2013-04-06

Ардчилал ба Төр (Дахиад Фукуяма)

Ардчилалын талаар эрдэмтэд юу хэлэв? (volume I)

- Оршил буюу яагаад бичих болов. -
Удахгүй Улс төрийн намуудын тухай хууль хэлэлцэгдээд эхэлнэ. Тэгвэл "энэ намууд ер нь яах гэж оршин байдаг юм бэ?" "ямар байх ёстой юм бэ?" гэдгийг судалдаг ухааныг улс төрийн шинжлэх ухаан (политикал сайенс) гэдэг бололтой юм. Энэ талаар сүүлийн үед нэрд гарч буй Америкийн Станфордийн их сургуулийн профессорууд байна.
Тэдний илтгэлийг сонсож байхад ойлгож авсан зүйлээ бичмээр санагдаад.
- Зарим нэг нэр томьёоны тайлбар. -
Ардчилал /Демокраси/ бол засаглахуйн нэг төрөл гэнэ. Засгийн газраа байгуулж, төр улсаа төвхнүүлэх нэг аргачлал бас зарчим гэж ойлгож болно.
Улс төрийн урсгал талаасаа Ардчилал буюу демокраси нь олонхийн засаглалыг илэрхийлдэг. Тэгвэл Либерал үзэл гэдэг нь цөөнхийн эрх ашгийг хүндэтгэж үздэг суртал гэнэ. Ребаплик буюу Бүгд найрамдахчууд хүчтэй, сайн засаглалыг хүсдэг улс бололтой.
- Тинк танк -
Америкт сүүлийн жилүүдэд улс төрийн бодлого боловсруулахад тинк танкуудын оролцоо ихэсч, улмаар нийгэмд нөлөөлөх нөлөөл нь ч өсч буй бололтой юм.
Тинк танк гэдэг нь судалгаа хийх үүрэгтэйгээс гадна мэдлэгийг бренджүүлэх бас олон нийтийн дунд бодлогын хэлэлцүүлэг хийдэг байгууллагыг хэлдэг.
- Сонгох зарчим -
Америкт сонгуулийн үр дүнд хэн аль албан тушаалд очих нь сонгогч нарт анхнаасаа тодорхой байдаг гэнэ. Харин Европ жишээ нь Холландад бол сонгуулийн өмнө хэн сайд болох нь тодорхойгүй байдаг аж. Тэгэхээр хэдий ардчилсан сонгууль ч гэсэн сонгуулийн дараа хэн дарга сайд болох нь урьдчилан тодорхой байх боломж Ерөнхийлөгчийн болон Парламентийн засаглалтай орнуудад харилцан адилгүй аж. Цаашдаа энэ хэн дарга сайд болохыг урьдчилан мэдэх боломжийг засаглалын хэлбэртэй нь холбон судлах ажил хийгдэх гэнэ. Манай улс төрөөр сурдаг оюутнууд, судлаачид анхаарах л хэрэгтэй санагдлаа.
- Хэт ардчилалын сул тал -
За хэт олон жижиг нам, бүлгүүдийг дээшээ гаргаад байвал төр бас гацдаг гэнэ. Итали жишээ нь байнгын эвсэл байгуулдаг. Эвсэл байгуулж чадахгүй бол Засгийн газар бүрэлдэхгүй гэсэн үг. Хэрэв төрийн байгууллагууд нь хүчтэй, улс төртэй төргүй үндсэн биеээрээ хөдөлж байвал заавал том, том тохирооны сайд нар хэрэггүй бололтой. Гэтэл төрийн байгууллагууд нь Засгийн газраас хэт хараат улсуудад энэ "хэт ардчилал" төрийг гацааж, шийдвэр гаргах чадварыг нь үгүй хийдэг гэнэ.
- Төрийн албан хаагчийн сонирхол -
Төрийн албан хаагч нь ашиг сонирхолын зөрчил багатай байх, шүүх бие даасан хараат бус, бас мэргэжлийн өндөр чадвартай байх нь ардчилалын баталгаа гэнэ. Олон хөгжиж буй орнууд төрийн хүчирхэг системийг бий болгоогүй байж ардчилалын зарчмуудыг нэвтрүүлдэгээс хямралд орж улмаар дарангуйлагч төрөх нөхцлийг бий болгодог ажээ. Зүйрлэбэл ардчилал бол компьютерийн программ /софтваре/. Харин төр бол хардваре буюу өнөө майнбоард энэ тэр. Чадал муутай компьтер дээр нь хүчтэй программ суулгаад ажиллахгүй байвал яах вэ? Шалтгааныг программаас бус харин компьютерийн их биенээс хайх хэрэгтэй гэсэн үг. Хүчирхэг чадварлаг төргүйгээр ардчилал өсч ургах боломжгүй.
