодит түүхийг харвал, малыг малчдад, орон сууцыг оршин суугчдад нь хувьчлаагүй бол өнөөдөр манай эдийн засаг, банк санхүүгийн нөхцөл байдал ямар байх байсан бол? Малын тоо толгой өнөөдөр 60 сая хүрэх байсан уу? Банкуудын нийт актив эдийн засагтай бараг тэнцэхээр болж өсч чадах уу? Мал сүрэг, орон сууцыг эдийн засгийн төдийгүй санхүүгийн эргэлтэнд оруулснаар Монголчууд бид бүгд хожсон.
Бидний хэлж заншсанаар улаан буюу гадаад паспортыг иргэддээ олгосноор ганзагын наймааг эхлүүлсэн. Эдийн засаг хүнд байх үед гадаадад ажилладаг Монголчууд жилдээ л олон арван сая ам.доллар Монгол руу гуйвуулдаг байсан гэсэн таамаг судалгаа байдаг.
Либерализм манай эдийн засагт сайнаар нөлөөлсөн жишээ салбар бүрт байна. Дөнгөж 2000 онд байгуулагдаж байсан банкууд өнөөдөр хэдэн зуу,  хэдэн мянга дахин томорсон байна. Өнөөдөр томхон аймгийн нийт эдийн засгийг 20, 30 дахин томруулснаас ч илүү их хөрөнгийг удирдаж буй банкууд цөөнгүй болжээ. Уул уурхайн салбарт 1997 онд харьцангуй либерал Ашигт малтмалын хуулийг батлаагүй бол өнөөдөр бид ОТ, ТТ гээд хэрэлдээд сууж байх уу?  Нөгөө 2011 оны эдийн засгийн 17 хувийн өсөлт гарах байсан уу? Үгүй.
Өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад бидэнд алдсан нь ч байна, оносон нь ч бий. Гэхдээ бид ямар азаар 1990-1992 оны бас 1996-2000 оны тэр үүлэн чөлөөний нар шиг зурвасхан үед либерал реформуудыг эхлүүлж чадваа? Хагас дутуу хэрэгжиж буй ч гэсэн эдгээр реформуудын ачаар л бид өдий зэрэгт явж байна.
Бас энэ 26 жилийн ихэнхийг нь унтаад, хэт алгуурлаад өнгөрөөсөн нь юутай харамсалтай вэ? Монголын нийгмийг хүн гэж авч үзвэл нэг эмчилгээгээ дуустал хийлгэж чаддаггүй тэвчээр муутай өвчтөн шиг, эсхүл нэг зохиолоо нямбай бичиж дуусгаагүй байж дараагийнх нь шүүрч авдаг зохиолч шиг л байлаа.
Уг нь бол, Монголчууд бидний амьдралын хэв маяг, нийгэм төрд хандаж буй хандлага, шинэ юмыг хүлээж авах чадвар, бие дааж бизнес эрхлэх дайчин зан чанар зэргээс харахад бид нео-либерал суртал, бодлогод ойр хүмүүс гэж би хувьдаа боддог. Нүүдэлчин удам маань ч нөлөөлдөг биз. Гэвч бид буруу ойлгосон “нео-либерализм”-аас жигшсээр, ухралт хийсээр. 

2016-10-20

Мессежийн эдийн засаг

Социологид self-fulfilling prophecy буюу биелэлдээ хүрдэг зөгнөлийн онол гэж бий. Үүнийг амны билгээс ашдын билэг эсвэл муу амлаад байвал тэр нь биелдэг гэх хэлц үгсээр илэрхийлж болох юм.
 
Энэхүү онолыг хөрөнгийн зах зээл, банк-санхүү, түүнчлэн макро эдийн засгийг тайлбарлахад ашигладаг. Нэг жишээ байдаг юм. Ширүүн бороотой өдөр хэсэг хүмүүс норохоос сэрэмжлэн байшингийн хана налан эгнэн зогсчээ. Тус байшинд нэг банк байрладаг байж. Тохиолдлын гэмээр эсвэл санамсаргүйгээр л тэгж таарч. Гэтэл гудамжны эсрэг талд байрлах орон сууцны оршин суугч тэдгээр хүнийг хараад зүсэр бороог үл ажран банкинд дугаарлаж  байхыг бодвол их л чухал хэрэг гарч дээ гэж бодож. Ингээд ах дүү, хамаатан садан, найз нөхөд рүүгээ утас цохиж “энд нэг банк хямарч байх шиг байна. Хүмүүс хадгаламжаа авах гээд урт дараалал үүсгэсэн байна” гэж дуулгаж гарчээ. Уг  яриа түймэр адил хотоор нэг тарав. Ингээд хүн бүр хадгаламжаа авахаар тус банк руу нэгэн зэрэг  гүйлдсэнээр эдийн засгийн шинжлэх ухаанд bank run гэж нэрлэгдэх үзэгдэл болж, тус банк дампуурчээ. 
 
Эдийн засагч Кейнс 1936 онд animal spirit буюу сүргийн сэтгэхүй хямралд хэрхэн нөлөөлдөг тухай бичиж байж. Түүнийхээр бол хэдий компаниудын ашиг өндөр, хувьцааны өгөөж сайн байлаа ч ямар нэг шалтгаанаар иргэд, хөрөнгө оруулагчид зохиомол хямралаас айгаад эхлэх юм бол  амьтанлаг шийдвэр гаргаж, сүргээрээ том ангал руу шахалдан хуйларч, бүгд хамтдаа унах эрсдэлтэйг сануулж байж.
 
