2012-08-24

Боловсролын банкируудын үнэ цэнэ ба үндэстний өрсөлдөх чадвар

Монголд өнөөдөр 752 Ерөнхий боловсролын сургуулиуд үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 510 орчим мянган суралцагч сурч байна. Нэг сургуульд 680 орчим сурагч ногдож байна гэсэн үг.
2008 оны байдлаар манай улс эдийн засгийнхаа долоо орчим хувьтай тэнцэх мөнгийг боловсролын салбарт зарцуулж, тус үзүүлэлтээр дэлхийд зэгсэн дээгүүр жагсаж байв. Харьцуулбал, ОХУ-д дөрөв, харин Сингапур болон Катарт тус тус харгалзан гурван хувьтай байна. 

Дахин нэг шатаар гүнзгийрүүлж, өөр нэг статистик сонирхвол харин огт өөр дүр зураг харагдана. Тухайлбал, нэг хүнд ногдох боловсролын зардал Монголд 132 америк доллар байв. Харин Катар 2,327 ам доллараар тэргүүлж, Словени (1,213) болон Сингапур (1,202) удаалжээ. Катарын дундаж иргэн биднийхээс 20 дахин үнэтэй үйлчилгээг улсаасаа авдаг гэсэн үг. Катараа байг гэхэд, олон улсын жишигтэй харьцуулахад Монгол хүнд төрөөс оногдож буй боловсролын зардал туйлын бага байна. Дээр нь тус зардлаас хүйтэн өвлийг давах зориулалтаар олгодог сургуулийн байрны халаалт, тог зэрэг зардлыг хасаад үзэх юм бол, дүр зараг бүр ядмаг харагдах нь ойлгомжтой.
2007 оны байдлаар манай нэг бага ангийн багшид дунджаар 32 сурагч, дунд сургуулийн багшид 20 сурагч тус тус ногдож байна (Хятад: бага анги 19, дунд 16, ОХУ: бага 17, дунд 9). Ер нь олон улсын жишгээр бага ангийн багшид ногдох сурагчдын тоо 18, харин дунд сургуулийнх 14 байдаг аж. Нийслэл хотын сургуулиудын бага анги 40, 50 хүүхэдтэй гэдгийг тооцож үзвэл Монголчууд дэлхийн стандартаас хэр хол хоцорсон болохыг харж болно. Катарт бага ангийн багш 12 хүүхэдтэй харьцаж байхад, Финланди, Норвеги-д нэг сурган хүмүүжүүлэгч долоон хүүхэдтэй ажилладаг аж (сайн дурын болон туслах багшийг оролцуулаад). Боловсролын салбарын дэд бүтэц буюу багш сурагчийн харилцаа нэг иймэрхүү. 

Харин чанарын хувьд улс орнуудыг хооронд нь харьцуулдаг аргачлал байдаг юм байна. ОЕСD буюу ЭЗХАХБ-аас дэлхийн улс орнуудын 15 настнуудын дунд 3 жилд нэг удаа ПИСА (PISA) тестийг зохион байгуулдаг. Ирээдүйн иргэдийнх нь уншиж ойлгох, математик болон шинжлэх ухааны мэдлэгийн цар хүрээ нь тухайн улсын ерөнхий боловсролын систем ямар төвшинд байгааг илэрхийлж, өрсөлдөх чадварыг нь тодорхойлдог юм байна. Боловсролын сайдын ажлын үр дүнг ч тухайн хэмжүүрээр сорьдог жишиг байдаг. Харамсалтай нь, тус түвшин тогтоох сорилтонд манай улс хамрагддаггүй байна. Гэхдээ энэ санаачлагад нэгдэх эрх нь нээлттэй бөгөөд гагцхүү манай улсын ЗГ-ын идэвхи зүтгэлээс хамаарах аж.