- Төрийн албан хаагч ба баяжих сонирхол -
Мэдээж хүн л болсон хойноо төрийн албан хаагч ч гэсэн сайхан амьдрахыг хүсдэг. 1000 жилийн өмнө ийм л байсан, өнөөдөр ч адилхан. Францийн төрийн албан хаагч ба Камбоджийн төрийн албан хаагч хоёр бусдын л адил сонирхолтой, тэр нь сайхан амьдрах. Гэхдээ албан тушаалаа урвуулан ашиглах замаар баяжих нь эцэстээ нийгмээ сүйрүүлсэн жишээ олон. Хариу арга хэмжээ юу вэ? Францад төрийн албан хаагчдыг дор хяаж 5 жил бэлдэж байгаад зэгсэн өндөр цалин, ханггамжтай ажиллуулдаг. Зардал мэдээж маш өндөр гарна. Гэхдээ нийгэмд үлдээж буй үр нөлөө хамаагүй их байдаг. Учир нь ардчиллыг хамгаалж буй болохоор. Дорны зарим орнуудад бол төрийн албан хаагч өндөр ёс суртахуунтай байх нь элбэг. Тэд эхэлж шууд өөрсдийнхөө амьдралыг сайжруулья гэхээсээ илүү нийгмийнхээ дундаж амьдралыг дээшээ татах юм бол өөрөө дунд нь татагдаад дээшээ явна гэдгээ ойлгодог гэнэ.
Хамгийн гол нь тухайн үндэстний үнэт зүйл, зарчим, бусдыг сонсох чадавхи, оролцооны идэвхи, олныг хамарсан хэлэлцүүлэг хий болон нийтлэг соёл гэх зэрэг хүчин зүйлс төрийн сайн албан хаагчийг төрүүлэхэд маш чухал.
- Хуулийн засаглал (Rule of Law) ба намын санхүүжилт -
Ардчилал орон бүрт харилцан адилгүй хөгжиж байна. Заримд нь унтарч байна. Хэрэв төрийн байгууллагууд нь цаасан бар лугаа адил сул дорой бол ардчилалд өсч ургах ямар ч боломж үгүй. Гэтэл дарангуй улсуудад хүчтэй төр байсаан. Хүчтэй төр ба амьд ардчилалын харьцааг яаж барих вэ? Энэхүү тэнцвэржүүлэгч хүч бол хуулийн засаглал болон улс төрийн намууд.
Нэг нам + хүчтэй төр = дарангуйлал.
Олон нам + хүчтэй төр + ардчилсан сонгууль = ардчилал.
Олон нам байж ардчилал жинхэнэ утгаар хөгжих нь. Тэгэхдээ тэр нам хэрхэн оршин тогтнох бас хэрхэн санхүүжих ёстой вэ? Дэлхийн 2-р дайныг өдөөгч нь дарангуй онол бүхий ноёлогч нэг намын засаглалаас үүдэлтэй. Дайны дараа Германд ардчилалыг хамгаалахын тулд улс төрийн намуудад эхлэлийн санхүүжилт өгсөн байдаг. Цаашдаа санхүүжихдээ төсвөөс мөнгө авдаг гэнэ. Тусгай нээлттэй сангаар дамжуулж татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг улс төрийн нам нь иргэдийн оролцоог төрийн дээд түвшинд ханхах, төрийн эрх мэдлийг иргэний сонирхолтой холбох, улс төрчдийг бэлдэх гэх зэрэг үндсэн үйлчилгээг нийгэмд үзүүлдэг байна.
Гэхдээ нам заавал төрөөс санхүүжих албагүй. Хэрэв тухайн үндэстний соёл, сэтгэлгээ нь төрийг ашиг нэхэх хэрэгсэл гэж хардаггүй бол санхүүжилт хаанаас байх нь төдийлөн чухал бус. Харин ч төр зарим дорны үндэстний хувьд ариун зүйл гэж тооцогдох нь бий. Гэхдээ бодит амьдрал тийм биш. Хэрэвзээ намууд өөрсдөө өөрсдийгөө санхүүжүүлдэг бөгөөд энэ нь нууцлаг бол, тус санхүүжилт нь олон нийтийн түвшинд ил илэрч буй "албан ёсны" авлигын нэг хэлбэр гэж үздэг гэнэ.

