2012 оны сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрдээд удаагүй байна. Ямартаа ч
эвслийн Засгийн газар бүрдэх нь тодорхой. Тэгвэл шинэ ЗГ-ыг ямар орчин хүлээж
байна вэ?
Тангаргаа өргөсөн гишүүд болон намуудын авсан суудлын харьцааг үзвэл
эрээвэр хураавар танхимтай боллоо. Сайдын суудлын төлөө нам, бүлэг хоорондын
тэмцэлтэй жилүүд ирэх магадлал өндөр. Товчхондоо хэлэхэд тогтворгүй орчин
хүлээж байна.
Макро эдийн засгийн хувьд ч тогтворгүй гэхэд багадахаар. Сонгууль угтаж
“эдийн засаг хурдтай өсч байна” гэсэн сурталчилгааг их хийсэн. Гэвч
сурталчилгааны самбарыг буулгаж харвал бодит байдал их өөр. 2012 оны 5-р сарын
байдлаар төсвийн алдагдал эрс ихэссэн дүнтэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй
харьцуулахад төсвийн орлого хэвээрээ байхад зардал зэгсэн өсчээ. Энэ өсөлтийн
ихэнх нь нийгмийн халамж, цалин тэтгэмжийн нэмэгдэлтэй холбоотой.
Төсвийн алдагдал 405 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд улмаар цаашид ч өсч нийт
эдийн засгийн дөрвөөс таван хувьд хүрч очих магадлалтай. Эхний таван сарын
байдлаар гадаад худалдааны алдагдал 1.2 их наяд төгрөгийг давжээ. Эдийн засгийн
10 хувьтай тэнцэх хэмжээний энэ алдагдал өсч, өнгөрсөн жилийн дээд амжилтыг
эвдэх шинжтэй боллоо. Төсвийн болон гадаад худалдааны хос алдагдал нь төгрөгийн
ханшид сөргөөр нөлөөлөх нь тодорхой.
Гадаад орчин ч эрсдэлтэй хэвээр. Европын өрийн хямрал дэлхий нийтэд
нөлөөлж, ялангуяа манай түүхий эдийн гол худалдан авагч Хятадын эдийн засгийн
өсөлт саарах нь Монгол Улсын экспортод ч сөргөөр нөлөөлнө. Манай экспортын
орлогын 91 хувь нь зэс нүүрс хоёроос бүрдэх болж, 2008 онтой харьцуулахад нэг
худалдан авагчаас хараат байдал эрс өсчээ.
Ямар ч засаг гарсан их л хүнд
төсөв, эдийн засаг хүлээж авч байна. Шинэ засгийн газар ийнхүү өмнөх засгийн газруудынхаа сонгууль угтсан
төсөв, мөнгөний хэт тэлэх бодлогоос үүдэлтэй инфляцитай тэмцэх, мөн Хятадын
эдийн засгийн болзошгүй хөрөлтөөс үүсч болох экспортын уналтаас хамааран бүсээ
ихээхэн чангалах шаардлагатай тулж болзошгүй.
Макро орчны дээрх гажуудлуудыг засахаас гадна уул уурхайн бус салбарт ажлын
байрыг олноор бий болгох шаардлагатай. Гэхдээ эдгээр ажлын байр нь өмнөх
ЗГ-уудынх шиг нэг удаагийн кампанит арга хэмжээгээр биш, харин хувийн
хувшлийнхний урт хугацаат хөрөнгө оруулалтын үр дүнд бий болж байж тогтвортой
байх болно.
Хувийн хэвшлийнхэн шинэ ЗГ-аас юу хүсч байна вэ? Тэд засгийн нээлттэй бодлого, нам инфляци, улс төрийн тогтвортой орчныг хүсч
байна. Бас авлига, хүнд суртлаас ангид байх эрх чөлөөг хүсч байгаа нь олон
судалгаанаас харагдаж байна. Бизнесийн таатай орчны үзүүлэлтээр бид 2005 онд дэлхийн
улс орнуудаас эхний 41-д байсан бол 2010 онд 72-р байр руу гулчсээ. Харин
хамгийн сүүлийн байдлаар дахин ухарч
86-д орчихсон явна.
Авлигын үзүүлэлтээр 2005 онд 85-д байснаа 2010 онд 116-д орох болсон. Одоо
дахиж ухраад 120-д орчихсон л байна. Төрийн хүнд суртал, авлига ихэссэн учир
Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр долоон жилийн өмнө 43-д ордог байсан бол
2010 онд 88 болж ухарчээ.
Хувийнханд учирч буй өөр нэг бэрхшээл нь зээлийн олдоц хомс байгаатай
холбоотой юм. Өдийд ихэнх бизнес зээлээ авч, хөрөнгө оруулалтаа хийчихсэн
байдаг. Гэтэл сонгуулийн амлалт-төсвийн хэт тэлэлт-өндөр инфляци-бодлогын өндөр
хүү гэсэн гинжин цагиргаас болж банкууд зээл олголтоо сааруулж байна.
Уул уурхайн бус салбарынханд учирч
буй өөр нэг бэрхшээл нь авьяаслаг хүмүүсээ баян уул уурхайн компаниудад
алдахгүйн тулд цалингаа эрс өсгөх шаардлагатай болж байна. Бензин, дизель гэх
зэрэг нь ч уул уурхайн огцом эрэлтийн ачаар “үнэд орж” байна. Бензиний үнийн
өсөлт бусад бараа, үйлчилгээний үнийг өсгөж байна. Өөрөөр хэлбэл, ханшийн өндөр хэлбэлзэл, хүний нөөцийн
шилжилт гэх зэргээр Голланд өвчинд нэрвэгдэж буй эдийн засгийг шинэ засаг
хүлээн авч байна.
Чөлөөт зах зээлийн тогтолцоог бэхжүүлэхийн зэрэгцээ, баян хоосны ялгааг
арилгах, дундаж давхаргыг дэмжих замаар иргэний нийгмийг байгуулах гэсэн урт
хугацааны зорилтод хүрэхийн тулд боловсрол, дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг
зэгсэн нэмэгдүүлэх шаардлагатай. Ийм учир шинэ ЗГ тулга тойрсон хэрүүл, бүлэг
фракциудад эрх мэдэл хуваарилах гэсэн аар саар зүйлтэй ноцолдсоор хугацаа алдах
ёсгүй. Учир нь сонгуулиар өвчилж, уул уурхайгаар халуурсан эдийн засгийн
өнөөгийн согог улам даамжирвал Монголын ирээдүйд маш ноцтой хохирол учрах
болно. Эдгээр сорилт, бэрхшээлээс гадна уул уурхайгаас орох орлогыг зөв
удирдахын зэрэгцээ, уул уурхайн бус салбаруудад эдийн засгийн эрх чөлөөг олгож
чадвал эдийн засгийн бодитой, тогтвортой хөгжлийн суурийг тавих түүхэн боломж
байна.
No comments:
Post a Comment