Олон улсын түвшинд дундаж сурагчдын ерөнхий чадавхийг шууд харьцуулахад хүндрэлтэй байна. Тийм учир дотоодод асуудал ямар байгааг үзье. Бизнес эрхлэгчид Монголын боловсролын системд шүүмжлэлтэй ханддаг нь өрсөлдөх чадварын тайлангаас тод харагддаг. Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлийн хэрэгцээ шаардлагад манай боловсролын систем нийцэж байна уу гэсэн асуулт бий. Үүнд, Монголчууд хамгийн сайн, боломжит 10 онооноос ердөө 2.5 оноо өгч, гэтэл Сингапур 8.08, Малайз 7.05 гэсэн үнэлгээ өгч байж. Энэ нь төрийн зүгээс зөвхөн хувийн хэвшлийхэндээ гэлтгүй нийгэмдээ үзүүлж буй үйлчилгээний чанарын илэрхийлэл болно.
Дээд боловсролын бүтээгдэхүүн буюу их дээд сургуулийн төгсөгчид ажил олгогчийн шаардлагыг хангаж буй эсэхэд бизнес эрхлэгчид мөн л гонсгор. Товчхондоо хувийн хэвшлийнхэн маань чанартай, мэдлэгтэй, ур чадвар бүхий ажиллах хүчнээр хагас өлсгөлөн байна гэсэн дүгнэлт хийж байна. Харин өрсөлдөх чадвар өндөртэй орнуудын хувьд ийм бэрхшээл алга. Төр нь хувийн хэвшлийхэндээ ажиллах хүчин, ур чадвар гэсэн гол ОРЦ-ыг нь чанартай бэлдээд өгөх тогтолцоог бүрдүүлээд өгчихөж.
Хувийн болон хувьсгалын журмаар ажил олгогч нартай уулзахад ч өнөөгийн дотоодын сургуулийн төгсөгчдийг удирдлагын ур чадвар болон гадаад хэлний мэдлэгээр ихээхэн голдог. Ялангуяа бие дааж ажиллах, сэтгэх, асуудал шийдвэрлэх чадавхи сул байна гэх нь олонтаа. Тэгээд таньдаг мэддэг их дээд сургуулиудын багш нартай ярьж байхад дараах дүр зургийг тодорхойлдог юм. Оюутнууд намар цугладаг, тэгээд танилцах, нүүр хагарах, хичээл ном нь жигдрэх болон “шоудах” зэргээр 11 сар гаргачихдаг. Тэгээд жаахан хичээл хиймэр аядаж байтал шинэ жил, ёолкны шоу залгаад цагаан сар, март гээд үргэлжилнэ. Хаврын шалгалтанд жаахан бэлдэж байгаад л төгсөлт, зуны амралт гээд нэг жил дуусчихдаг. Үндсэндээ 4 жилд яг суралцах үйл ажиллагаанд 4-5 сар оногдвол их юм. Энэ бол их дээд сургуулийн багш нарын хувьд бага хугацаа. Гэтэл одоогийн дунд сургуулиа төгсөөд ирж буй төгсөгчдийн унших, бичих, асуудалд шүүмжлэлтэй хандах чадвар эрс суларсан гэсхийгээд, ер нь бол 10-н жилийн багш нараас алдааг хайх хэрэгтэй гэсэн санааг цухуйлгаад орхидог. Ахлах ангийн багш нартай уулзахад, дунд ангийн боловсролыг голно. Тэнд суурь боловсролоо сайн эзэмшээгүй учир ахлах ангийн багш нарын хөдөлмөр үр дүн муутай байхад нөлөөлдөг гэнэ. Харин дунд ангийнхан болохоор бага ангидаа л сууж сураагүй, суралцах арга барилд суралцаагүй сахилгагүй жаалууд орж ирээд өсвөр насны адал явдалтайгаа танилцсаар 4 жилээ үддэг гэнэ. Тэгэхээр явж явж, бага анги гэдэг иргэнийг төлөвшүүлэхэд, зах зээлийн боловсон хүчнийг бэлдэхэд хамгийн анхдагч шат болох нь харагдана. 