Миний ойлгосон түвшинд Фукуямаг тайлбарлах нь (volume II)

- Сайенс уу? Шинжлэх ухаан уу? -
Сүүлийн үед зарим найз нар маань "шинжлэх ухаан" болон "их сургууль" гэсэн Монгол үгнүүдээс цэрвээд байгаа. Учир ориг гэгдэх сайнс болон университет гэх зэрэг утгыг гажуудуулж байж болох гэнэ. Сайенс гэдэг нь мэдлэг бүтээх гэсэн үг. Шинээр юм бий болгож байна. Гэтэл шинжлэх ухаан гэдэг нь байгаа юмыг судлана гэсэн санаа их байх шиг. Сургууль бол мэдлэгийг дамжуулдаг. Бага, дунд сургуульд мэдлэгийг дамжуулдаг. Гэтэл университет гэдэг нь мэдлэгийн фафрик гэнэ. Өөрөөр хэлбэл мэдлэг бүтээх аргачлалын дагуу ажиллаж буй үйлдвэрлэл аж.
- Сайхан амьдарцгаах мэдлэг хаанаас ирдэг вэ? -
Хүн нийгэмдээ сайхан амьдрах ёстой. Ийм ч жам ёсны эрхтэй. Тэгвэл тэр нийгэм нь хэр хангалуун бас шударга байхыг бид мэдэж байх ёстой. Энэ мэдлэгийг экономикс /бид эдийн засгийн шинжлэх ухаан гэж хэлээд заншсан/ болон политикс /бид улс төрийн шинжлэх ухаан гэж нэршээд хэвшсэн/ бүтээдэг юм байна.
Тэгэхээр Монголчууд бид хэр тааруу амьдарч байгаа нь элдэв онол, шинжлэх ухааны буруу биш юм шиг байна. Яагаад тааруу амьдарч байна? яавал аятайхан амьдрах вэ? гэсэн мэдлэгийг өөрсдөө бий болгох учиртай. Үүнд экономикс болон политиксийг зөв ашиглах чухал.
Гэтэл үнэндээ бид аль хэдийн мажийгаад үхсэн хэдэн эрдэмтний номыг орчуулмар болж, бас бус талаас нь оролдмор болсныгоо "шинжлэх ухаанжиж" байна гэж ойлгоод байдаг бололтой юм.
- Хөгжил гэж юу вэ? -
За сайенс яахав гэхэд, ер нь нийгмийн хөгжил хэрхэн явагддаг вэ. Сайенсийн бүтээгдэхүүн болсон мэдлэг өөрөө нийгэмд ямар нөлөөтэй вэ?
Хүн төрж өсч томордог. Энэхүү хүний өсөлтийн хөгжлийг ген /ДНК/ хэмээх мэдээлэл агуулсан хүчил удирддаг. Ген биднийг удирддаг, бид одоогоор генээ удирдах хэмжээнд очоогүй л байна. Тэгэхээр хөгжил гэдэг нь ген буюу мэдээлэл үүсч бас үргэлжилдэг үйл явц бололтой.
Харин нийгмийн, эдийн засгийн болон улс төрийн хөгжлийн үйл явцыг хэн удирддаг вэ? Бурхан уу? Хүн үү? Эсвэл Байгаль уу?
Марксынхаар бол урьдчилан тодорхойлсон мастер код /бичээс, зурлага/ байдаг гэнэ. Тэр нь материалист диалектикийн дагуу явсаар бүгдээрээ тэгш сайхан, аз жаргалтай амьдрах тэр нийгмийн байгуулал буюу коммунизмд л хүрэх зам гэнэ дээ. Өөрөөр хэлбэл коммунизмд хэр дөхөж байгаагаар нь нийгмийн хөгжлийг хэмждэг гэсэн санаа.
- Эдийн засгийн өсөлт үү? Нийгмийн хөгжил үү? -
Ихэнхи хүмүүс хөгжил гэхээд дан ганц эдийн засгийн өсөлтийг ойлгодог. Мэдээж эдийн засгийн өсөлт нь аж үйлдвэрийн хувьсгалаас хойш эрс хурдассан. Гэхдээ энэ нь нийгмийн юм уу, улс төрийн хөгжил гэсэн үг биш гэнэ. Зарим оронд нэг хүнд оногдох ДНБ гэх үзүүлэлт өндөр байдаг ч энэ нь шударга хуваарилтыг илэрхийлж чадахгүй.
Тийм учир нийгмийн үзүүлэлтүүд нь хөгжлийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой. Энд жишээ иргэн хүн хот, хөдөөд ер нь хаана байгаагаас үл хамааран амьдралын чанар өндөр байх тухай яригдана.
- Нийгмийн хөгжил -
Нийгмийн хөгжил тэгэхээр зөвхөн эдийн засгаар илэрдэггүй тхуай дурьдлаа. Нийгмийн хөгжлийг тайлбарласан олон онолчид байдаг. Тэд бүгд тухайн цаг үеийнхээ нөхцөлд тохирсон мэдлэгийг бүтээж байжээ:

