Монгол
Улс Үндсэн хуулиндаа “...эх орондоо
хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго
болгоно”, “...дэлхийн эдийн засгийн
хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил
бүхий эдийн засагтай байна.”, “Төр нь үндэсний
эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн
хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасан
байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн
зохицуулалт бүхий олон хэвшилт эдийн засаг дээр тулгуурлан хүмүүнлиг нийгэм
байгуулах эрхэм зорилготой. Мэдээж тус зорилго нь нэг удаа хүрээд зогсох зогсоол
биш үргэлж тэмүүлж байх ёстой аялалын чиг юм.
Тэгвэл
зорилгоо хэрхэн тодорхойлох вэ? Эдийн засаг, улс төрийн онолчид үндсэндээ хоёр аргачлал
буюу хэлбэрээр хариулт өгч иржээ.
· Эхнийх
нь, "байх ёстой" (“ought
to be”) дээр үндэслэсэн боловсруулдаг норматив
тодорхойлолт юм. Жишээ нь Аристотелийн “ардчилсан нийгэм”, Карл Марксын
“нийгмийн дээд байгуулал болох коммунизм”, Моорийн “утопи нийгэм”, Томас
Хоббсийн “нийтийн сайн сайхан” (“commonwealth”, Leviathan, 1651) гэх зэрэг болно.
· Хоёр
дахь нь “одоо ямар байна вэ” (“what is”) гэсэн
хандлагын үүднээс ханддаг позитив тодорхойлолт болно.
Энэхүү нийтлэлийг хоёр дахь
хандлага буюу позитив тодорхойлолтын хүрээнд бичлээ.
Онолын салбаруудын давхцал ба шинэ урсгал
Аливаа
улс орны төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ өгөх зорилго
бүхий “Улс төр судлал”, “үндсэн хуулийн эрхзүй”, “макро эдийн засаг”, “социологи”
гэх зэрэг бие даасан салбар ухаанууд бий. Харин эдгээрийн
хоорондын харилцаа болон шүтэлцээнд авч үзсэнцогц буюу салбар дамнасан онолын
судалгаа харьцангуй бага гэж үзэх үндэстэй. Гэсэн хэдий ч нийгмийн шинжлэх
ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн урсгал, шинжлэх ухааны аргачлалууд цөөнгүй
байна. Эдгээрийн нэг нь “public choice theory”[1] буюу
“Улс төр-эдийн засгийн онол” юм. Шведийн математикч, эдийн засагч Кнут Викселл[2] анх
нийгэм, эдийн засагт үзүүлэх төрийн бодлогын нөлөөг эдийн засгийн болон
математикийн аргачлалаар судалж, олон чухал судалгааны бүтээл хэвлүүлсэн нь энэхүү
урсгалын үүсгэл болжээ. 1960-аад онд Шотландын эдийн засагч Данкан Блак (Duncan Black) энэхүү урсгалыг
үргэлжлүүлж, судалгааны цар хүрээг өргөжүүлж олон бүтээл нийтлүүлсэн байдаг[3]. Мөн
Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Кеннет Ж. Арроугийн “Нийгмийн сонголт
ба хувь хүний үнэлэмжүүд”[4] жинтэй
хувь нэмэр оруулжээ. Тэрбээр “Нэгэн зэрэг хангагдах боломжгүй таван хүчин
зүйл”-ийн тухай ерөнхий онолыг дэвшүүлсэн нь орчин үеийн улс төр-эдийн засгийн
онолд маш үнэтэй хувь нэмэр болсон юм. Тухайлбал, “дарангуйлалгүй ардчилсан төр”-тэй бол “бүх
нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үзэл суртал” оршин байх боломжгүй юм. Боломжгүйн
Ерөнхий Теорем: дорхи нөхцлүүдийг бүгдийг нь хангах нийгмийн таатай байгууллыг
тодорхойлох боломжгүй. Үүнд,
·
Дарангуйлал үгүй: хэн нэг хувь хүний сонголт нь бусдын сонголтыг харгалзан үзэлгүйгээр
бүлгийн нийтлэг хэм хэмжээ болж болохгүй.