Өрсөлдөх чадвартай, өндөр хөгжилтэй орнууд ч энэ энгийн үнэнийг их дээр ухаарч тодорхой стандартын дагуу бага боловсролоо хөгжүүлж ирж буйн жишээг дээр дурьдсан.
Монголд өнөөдөр 27 орчим мянган багш ЕБС-иудад ажиллаж байгаагаас есөн мянга нь бага ангийн сурагчидтай тулж ажилладаг. 2009 оны байдлаар бага ангийн багш жилд дунджаар 1,900 орчим ам долларын цалин авч байжээ. Тэгвэл жирийн нэг банкны зээлийн ажилтан 6,700 доллар авч байсан байна. Оюуны банкир болсон багшийн хөдөлмөр мөнгөний банкирын үнэлгээнээс гурав дахин бага байгаа нь Монголын боловсролын салбарын үнэ цэнийг илтгэнэ.
Гэтэл Катар, Солонгос, Сингапурт багш нар жилд 30 орчим мянган долларын цалин авдаг нь Монгол дахь мэргэжил нэгтнүүдээсээ 15 дахин өндөр үзүүлэлт юм. Тэгвэл Сингапурт "жирийн нэг банкны ажилтан” жилд 22 мянган доллар, харин Катарт ердөө 15 мянгыг авдаг нь багшийн цалингаас 2 дахин бага байна. АНУ болон Скандинавын орнуудад бага ангийн багш банкны зээлийн мэргэжилтнээс даруй 2-3 дахин цалин авдаг нь эдгээр орнуудын хүний хөгжлийн нэг том нууц гэлтэй.
Байгаа мэдээлэл дээрээ үндэслэн энгийнээр таамаглаж дараах тооцоог хийлээ. Монголын есөн мянган бага ангийн багш нэг жилд нийтдээ 17 сая ам доллар буюу 23 орчим тэрбум төгрөгийн цалингийн фондтой байна. Энэ нь төсвөөс боловсролд зарцуулж буй нийт зардлын 5 хувь, нийт төсвийн зардлын нэг хувь ч хүрэхгүй болно. Дашрамд дурьдахад Боловсролын яам болон сангийн яам энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай.
Хамгийн шилдэг нь бага ангийн багш болдог тогтолцоог бий болгох нэг хөшүүрэг бол бага ангийн багшийн цалин урамшуулалыг өсгөж, нэг багшид оногдож буй сурагчийн тоог эрс бууруулах ёстой. Энэ хүрээнд бага ангийн багш нарын тоог эхний ээлжинд дор хаяж 30 хувиар, цаашид хоёр дахин нэмэх шаардлагатай. Мөн бага ангийн багшийн цалинг зах зээлийн жишиг рүү дөхүүлэх ёстой. Элдэв тендер, ядуурлыг бууруулдаг биш өсгөдөг сонгуулийн амлалт гэх зэрэгт бид жилд хэдэн зуун тэрбум төгрөгийг агаарт цацдаг. Тэгвэл бага ангийн багшийн цалинг одоо байгаа 30 орчим (ямаанд 30 тэрбум өгч л байсан) тэрбумаас нь гурав дахин өсгөлөө гэхэд төсөвт төдийлөн хүнд дарамт учрахгүй болов уу.
OECD -ийн ПИСА болон мэргэжлийн ур чадварын үнэлгээний системд Монголчууд хамрагдаж эхлэх ёстой. Тэгж байж бид өөрсдийгөө хуурсан дипломний үйлдвэрлэл хөгжүүлээд байна уу эсвэл үнэхээр дэлхийн тавцанд өрсөлдөх иргэдээ боловсруулж байна уу гэдгээ бодитоор хэмжиж сурна.

2012-08-07

Шинэ Засгийн газрыг ямар орчин хүлээж байна вэ?

2012 оны сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрдээд удаагүй байна. Ямартаа ч эвслийн Засгийн газар бүрдэх нь тодорхой. Тэгвэл шинэ ЗГ-ыг ямар орчин хүлээж байна вэ?
Тангаргаа өргөсөн гишүүд болон намуудын авсан суудлын харьцааг үзвэл эрээвэр хураавар танхимтай боллоо. Сайдын суудлын төлөө нам, бүлэг хоорондын тэмцэлтэй жилүүд ирэх магадлал өндөр. Товчхондоо хэлэхэд тогтворгүй орчин хүлээж байна.
Макро эдийн засгийн хувьд ч тогтворгүй гэхэд багадахаар. Сонгууль угтаж “эдийн засаг хурдтай өсч байна” гэсэн сурталчилгааг их хийсэн. Гэвч сурталчилгааны самбарыг буулгаж харвал бодит байдал их өөр. 2012 оны 5-р сарын байдлаар төсвийн алдагдал эрс ихэссэн дүнтэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төсвийн орлого хэвээрээ байхад зардал зэгсэн өсчээ. Энэ өсөлтийн ихэнх нь нийгмийн халамж, цалин тэтгэмжийн нэмэгдэлтэй холбоотой.

Төсвийн алдагдал 405 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд улмаар цаашид ч өсч нийт эдийн засгийн дөрвөөс таван хувьд хүрч очих магадлалтай. Эхний таван сарын байдлаар гадаад худалдааны алдагдал 1.2 их наяд төгрөгийг давжээ. Эдийн засгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний энэ алдагдал өсч, өнгөрсөн жилийн дээд амжилтыг эвдэх шинжтэй боллоо. Төсвийн болон гадаад худалдааны хос алдагдал нь төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлөх нь тодорхой.
Гадаад орчин ч эрсдэлтэй хэвээр. Европын өрийн хямрал дэлхий нийтэд нөлөөлж, ялангуяа манай түүхий эдийн гол худалдан авагч Хятадын эдийн засгийн өсөлт саарах нь Монгол Улсын экспортод ч сөргөөр нөлөөлнө. Манай экспортын орлогын 91 хувь нь зэс нүүрс хоёроос бүрдэх болж, 2008 онтой харьцуулахад нэг худалдан авагчаас хараат байдал эрс өсчээ.