Адам Смит (Adam Smith)
Хэнри Майне (Henry James Sumner Maine)
Эмайл Дюркхайм (David Émile Durkheim)
Макс Вебер (Maximilian Karl Emil "Max" Weber)
Фердинанд Төннийс (Ferdinand Tönnies)
Монголчууд бид одоогоор сайнсийн хөгжлийн хувьд Хэнри Майнегийн түвшинд яваа болуу. Өөрөөр хэлбэл бид өөрсдийгөө ойлгох тэр мэдлэгийг бүтээхийн тулд Майнегийн номыг унших нь илүү амьдралд ойр болно. Бусад нь арай ахдана гэнэ.
- Фукуюмагийн мэдлэг бидэнд юу өгч чадах вэ? -
Фукуяма "Түүхийн төгсгөл" номоороо шуугиан тарьж байсан. Гол санаа нь миний ойлгосноор: чөлөөт либерализм дэлхий дээр бүрэн ялснаар коммунист капиталист хэмээх үзэл суртлын тэмцэл эгнэгт алга болов. Социалист систем задран унав. Хятад улс аажмаар либералчилагдаж байн. Ингээд хүйтэн дайн энэ тэр дуусч бүгдээрээ амар сайхандаа жаргах тухай байв. Харин түүний багш Хантингтон эсрэгээр үзэл суртлын сөргөлдөөн дууссан бол одоо соёл иргэншлийн сөргөлтөөнт цаг үе ирж байна. Дэлхийн улсууд эзэн орон бүхий долоон том соёлын тивд хуваагдаж хоорондөө мөчөөрхөх болно гэх санааг гаргасан юм. 1990 ээд оноос гарсан олон дайн бас дэлхийн санхүү эдийн засгийн хямралуудаас үзэхэд Фукуяма арай л эрт "баярласан" гэмээр харагддаг юм. Тэрбээр саяхан бас нэг ном бичсэн. Санаа нь хүчирхэг төр буюу орчин цагийн bureaucracy нь ардчилалын баталгаа болох тухай юм. Бюрокраси гэдэг үгийг бид хүнд суртал гэж буруу орчуулдаг. Гэтэл энэ үгийн утга нь богино хугацаатай сонгуульд чигэлсэн улс төрийн дарамт шахалтыг тэсэх чадвартай төрийн байгууллагуудын хүчирхэг тогтолцоог давхар агуулдаг аж. Ардчилал ганцаараа юу ч биш. Түүнийг ургуулахын тулд хүчирхэг төр, мөн иргэдийн соёл, сэтгэлгээ араншин чухал юмаа гэсэн санааг олж харсан.