·
Бие хүний бүрэн эрхэт
байдал:
бие хүн бүр өөрийн зам мөрөө зөвхөн өөрөө сонгох, түүндээ
хөтлөгдөх боломжтой байх
·
Нэгдмэл байх: хэрэв бие хүн бүр нэгийг нөгөөгөөс илүү үзсэн бол, бүлгийн түвшинд ч мөн
ижил байх
·
Чухал бус сонголтын
хувилбараас ангид байх эрх чөлөө: хэрвээ аливаа
нэгэн сонголт үгүй болвол, бусдынх нь чиг үүрэг өөрчлөгдөхгүй байх
·
Бүлгийн
өвөрмөц, давтагдашгүй байдал: сонголтуудын багцуудын хувьд тухайн аргачлал хэзээ
хэрэглэгдсэнээс үл хамаарч нэгэн ижил үр дүнд хүрч байх.
Америкийн
эдийн засагч Энтони Даунсийн “Ардчилалын эдийн
засагч онол”[5]
болон нэрт эрдэмтэн Манкур Олсоны интституцийн эдийн засгийн
чиглэлээр хийсэн олон чухал бүтээлүүд[6] ч
энэ салбарт хүндтэй байр эзэлдэг.
Нобелийн
шагналт улс төрийн эдийн засагч Жеймс М. Буханан[7] тус
салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэгт зүй ёсоор тооцогддог. Тэрбээр үндсэн бүтээлдээ
эдийн засагт өргөн ашиглагддаг тоглоомын онолыг
төр-эрхзүйн онол (урсгалууд) -той
нэгтгэх замаар хувь хүний эрх чөлөөг
дээдэлсэн ардчилсан Төрийн зүгээс эдийн засгийн үр ашигтай шийдвэрийг хэрхэн
гаргах тухай судалсан байдаг. Буханан түүнчлэн “Эрх чөлөө, зах зээл, төр” (1986) хэмээх номондоо хувь хүний ашиг сонирхолыг хэрхэн
нийгмийн сонирхолтой уялдуулах, үүнд улс төрийн гүйцэтгэх үүргийг харуулсан
байдаг. Хамгийн гол нь иргэн ба төрийн хооронд үүсч буй гэрээний харилцааг
судлах, сайжруулахад эдийн засагчдын оролцоо чухал юм гэдгийг онцолжээ.
Онолын
суурь судалгааны хэрэгцээ ба шаардлага Монголд
Монгол
Улсын хувьд түүх соёлын өвөрмөц уламжлалын тусгал бүхий орчин үеийн ардчилсан
төрийн шийдвэр гаргах чадамжийг улс төр, эдийн засаг, социолгийн түвшинд
нэгтгэн авч үзсэн салбар хоорондын онолын судалгааг эрчимжүүлэх шаардлага
байгаа юм. Ялангуяа манайх шиг уул
уурхайд түшиглэсэн эдийн засаг руу шилжиж буй орны хувьд онцгой анхаарч
судлах асуудлууд шинээр урган гарсаар байна. Уул уурхайд суурилсан эдийн засаг
нь олон улсын түүхий эдийн зах зээлээс хэт хараат болж, энэ хирээр эдийн засаг,
санхүүгийн тогтолцоо нь хэврэгжиж, улмаар улс төрийн тогтворгүй байдалд
хүргэсэн жишээ цөөнгүй байдаг. Үүнийг эрдэмтэд Голланд өвчин, Баялгийн хараал
гэх зэргээр нэрлэж иржээ. Харин газрын хэвлий дэхь баялгаа зөв ашиглаад нийгэм,
эдийн засгаа хүчирхэгжүүлсэн ардчилсан орнууд байна. Үүнд Австрали, Норвеги,
Чили зэрэг олон улс орнууд багтана.
