Наадмаар зурагт үзэж суухад, гудамж, талбайгаар хэсүүчлэх гадаадын жуулчдаас “Монгол орон, Монгол наадам хэр таалагдаж байна вэ?” гэж асууж буй хэсэг гардаг. Ёс юм шиг давтагддаг энэхүү сурвалжлагчийн асуултын хариу нь мөн л ёс юм шиг ижил байх нь олонтаа. Тухайлбал, “танай сайхан оронд ирсэндээ үнэхээр баяртай байна, хүмүүс нь их зочломтгой юм” гэх зэрэг үгсийг эелдэг инээмсэглэлээр дагуулан хэлдэг.
Гэвч интернэт ухаж үзвэл, Монголд аялж үзсэн зарим жуулчдын сэтгэгдэл үнэндээ зурагтаар үзүүлсэн шиг сайхан байдаггүй нь харагддаг. Монгол руу очих үнэтэй, үйлчилгээний чанар дорой, мөн зарим нь уйтгартай гэнэ. Сэтгэгдэл нь мэдээж хэн нэг хувь хүн, эсвэл аль нэг аж ахуйн нэгжийг тухайлаагүй, харин Монгол Улсыг ерөнхийд нь тухайлсан байдаг.
Дэлхийн ихэнхи орнууд угтаа аялал жуулчлалыг экспортын бие даасан салбар гэж үздэг. Учир нь гадны жуулчид ирж бараа үйлчилгээ худалдан авдаг. Монголын ихэнхи ноос ноолуурын үйлдвэрүүд ч тэр ийм замаар экспорт хийдэг. Гэвч Монголын ноолуурыг яг хэн аваад байна вэ гэсэн асуулт гарч ирнэ.
Монгол Улсад жилд 500 мянга орчим жуулчин хэмээн бүртгүүлэн гадны иргэд ирж буцдаг гэсэн албан ёсны статистик үзүүлэлт бий. Эдгээр “жуулчдын” тал нь буюу 50 орчим хувь нь өмнөд хөршөөс ирдэг улирлын чанартай ажиллагсад байдаг. Харин 25 орчим хувь нь жижиг наймаа хийхээр орж ирсэн умард хөршийн “ганзагачид” аж.
Харин үнэхээр Монголд амрая, байгаль, соёл уламжлалтай нь танилцья гэсэн “жинхэнэ” жуулчид нь нийт зорчигчдын 25 хувь буюу 125 мянга орчим байх боломжтой.
Эдгээр “жинхэнэ” жуулчдын ихэнхи нь БНСУ, Япон, АНУ болон Европын Холбооноос ирж буй бөгөөд тэд ноолууран эдлэлийн гол худалдан авагч нар болно.
Тэгэхээр Монгол Улс жилдээ 100-120 мянга орчим жуулчин хүлээж авдаг. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгаа юм. Гэхдээ эдгээр жуулчдын зарцуулж буй мөнгөний хэмжээ адилгүй. Зарим нь долоо хоногт 400 орчим америк доллар зарцуулж байхад зарим нь 1,000 орчим америк долларт хүргэх жишээтэй. Зочид буудал, зоогийн газар, амралтын газрууд, аялалын үйлчилгээ үзүүлэгчдийн орлого гэх зэргээр дамжуулан аялал жуулчлалын салбар Дотоодын нийт бүтээгдэхүүний 5-7 хувийг бүрдүүлдэг.
Эдийн засагт оруулж буй хувь нэмэр, түүнчлэн ажлын байр бий болгодог утгаараа аялал жуулчлалын салбар нь уул уурхайгаас ч дутахгүй ач хологдолтой байх боломжтой юм. Гэвч өсөх боломжтой энэ салбарт уул уурхайн салбар аюул занал учруулах болов. Түүхий эдийн экспортоос орж буй гадаад валютын урсгал нь төгрөгийн ханшийг чангаруулж, долларын ханшийг сулруулах болов. Ингэснээр ихэвчлэн доллараар орлого олдог жуулчын компаниудын алдагдал өсч буй юм. Дээр нь сайн орчуулагч, хөтөч нар нь томоохон уурхайн компаниудад алдах болов.
Түүнчлэн энэ салбарынхны өөрсдийн зохион байгуулалтгүй байдал бас нэрмээс болж байна. Уг нь Монгол соёлыг дэлхийд таниулж буй утгаараа аялал жуулчлалынхан даяаршиж буй өнөөгийн ертөнцөд үндэсний аюулгүй байдлыг бататгахад чухал үүрэг гүйцэтгэж байнгаа нь илт. Гэвч нэг уулын мухар сахиж аваад, бие биенээсээ өрсөн үнээ буулгаж тэр хирээр чанараа унагаж буй “довын сэтгэлгээ” нь нийт салбарынхаа нэр хүндийг унагаж, өрсөлдөх чадварыг нь доройтуулж буй юм.