2012-08-24

Боловсролын банкируудын үнэ цэнэ ба үндэстний өрсөлдөх чадвар

Монголд өнөөдөр 752 Ерөнхий боловсролын сургуулиуд үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 510 орчим мянган суралцагч сурч байна. Нэг сургуульд 680 орчим сурагч ногдож байна гэсэн үг.
2008 оны байдлаар манай улс эдийн засгийнхаа долоо орчим хувьтай тэнцэх мөнгийг боловсролын салбарт зарцуулж, тус үзүүлэлтээр дэлхийд зэгсэн дээгүүр жагсаж байв. Харьцуулбал, ОХУ-д дөрөв, харин Сингапур болон Катарт тус тус харгалзан гурван хувьтай байна. 

Дахин нэг шатаар гүнзгийрүүлж, өөр нэг статистик сонирхвол харин огт өөр дүр зураг харагдана. Тухайлбал, нэг хүнд ногдох боловсролын зардал Монголд 132 америк доллар байв. Харин Катар 2,327 ам доллараар тэргүүлж, Словени (1,213) болон Сингапур (1,202) удаалжээ. Катарын дундаж иргэн биднийхээс 20 дахин үнэтэй үйлчилгээг улсаасаа авдаг гэсэн үг. Катараа байг гэхэд, олон улсын жишигтэй харьцуулахад Монгол хүнд төрөөс оногдож буй боловсролын зардал туйлын бага байна. Дээр нь тус зардлаас хүйтэн өвлийг давах зориулалтаар олгодог сургуулийн байрны халаалт, тог зэрэг зардлыг хасаад үзэх юм бол, дүр зараг бүр ядмаг харагдах нь ойлгомжтой.
2007 оны байдлаар манай нэг бага ангийн багшид дунджаар 32 сурагч, дунд сургуулийн багшид 20 сурагч тус тус ногдож байна (Хятад: бага анги 19, дунд 16, ОХУ: бага 17, дунд 9). Ер нь олон улсын жишгээр бага ангийн багшид ногдох сурагчдын тоо 18, харин дунд сургуулийнх 14 байдаг аж. Нийслэл хотын сургуулиудын бага анги 40, 50 хүүхэдтэй гэдгийг тооцож үзвэл Монголчууд дэлхийн стандартаас хэр хол хоцорсон болохыг харж болно. Катарт бага ангийн багш 12 хүүхэдтэй харьцаж байхад, Финланди, Норвеги-д нэг сурган хүмүүжүүлэгч долоон хүүхэдтэй ажилладаг аж (сайн дурын болон туслах багшийг оролцуулаад). Боловсролын салбарын дэд бүтэц буюу багш сурагчийн харилцаа нэг иймэрхүү. 

Харин чанарын хувьд улс орнуудыг хооронд нь харьцуулдаг аргачлал байдаг юм байна. ОЕСD буюу ЭЗХАХБ-аас дэлхийн улс орнуудын 15 настнуудын дунд 3 жилд нэг удаа ПИСА (PISA) тестийг зохион байгуулдаг. Ирээдүйн иргэдийнх нь уншиж ойлгох, математик болон шинжлэх ухааны мэдлэгийн цар хүрээ нь тухайн улсын ерөнхий боловсролын систем ямар төвшинд байгааг илэрхийлж, өрсөлдөх чадварыг нь тодорхойлдог юм байна. Боловсролын сайдын ажлын үр дүнг ч тухайн хэмжүүрээр сорьдог жишиг байдаг. Харамсалтай нь, тус түвшин тогтоох сорилтонд манай улс хамрагддаггүй байна. Гэхдээ энэ санаачлагад нэгдэх эрх нь нээлттэй бөгөөд гагцхүү манай улсын ЗГ-ын идэвхи зүтгэлээс хамаарах аж.