Өнөөдөр дэлхийн ихэнх оронд нийгмийн хүлээлт ба эдийн засгийн хөгжлийн уялдаа холбоог удирдах тогтолцоо, жишиг нь аль хэдийнэ мэргэжлийн түвшинд хүрсэн байна.Brexit буюу Европын холбооноос Их Британи гарч буй үйл явцаар жишээ авъя. Шинээр томилогдсон Ерөнхий сайд нь ажил хүлээлцэх үйл явцыг зөв удирдахаас эхэллээ. Өмнөхөө муулсангүй. Хэвлэл мэдээллээр нь Англиас ч илүү хүнд нөхцөлд байгаа орнуудын талаар  мэдээ, нийтлэл түлхүү яваад л. Ер нь масс нэг сард хоёроос дээш чухал асуудал (скандал) хүлээж авах багтаамжгүй гэх судалгаа байдаг аж. Тэгэхээр энэ хоёр асуудлын нэг нь мэдээж Италийн банкууд хэрхэн дампуурах гэж буй тухай, хоёр дахь нь бас л олон улсын сэдэв. Үүнд, Сири дэх Оросын “хүчирхийлэл”, Клинтон, Трамп хоёрын хоорондын хэрүүл гэх зэрэг.  Олны анхаарлыг өөр тийш нь залсаны хүчээр англичууд хамгийн эгзэгтэй 2-3 долоо хоногтоо ядаж л сандарч үймж, эдийн засгаа улам ч унагасангүй. Энэ хооронд нь харин ч нэгэнт гарсан шийдвэрээсээ хамгийн сайн үр дүнд хүрэх төлөвлөгөө боловсруулах цагийг бодлого боловсруулагч хийгээд бизнесийнхэн хаа хаанаа хожив. 
 
Мэргэжлийн байх гэж үүнийг л хэлж байгаа юм. Манай хойд болон өмнөд хөршид ч ажил хүлээлцэх үйл явцыг удирдах талаар арвин туршлагатай. Харамсалтай нь ардчилсан оронд хуулбарлах боломж хомс учир үүгээр зогсох нь зүйтэй.

Монголд байдал ямар байна вэ? 

2016 оны УИХ-ын болоод орон нутгийн хоёр сонгуулийн хооронд юу болоод өнгөрөв? Сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газар маань мэргэжлийн гэх тодотголтой аж. Харин эдийн засаг, гадаад дотоодын зах зээлд өгч буй дохио, мессежүүд нь мэргэжлийн байж чадсангүй. Өрөөр айлгах улс төрийн сонгуулийн тактикаар төрийн мөнгө, төсвийн бодлогыг үргэлжлүүлэх гэж муйхраар оролдов. Зах зээл ч дор нь тохирох хариу барив. Долларын ханш чөлөөтөөр унаж, Монголын зээлжих зэрэглэл доошлов. 

 “Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ” гэгчээр бодлогын хүүг огцом өсгөх, хөтөлбөрүүд зогсоох(эдийн зас­гийн эрэлтийг мөнгөөр тэтгэж байсан судсуудыг таслах), татвар нэмэх, тэтгэмж бууруулах, төрийн албан хаагчдыг хоморголон халах, хүүхэд залуусын мөнгийг хумих, банк болон иргэдийн дунд тогтсон итгэлцэлд сэв суулгах зэрэг арга хэмжээ авав. Тэгсэн атлаа төсвийн тодотгол дээр зардлыг бууруулах биш харин ч өсгөх тухай ярих нь зах зээлийг асар том эргэлзээнд оруулав. ОУВС-гийн хатуу хөтөлбөр, Хятадын банкны зөөлөн зээл гэх зэрэг сонголт гаргаж ирээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг өөх ч биш, булчирхай ч биш байдал нь горьдлого дүүрэн харцаар харж байсан хөрөнгө оруулагчдыг нэгмөсөн үргээж орхилоо.
 
Шинэ Засгийн газрын хамгийн сайн хийсэн ажил нь өмнөх Засгийн газраа муулахын тулд ард иргэдийг хямралаар айлгах л байлаа. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хорь хувь хүрлээ, энэ байдлаараа далан хувьд хүрэх нь, валютын нөөц хасах 400 сая хүрлээ зэрэг мэдэгдлүүдээр үндэсний болон гадаадын хэвлэлүүд хангалттай шуугилаа. Монгол Улсын эдийн засаг хямарч байна, төсвийн алдагдал хяналтаас гарлаа гэх зэргээр суртал ухуулгыг мандуулан хийлээ.
 
Уг нь эдийн засгийн бодит өсөлт нь 2-3 улирал дараалан хасах үзүүлэлтэй гарч, ДНБ нь өнөөдрийн ОХУ, Бразил гэх мэт орных шиг  агшиж байвал эдийн засгийн хямрал гэж үздэг. Манай улсын хувьд 2009 оныг эс тооцвол сүүлийн жилүүдэд дандаа л эерэг үзүүлэлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бодит хямрал болоогүй гэсэн үг. Гэтэл Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч хоёр нь зохиомол хямралаар айлгаад байхаар юунд хүрэх вэ гэвэл “Биелэлдээ хүрдэг зөгнөл” (self-fulfilling prophecy) гэсэн бэлэн хариу байна. 
 
Монгол төгрөг бол үндэсний мөнгөн тэмдэгт. Монгол төрийн төсөв бол ард түмний төсөв.  Зах зээл өөрөө ч тэр ард түмний өмч, ард түмний талхаа олж иддэг талбар. Энэ зах зээлийг зохицуулагчдын үг эдийн засгийг залуурдаж байдаг. Залуур атгаж буй хүмүүст бүлгийн, намын, сонгуулийн жижиг эрх ашигт үйлчлэх ёс суртахууны эрх байхгүй. Учир нь мессежийн эдийн засагт мэргэжлийн бус үг, үйлдэл бүрийн төлөөсийг зах зээл, бизнес эрхлэгчид төлдөг юм.