Төрийн
эрх барих тогтолцооны хувьд нэг нам бүхий системээс олон намыг хүлээн
зөвшөөрдөг тогтолцоо руу шилжих үйл явц үргэлжилсээр байгааг харгалзан үзэх юм
бол манай хувьд судалгааны хамрах хүрээ, судлагдахуун маань илүү цогц, түвэгтэй
болж байна.
Нэрт
эрдэмтэн Францис Фукуяма хөгжиж буй орнуудын хувьд төрийн тогтолцооны
боловсронгуй байдал нь ардчилалыг бэхжүүлэх нэгэн суурь баталгаа болохыг онцлон
тэмдэглэсэн байна[8].
Харин Америкийн эрдэмтэн Сара Жэксон өмнөх оны эцсээр нийтлүүлсэн эрдэм
шинжилгээний бүтээлдээ Монгол Улсын өнөөгийн хөгжлийг онцлон авч үзсэн бөгөөд уул
уурхайн томоохон төслүүд нь төрөөс ард иргэдтэй харьцах харилцааны бодлого,
чадамж, үр дүнтэй байдлыг хэрхэн сорьж байгааг үзүүлэхийг тэрээр оролдсон байна[9]. Өөрөөр хэлбэл төр ба ард түмний хоорон дахь
мэдээлэл солилцох, нэгдмэл ойлголт үүсгэх, нийтийн зөвшилцөлд хүргэх тэдгээр
чадавхийг сайжруулах хэрэгцээ байгааг харуулсан гэх үндэстэй.
Хэмжих аргачлал
буюу бодлогын судалгаа
Өмнөх
хэсэгт иргэн ба төрийн хооронд үүсч буй
нийгэм, эдийн засгийн харилцаа нь хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан
тогтолцоонд хэрхэн илэрч буйг судалсан онолын үндэслэлүүдийн тухай авч үзсэн.
Гэвч амьдрал дээр хувь хүн, иргэн эсхүл бизнес эрхлэгч нь төрийг хэрхэн үнэлж
байгааг тооцох нь аргачлалын хувьд түвэгтэй байдаг. Энэхүү асуудлыг дараах
асуултаар тодорхойлж үзье. Аливаа
үндэстэн өөрсдийн байгуулсан төрөөрөө
дамжуулж нийгмийн амьдралаа хэрхэн зохицуулж байна вэ, амьдралын чанарын баталгаа болсон эдийн засгаа хэрхэн хүчирхэгжүүлж
байна вэ гэдгийг бодит амьрал дээр хэрхэн хэмжих вэ? Өөрөөр хэлбэл
Үндсэн хуульдаа тунхагласан зорилгод хүрэх явцаа хэрхэн хэмжих вэ?
Хэмжих
хоёр үндсэн арга байна. Нэгт, ижил төстэй бусад орнуудтай хөгжлийн түвшнээ тодорхой
шалгуур, үзүүлэлтийн дагуу харьцуулах, Хоёрт, өөрөө өөртэйгээ буюу өмнөх
жилүүдийн гүйцэтгэлтэй тухайн үеийн гүйцэтгэлийг харьцуулах болно.
Дэлхий
дахинд зарим нэг практик хэмжилтийг хийх олон боломж бий. Үүнд, Нэгдсэн
Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Хүний хөгжлийн индекс, Дэлхийн
Банкны Бизнес эрхлэхүй эрэмбэлэл, Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан[10], мөн
Дэлхийн Өрсөлдөх чадварын төв[11]өөс
жил бүр эрхлэн гаргадаг Улс үндэстнүүдийн өрсөлдөх чадварын жилийн
тайлан зэрэг болно.