Ядаж олон улсын нислэг үйлдэх эрх бүхий үндэсний агаарын тээврийн компани нь төрийн өмчтэй. Төрийн өмчийн энэ компаниа хамгаалах гэсэн төрийн бодлогын үр дүнд гадны томоохон авиа компаниудын манай агаарын тээврийн зах зээлд аажмаар ноёрхолоо тогтоосоор байна. Төрд ашигтай зүйл бүр ард түмэнд ашигтай байх албагүй. харин ард түмэнд ашигтай бүр төрд ашигтай байх учиртай. Эндээс юу хэлэх гээд байна вэ гэхээр аялал жуулчлалын салбарыг боомилж буй агаарын тээврийн үйлчилгээнд илүү өрсөлдөөн бий болгож, үнийг бууруулах замаар ирж буй урсгалын эрчийг нэмэх шаардлагатай байна.
Амь амиа бодсон аялал жуулчлалын олон компаниудын амбицийн эсрэг үндэстний өрсөлдөх чадварын эрх ашгийг сөргүүлэн тавьсан төрийн бодлого ч ус агаар мэт хэрэгтэй байна. Жишээ дурьдя. Өнөөдөр Монголд банкны болон гар утасны зах зээл харьцангуй эрчтэй бас өрсөлдөөнтэй хөгжиж байна. Яагаад вэ? энэ хоёр салбарт нэгдсэн хэмжүүр болоод, нэгдсэн стандарт, шаардлагыг хангуулдаг байгууллагууд байдаг юм. Монголбанкаар жишээ авья. Энэ банкуудад ижил шаардлага тавьж, бас зөвшөөрөл олгодог. Банкны нийт зах зээлийн статистик, тоон үзүүлэлтийг цуглууан нэгтгэж, ерөнхий хандлагыг тодорхойлж өгдөг. Нийт зээлдэгчийн тоо, зээлийн чанар, банкуудын зах зээлд эзлэх хувь, нийт секторын өсөлт гэх зэрэг үзүүлэлтийг харах боломжтой. Үүрэн телефоны зах зээл ч мөн адил харьяа хороондоо мэдээллээ хүргүүлж байдаг.
Гэтэл аялал жуулчлалын салбарт иймэрхүү өсөлт, бууралт болон хандлагыг хэмжих боломж маш хомс байна. Өөрөөр хэлбэл, “хэмжиж чадахгүй зүйлээ удирдаж чадахгүй, удирдаж чадахгүй зүйлээ сайжруулж чададхгүй” хэмээх үг энд биелэлээ олж буй юм.
Энэ салбарыг харьяалдаг яам, засгийн газрын байгууллага бол бий. Гэвч тэдэнд Монголбанк шиг эрх алга. Энэ салбарт мэргэжлийн холбоод бий. Гэвч юу хийгээд байгаа нь ойлгомжгүй, бүрхэг байдаг эрхзүй болон үйл ажиллагааны чадамж нь тодорхой бус байдагтай холбоотой байж болох юм.
Ямартаа ч энэ салбарт Хамтач сэтгэлгээг түгээсэн, Монгол Улсын нэгдсэн маркетингийн бодлогыг зангидан боловсруулж, хэрэгжүүлэх чадавхи бүхий байгууллага хэрэгтэй байна. Тус байгууллагын үндсэн үүрэг нь Аялал жуулчлалыг Кластр маягаар хөгжүүлэхэд оршино. Тэд нэгдсэн стандарт боловсруулж, дүрэм зөрчигчдийг сахилгажуулах замаар салбартаа дэг журам тогтоож, гадаад нэр хүндийг өргөх ёстой. Жуулчдаас Сэтгэл ханамжийн судалгааг тогтмол авч, Монголд дахиж ирүүлэхийн тулд юу хийх ёстойг байнга тандаж байх хэрэгтэй. Интернэт сэтгэгдлүүдэд шинжилгээ хийсан ч болохгүй зүйлгүй. Монголын компаниуд агаарын тээврийн аварга пүүсээс, хөдөөгийн замын дэргэдэх жижиг гуанз хүртэл нэг баг гэдгээ ухамсарлах шаардлагатай. Ингэж байж бил улс үндэстнээрээ далайн чанадын зах зээлд Хавайтай өрсөлдөж чадна. Өвөр хоорондоо өрсөлдсөн Жалгын сэтгэлгээнээс хальж үндэстний Хамтач сэтгэлгээг бий болгож чадвал Монголын аялал жуулчлалын салбарын өмнө асар том боломж нээгдэх нь тодорхой.
No comments:
Post a Comment