Олон улсын түвшинд дундаж сурагчдын ерөнхий чадавхийг шууд харьцуулахад хүндрэлтэй байна. Тийм учир дотоодод асуудал ямар байгааг үзье. Бизнес эрхлэгчид Монголын боловсролын системд шүүмжлэлтэй ханддаг нь өрсөлдөх чадварын тайлангаас тод харагддаг. Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлийн хэрэгцээ шаардлагад манай боловсролын систем нийцэж байна уу гэсэн асуулт бий. Үүнд, Монголчууд хамгийн сайн, боломжит 10 онооноос ердөө 2.5 оноо өгч, гэтэл Сингапур 8.08, Малайз 7.05 гэсэн үнэлгээ өгч байж. Энэ нь төрийн зүгээс зөвхөн хувийн хэвшлийхэндээ гэлтгүй нийгэмдээ үзүүлж буй үйлчилгээний чанарын илэрхийлэл болно.
Дээд боловсролын бүтээгдэхүүн буюу их дээд сургуулийн төгсөгчид ажил олгогчийн шаардлагыг хангаж буй эсэхэд бизнес эрхлэгчид мөн л гонсгор. Товчхондоо хувийн хэвшлийнхэн маань чанартай, мэдлэгтэй, ур чадвар бүхий ажиллах хүчнээр хагас өлсгөлөн байна гэсэн дүгнэлт хийж байна. Харин өрсөлдөх чадвар өндөртэй орнуудын хувьд ийм бэрхшээл алга. Төр нь хувийн хэвшлийхэндээ ажиллах хүчин, ур чадвар гэсэн гол ОРЦ-ыг нь чанартай бэлдээд өгөх тогтолцоог бүрдүүлээд өгчихөж.
Хувийн болон хувьсгалын журмаар ажил олгогч нартай уулзахад ч өнөөгийн дотоодын сургуулийн төгсөгчдийг удирдлагын ур чадвар болон гадаад хэлний мэдлэгээр ихээхэн голдог. Ялангуяа бие дааж ажиллах, сэтгэх, асуудал шийдвэрлэх чадавхи сул байна гэх нь олонтаа. Тэгээд таньдаг мэддэг их дээд сургуулиудын багш нартай ярьж байхад дараах дүр зургийг тодорхойлдог юм. Оюутнууд намар цугладаг, тэгээд танилцах, нүүр хагарах, хичээл ном нь жигдрэх болон “шоудах” зэргээр 11 сар гаргачихдаг. Тэгээд жаахан хичээл хиймэр аядаж байтал шинэ жил, ёолкны шоу залгаад цагаан сар, март гээд үргэлжилнэ. Хаврын шалгалтанд жаахан бэлдэж байгаад л төгсөлт, зуны амралт гээд нэг жил дуусчихдаг. Үндсэндээ 4 жилд яг суралцах үйл ажиллагаанд 4-5 сар оногдвол их юм. Энэ бол их дээд сургуулийн багш нарын хувьд бага хугацаа. Гэтэл одоогийн дунд сургуулиа төгсөөд ирж буй төгсөгчдийн унших, бичих, асуудалд шүүмжлэлтэй хандах чадвар эрс суларсан гэсхийгээд, ер нь бол 10-н жилийн багш нараас алдааг хайх хэрэгтэй гэсэн санааг цухуйлгаад орхидог. Ахлах ангийн багш нартай уулзахад, дунд ангийн боловсролыг голно. Тэнд суурь боловсролоо сайн эзэмшээгүй учир ахлах ангийн багш нарын хөдөлмөр үр дүн муутай байхад нөлөөлдөг гэнэ. Харин дунд ангийнхан болохоор бага ангидаа л сууж сураагүй, суралцах арга барилд суралцаагүй сахилгагүй жаалууд орж ирээд өсвөр насны адал явдалтайгаа танилцсаар 4 жилээ үддэг гэнэ. Тэгэхээр явж явж, бага анги гэдэг иргэнийг төлөвшүүлэхэд, зах зээлийн боловсон хүчнийг бэлдэхэд хамгийн анхдагч шат болох нь харагдана. 