Эдгээр
хэмжүүрийг ашиглан бодлогын судалгааг тогтмол хийх зорилгоор Эдийн засгийн
бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ, www.ecrc.mn) -ийг 2010 онд үүсгэн байгуулсан байна. Тус байгууллагын
зорилго нь Дэлхийн тавцанд өрсөлдөх чадвар бүхий Монгол улсыг цогцлоон
бүрэлдүүлэхэд чиглэсэн судалгааны ажлуудыг олон улсын аргачлалын дагуу хийхэд
орших ажээ. ЭЗБӨЧСТ нь 2010 -2014 онуудад нийт таван удаа тайлан гаргаад байна.
Мөн судалгааны
аргачлалыг нь Монголын нөхцөлд тохируулах боломжтой байдлыг ашиглан аймгуудын
өрсөлдөх чадварын тайланг анх удаа боловсруулж улмаар олны хүртээл болгох ажил
жигдэрчээ.
Өрсөлдөх
чадварын онол, судалгааны үр дүн Монгол Улсад
ЭЗБӨЧСТ-ийн
судалгааны тайлангуудын үр дүн нь төрийн бодлогод нэвтэрсээр байгаа болно. 2013
оны 11 дүгээр сарын 16 ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар
"Том төрөөс ухаалаг төр лүү"
үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд
Монгол Улсын Ерөнхийлөгч Өрсөлдөх чадварын судалгааны үр дүнд үндэслэн илтгэл
тавьж улмаар шийдвэр гаргагчдад зориулсан зөвлөмжийг хэлэлцүүлсэн билээ. Тус
зөвлөмжөөс олон чухал санал санаачлага гарсаны нэг нь Шилэн дансны тухай хууль
юм. Тус хуулийг 2014 онд УИХ баталж, улмаар төр, засгийн байгууллагууд
хэрэгжүүлж эхлээд байна.
Орон
нутагт ч өөрсдөдөө илүү тохирсон хөгжлийн бодлогоо боловсруулах, хүрч буй
амжилтаа хэмжих зорилгоор тухайн аймгийн бие даасан тайланг боловсруулах,
улмаар бодлогын хэлэлцүүлгүүдийг олноор зохион байгуулах болжээ. Энэ ажлыг
ЭЗБӨЧСТ бүрэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа болно.
Цаашид,
энэхүү судалгааны үр дүнг төрийн бодлогод ашиглах боломж нээлттэй хэвээр буй
юм. Жишээ нь, 2010 оны байдлаар Монголын эдийн засгийн бүтэц, төрийн оролцоог
Казакстан болон Өмнөд Солнгос улстай харьцуулж үзэхэд, Монгол Улсын хүн амын
37% нь албан ёсоор хөдөлмөр эрхэлж байсан бол Казакстанд тус харьцаа 49%
байжээ. Өөрөөр хэлбэл манай улсын хөдөлмөр эрхлэгчийн нуруун дээр харьцангуй
илүү ачаа оногдож байгааг харж болно. Монгол Улсад нийт хөдөлмөр эрхлэгчдийн
15% нь төсвийн байгууллагад ажиллаж байсан бол Өмнөд Солонгост ердөө 4%, харин
Казакстанд 23% байв. Төсвийн зардлыг эдийн засагт харьцуулсан үзүүлэлт манайд 40% байсан
бол, харьцуулан судалж буй хоёр оронд ойролцоогоор 22%-тай байна. Монголын
Улсын Засгийн газар эдийн засгийнхаа 13%-тай тэнцэх хэмжээний хөрөнгийг татаас
маягаар аж ахуйн нэгжүүдэд олгож байв. Гэтэл Казакстанд тус үзүүлэлт 0.53% харин
Өмнөд Солонгост ердөө 0.06% байв. Төр
хэр үр ашигтай ажиллаж чадаж байна вэ гэдгээс гадна эрчим хүчний хангамж,
хүүгийн түвшин, ажилтнуудын боловсрол ур чадвар гэх зэрэг олон чухал асуудлаар
дэлгэрүүлж судалгаа хийх боломжийг олгож байгаагаараа тус тайлан ач
холбогдолтой юм.