Ямар ч засаг гарсан их л хүнд төсөв, эдийн засаг хүлээж авч байна. Шинэ засгийн газар ийнхүү өмнөх засгийн газруудынхаа сонгууль угтсан төсөв, мөнгөний хэт тэлэх бодлогоос үүдэлтэй инфляцитай тэмцэх, мөн Хятадын эдийн засгийн болзошгүй хөрөлтөөс үүсч болох экспортын уналтаас хамааран бүсээ ихээхэн чангалах шаардлагатай тулж болзошгүй.
Макро орчны дээрх гажуудлуудыг засахаас гадна уул уурхайн бус салбарт ажлын байрыг олноор бий болгох шаардлагатай. Гэхдээ эдгээр ажлын байр нь өмнөх ЗГ-уудынх шиг нэг удаагийн кампанит арга хэмжээгээр биш, харин хувийн хувшлийнхний урт хугацаат хөрөнгө оруулалтын үр дүнд бий болж байж тогтвортой байх болно.

Хувийн хэвшлийнхэн шинэ ЗГ-аас юу хүсч байна вэ? Тэд засгийн нээлттэй бодлого, нам инфляци, улс төрийн тогтвортой орчныг хүсч байна. Бас авлига, хүнд суртлаас ангид байх эрх чөлөөг хүсч байгаа нь олон судалгаанаас харагдаж байна. Бизнесийн таатай орчны үзүүлэлтээр бид 2005 онд дэлхийн улс орнуудаас эхний 41-д байсан бол 2010 онд 72-р байр руу гулчсээ. Харин хамгийн сүүлийн байдлаар дахин  ухарч 86-д орчихсон явна.
Авлигын үзүүлэлтээр 2005 онд 85-д байснаа 2010 онд 116-д орох болсон. Одоо дахиж ухраад 120-д орчихсон л байна. Төрийн хүнд суртал, авлига ихэссэн учир Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр долоон жилийн өмнө 43-д ордог байсан бол 2010 онд 88 болж ухарчээ.

Хувийнханд учирч буй өөр нэг бэрхшээл нь зээлийн олдоц хомс байгаатай холбоотой юм. Өдийд ихэнх бизнес зээлээ авч, хөрөнгө оруулалтаа хийчихсэн байдаг. Гэтэл сонгуулийн амлалт-төсвийн хэт тэлэлт-өндөр инфляци-бодлогын өндөр хүү гэсэн гинжин цагиргаас болж банкууд зээл олголтоо сааруулж байна.
Уул уурхайн бус  салбарынханд учирч буй өөр нэг бэрхшээл нь авьяаслаг хүмүүсээ баян уул уурхайн компаниудад алдахгүйн тулд цалингаа эрс өсгөх шаардлагатай болж байна. Бензин, дизель гэх зэрэг нь ч уул уурхайн огцом эрэлтийн ачаар “үнэд орж” байна. Бензиний үнийн өсөлт бусад бараа, үйлчилгээний үнийг өсгөж байна. Өөрөөр хэлбэл,  ханшийн өндөр хэлбэлзэл, хүний нөөцийн шилжилт гэх зэргээр Голланд өвчинд нэрвэгдэж буй эдийн засгийг шинэ засаг хүлээн авч байна.


Чөлөөт зах зээлийн тогтолцоог бэхжүүлэхийн зэрэгцээ, баян хоосны ялгааг арилгах, дундаж давхаргыг дэмжих замаар иргэний нийгмийг байгуулах гэсэн урт хугацааны зорилтод хүрэхийн тулд боловсрол, дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг зэгсэн нэмэгдүүлэх шаардлагатай. Ийм учир шинэ ЗГ тулга тойрсон хэрүүл, бүлэг фракциудад эрх мэдэл хуваарилах гэсэн аар саар зүйлтэй ноцолдсоор хугацаа алдах ёсгүй. Учир нь сонгуулиар өвчилж, уул уурхайгаар халуурсан эдийн засгийн өнөөгийн согог улам даамжирвал Монголын ирээдүйд маш ноцтой хохирол учрах болно. Эдгээр сорилт, бэрхшээлээс гадна уул уурхайгаас орох орлогыг зөв удирдахын зэрэгцээ, уул уурхайн бус салбаруудад эдийн засгийн эрх чөлөөг олгож чадвал эдийн засгийн бодитой, тогтвортой хөгжлийн суурийг тавих түүхэн боломж байна.