Өрсөлдөх чадвартай, өндөр хөгжилтэй орнууд ч энэ энгийн үнэнийг их дээр ухаарч тодорхой стандартын дагуу бага боловсролоо хөгжүүлж ирж буйн жишээг дээр дурьдсан.
Монголд өнөөдөр 27 орчим мянган багш ЕБС-иудад ажиллаж байгаагаас есөн мянга нь бага ангийн сурагчидтай тулж ажилладаг. 2009 оны байдлаар бага ангийн багш жилд дунджаар 1,900 орчим ам долларын цалин авч байжээ. Тэгвэл жирийн нэг банкны зээлийн ажилтан 6,700 доллар авч байсан байна. Оюуны банкир болсон багшийн хөдөлмөр мөнгөний банкирын үнэлгээнээс гурав дахин бага байгаа нь Монголын боловсролын салбарын үнэ цэнийг илтгэнэ.
Гэтэл Катар, Солонгос, Сингапурт багш нар жилд 30 орчим мянган долларын цалин авдаг нь Монгол дахь мэргэжил нэгтнүүдээсээ 15 дахин өндөр үзүүлэлт юм. Тэгвэл Сингапурт "жирийн нэг банкны ажилтан” жилд 22 мянган доллар, харин Катарт ердөө 15 мянгыг авдаг нь багшийн цалингаас 2 дахин бага байна. АНУ болон Скандинавын орнуудад бага ангийн багш банкны зээлийн мэргэжилтнээс даруй 2-3 дахин цалин авдаг нь эдгээр орнуудын хүний хөгжлийн нэг том нууц гэлтэй.
Байгаа мэдээлэл дээрээ үндэслэн энгийнээр таамаглаж дараах тооцоог хийлээ. Монголын есөн мянган бага ангийн багш нэг жилд нийтдээ 17 сая ам доллар буюу 23 орчим тэрбум төгрөгийн цалингийн фондтой байна. Энэ нь төсвөөс боловсролд зарцуулж буй нийт зардлын 5 хувь, нийт төсвийн зардлын нэг хувь ч хүрэхгүй болно. Дашрамд дурьдахад Боловсролын яам болон сангийн яам энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай.
Хамгийн шилдэг нь бага ангийн багш болдог тогтолцоог бий болгох нэг хөшүүрэг бол бага ангийн багшийн цалин урамшуулалыг өсгөж, нэг багшид оногдож буй сурагчийн тоог эрс бууруулах ёстой. Энэ хүрээнд бага ангийн багш нарын тоог эхний ээлжинд дор хаяж 30 хувиар, цаашид хоёр дахин нэмэх шаардлагатай. Мөн бага ангийн багшийн цалинг зах зээлийн жишиг рүү дөхүүлэх ёстой. Элдэв тендер, ядуурлыг бууруулдаг биш өсгөдөг сонгуулийн амлалт гэх зэрэгт бид жилд хэдэн зуун тэрбум төгрөгийг агаарт цацдаг. Тэгвэл бага ангийн багшийн цалинг одоо байгаа 30 орчим (ямаанд 30 тэрбум өгч л байсан) тэрбумаас нь гурав дахин өсгөлөө гэхэд төсөвт төдийлөн хүнд дарамт учрахгүй болов уу.
OECD -ийн ПИСА болон мэргэжлийн ур чадварын үнэлгээний системд Монголчууд хамрагдаж эхлэх ёстой. Тэгж байж бид өөрсдийгөө хуурсан дипломний үйлдвэрлэл хөгжүүлээд байна уу эсвэл үнэхээр дэлхийн тавцанд өрсөлдөх иргэдээ боловсруулж байна уу гэдгээ бодитоор хэмжиж сурна.

2012-08-07

Шинэ Засгийн газрыг ямар орчин хүлээж байна вэ?

2012 оны сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрдээд удаагүй байна. Ямартаа ч эвслийн Засгийн газар бүрдэх нь тодорхой. Тэгвэл шинэ ЗГ-ыг ямар орчин хүлээж байна вэ?
Тангаргаа өргөсөн гишүүд болон намуудын авсан суудлын харьцааг үзвэл эрээвэр хураавар танхимтай боллоо. Сайдын суудлын төлөө нам, бүлэг хоорондын тэмцэлтэй жилүүд ирэх магадлал өндөр. Товчхондоо хэлэхэд тогтворгүй орчин хүлээж байна.
Макро эдийн засгийн хувьд ч тогтворгүй гэхэд багадахаар. Сонгууль угтаж “эдийн засаг хурдтай өсч байна” гэсэн сурталчилгааг их хийсэн. Гэвч сурталчилгааны самбарыг буулгаж харвал бодит байдал их өөр. 2012 оны 5-р сарын байдлаар төсвийн алдагдал эрс ихэссэн дүнтэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад төсвийн орлого хэвээрээ байхад зардал зэгсэн өсчээ. Энэ өсөлтийн ихэнх нь нийгмийн халамж, цалин тэтгэмжийн нэмэгдэлтэй холбоотой.