Цаашид
авах арга хэмжээнүүдийн тухай санал
Ойрын
ирээдүйд шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын судалгааг улам бүр гүнзгийрүүлэн
хөгжүүлэх нь зүйтэй. Ялангуяа улс төр-эдийн засгийн онолын судалгааг гүзгийрүүлэх,
дагнасан судлаачдыг бэлдэх шаардлагатай. Өнөөдөр манай эрдэмтдийн дунд улс төр,
төр эрхзүйн онолыг эдийн засаг ялангуяа эдийн засаг-математикийн онолтой холбон
хийж буй судалгаа хийх чиглэлээр мэргэших нь хомс байна.
Бодлогын
судалгааны арга, технологиудыг ч тухай бүр сайжруулж байх учиртай. Жишээ нь
Монгол хүний социологийн судалгаанд оролцож буй байдал, санал асуулгад хариулах
хандлагад өвөрмөц ялгаа бий эсэхийг судлах нь зүйтэй. Жишээ нь, Монголын бизнес
эрхлэгчдийн зүгээс төр засгийн үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ судалгаанд
хамрагдагчдын дунджаас доогуур хэвээр байгаа юм. Гэтэл статистик үзүүлэлтүүд (татварын үзүүлэлт, бизнесийн эрх чөлөөний индекс, бодит
хэрэглээ гэх зэрэг) ижил төстэй орнуудын дунджаас дээгүүр байх боломжтой.
Мөн
“policy
inconsistency”
буюу “бодлогын үр дүнгийн цаг хугацааны хоцрогдол” гэсэн
үзэгдэл Монгол Улсад бий эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл аливаа хүндрэлийг олж илрүүлэх - зөв оношлох - улмаар хариу үйлдэл
хийх хурдыг хэмжинэ. Зарим
орнуудад бодлого, хууль гарах гэсээр байтал шалтгаан нь болж байсан бэрхшээл
арилсан эсвэл өөрчлөгдсөн байх бөгөөд, цаг хугацааны хувьд ингэж хоцорсон
бодлого шийдвэр тус болохоосоо ус болсон жишээ байдаг. Ихэвчлэн төв банкны бодлогын
хүүг өсгөх, эсвэл бууруулах шийдвэрээр энэ төрлийн бэрхшээл (цаг хугацааны хоцролт) олонтаа илэрдэг. Манай улсад одоог хүртэл энэ төрлийн
дорвитой судалгаа хийгдээгүй байна. Үнийн хэлбэлзэл, бүтцийн савлагаан ихтэй
уул уурхайн зах зээлд томоохон тоглогч болж өндийх боломжтой манай улсын хувьд
төрийн чадавхи, шийдвэр гаргах хурд онцгой чухал ач холбогдолтой билээ.
Төрийн
бодлогын судалгаа хийх чадавхийг сайжруулахын тулд Стратеги судладын хүрээлэн,
ШУА, ЭЗБӨЧСТ, Монголын Эдийн Засгийн Форум зэрэг байгууллагуудыг бэхжүүлж,
хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.
Мөн
түүнчлэн Монгол Улс дэлхийтэй харьцуулахад бодлогын чадавхийн хувьд түүнчлэн
өрсөлдөх чадварын үзүүлэлтээр хаана байгааг олон нийтэд байнга тайлагнаж байх,
шаардлагатай тохиолдолд сонгогчдын боловсролын хөтөлбөр бий болгох нь зүйтэй
байж болох юм.
Дүгнэлт
Монгол
Улс нэг үзэл суртал давамгайлсан социалист төрөөс олон ургальч үзлийг хүлээн
зөвшөөрсөн ардчилсан төр рүү, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах
зээлийн эдийн засаг руу, уламжлалт хөдөө аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтцээс
уул уурхайд түшиглэсэн үйлдвэрлэлийн тогтолцоо руу шилжиж байгаа билээ.
Ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл гэсэн үнэт зүйлсийг хамгаалж байхын тул
Төр өөрөө хүчтэй, ухаалаг байх ёстой.
Өрсөлдөх
чадвар судлалын онолын үүднээс авч үзвэл,
Төрийн үндсэн үүрэг нь зөвхөн
эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын урсгал, валютын чанар биш, харин
иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, амьдралын чанарыг тасралтгүй сайжруулж
байхад оршино. Энгийнээр хэлэхэд аз жаргалтай амьдрах орчинг бүрдүүлэх (төр, засгийн буюу өргөн утгаар тухайн үндэстний) чадавхи, чадамжийг байнга хэмжиж байх, бусад орнуудтай
харьцуулж байх учиртай. Мэдээж Өрсөлдөх чадварын онол нь бүх бэрхшээлийг
арилгах ид шидтэй, бүхнийг анагаагч эм биш бөгөөд, харин аливаа үндэстэн (эсхүл орон нутаг) давуу болон сул талаа зөв тооцох, хөгжлийн замаа зөв
тодорхойлоход тусалдаг хүчирхэг хэрэгсэл буюу хөдөлмөрийн багаж зэвсэг билээ.
Үндсэн
хуулийн зорилго бол нэг удаа хүрээд зогсох бариа биш гэдгийг өмнө өгүүлсэн.
Зорилго өөд зогсолтгүй урагшилж байгаа эрэл хайгуул, алдаа оноо хийж буй зам
мөрөө Монгол улс өөрөө хэмжих учиртай. Мөн бодлого боловсруулах үйл явц,
тогтолцоог илүү ардчилах шаардлагатай байна. Монгол Улс орчин үеийн судалгааны аргачлалуудыг ашиглан
судалгаа хийх, улмаар үр дүнг нь бодлогодоо үр дүнтэй ашиглах, тинк-танк
байгуулах чиглэлээр тодорхой хэмжээний амжилтанд хүрч байна. Гэвч Монгол орны
өнөөгийн өвөрмөц цаг байдлыг онцолсон онолын судалгааг, ялангуяа улс төр-эдийн
засгийн чиглэлээр дэмжих шаардлага өндөр байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл онол-судалгаа-бодлого-хэрэгжилт -ийн
хэлхээг тасралтгүй сайжруулсаар байх нь чухал учир суурь судалгаанд дорвтитой
хөрөнгө оруулалт хийх цаг иржээ.
Ашигласан ном, материал:
Anthony Downs, 1957, An Economic
Theory of Democracy
Duncan Black, 1958, “The Theory
of Committees and Elections”, “Theory of Economic and Political Choices”
Francis Fukuyama, 2014-11, States
and democracy, Democratization
James M. Buchanan, Gordon
Tullock, 1962, The Calculus of Consent: Logical Foundations of Constitutional Democracy
Kenneth J. Arrow, 1951, Social
Choice and Individual Values
Knut Wicksell, 1896, A New
Principle of Just Taxation
Mancur Olson, 1965, The Logic of
Collective Action
Sara L. Jackson, 2014-11,
Imagining the mineral nation: contested nationbuilding in Mongolia
Дэлхийн эдийн засгийн форум
Дэлхийн өрсөлдөх чадвар судлалын
төв
Монголын эдийн засгийн бодлого,
өрсөлдөх чадварын
судалгааны төв
[3] жишээ нь, The Theory of
Committees and Elections, Theory of Economic and Political Choices гэх зэрэг
[7] James M. Buchanan, Gordon Tullock, The Calculus of
Consent: Logical Foundations of Constitutional Democracy, 1962
[10] http://www.weforum.org/reports/global-competitiveness-report-2014-2015
[11] http://www.imd.org/wcc/
No comments:
Post a Comment