Төсвийн алдагдал 405 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд улмаар цаашид ч өсч нийт эдийн засгийн дөрвөөс таван хувьд хүрч очих магадлалтай. Эхний таван сарын байдлаар гадаад худалдааны алдагдал 1.2 их наяд төгрөгийг давжээ. Эдийн засгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний энэ алдагдал өсч, өнгөрсөн жилийн дээд амжилтыг эвдэх шинжтэй боллоо. Төсвийн болон гадаад худалдааны хос алдагдал нь төгрөгийн ханшид сөргөөр нөлөөлөх нь тодорхой.
Гадаад орчин ч эрсдэлтэй хэвээр. Европын өрийн хямрал дэлхий нийтэд нөлөөлж, ялангуяа манай түүхий эдийн гол худалдан авагч Хятадын эдийн засгийн өсөлт саарах нь Монгол Улсын экспортод ч сөргөөр нөлөөлнө. Манай экспортын орлогын 91 хувь нь зэс нүүрс хоёроос бүрдэх болж, 2008 онтой харьцуулахад нэг худалдан авагчаас хараат байдал эрс өсчээ.

Ямар ч засаг гарсан их л хүнд төсөв, эдийн засаг хүлээж авч байна. Шинэ засгийн газар ийнхүү өмнөх засгийн газруудынхаа сонгууль угтсан төсөв, мөнгөний хэт тэлэх бодлогоос үүдэлтэй инфляцитай тэмцэх, мөн Хятадын эдийн засгийн болзошгүй хөрөлтөөс үүсч болох экспортын уналтаас хамааран бүсээ ихээхэн чангалах шаардлагатай тулж болзошгүй.
Макро орчны дээрх гажуудлуудыг засахаас гадна уул уурхайн бус салбарт ажлын байрыг олноор бий болгох шаардлагатай. Гэхдээ эдгээр ажлын байр нь өмнөх ЗГ-уудынх шиг нэг удаагийн кампанит арга хэмжээгээр биш, харин хувийн хувшлийнхний урт хугацаат хөрөнгө оруулалтын үр дүнд бий болж байж тогтвортой байх болно.

Хувийн хэвшлийнхэн шинэ ЗГ-аас юу хүсч байна вэ? Тэд засгийн нээлттэй бодлого, нам инфляци, улс төрийн тогтвортой орчныг хүсч байна. Бас авлига, хүнд суртлаас ангид байх эрх чөлөөг хүсч байгаа нь олон судалгаанаас харагдаж байна. Бизнесийн таатай орчны үзүүлэлтээр бид 2005 онд дэлхийн улс орнуудаас эхний 41-д байсан бол 2010 онд 72-р байр руу гулчсээ. Харин хамгийн сүүлийн байдлаар дахин  ухарч 86-д орчихсон явна.
Авлигын үзүүлэлтээр 2005 онд 85-д байснаа 2010 онд 116-д орох болсон. Одоо дахиж ухраад 120-д орчихсон л байна. Төрийн хүнд суртал, авлига ихэссэн учир Монгол Улс эдийн засгийн эрх чөлөөгөөр долоон жилийн өмнө 43-д ордог байсан бол 2010 онд 88 болж ухарчээ.

Хувийнханд учирч буй өөр нэг бэрхшээл нь зээлийн олдоц хомс байгаатай холбоотой юм. Өдийд ихэнх бизнес зээлээ авч, хөрөнгө оруулалтаа хийчихсэн байдаг. Гэтэл сонгуулийн амлалт-төсвийн хэт тэлэлт-өндөр инфляци-бодлогын өндөр хүү гэсэн гинжин цагиргаас болж банкууд зээл олголтоо сааруулж байна.
Уул уурхайн бус  салбарынханд учирч буй өөр нэг бэрхшээл нь авьяаслаг хүмүүсээ баян уул уурхайн компаниудад алдахгүйн тулд цалингаа эрс өсгөх шаардлагатай болж байна. Бензин, дизель гэх зэрэг нь ч уул уурхайн огцом эрэлтийн ачаар “үнэд орж” байна. Бензиний үнийн өсөлт бусад бараа, үйлчилгээний үнийг өсгөж байна. Өөрөөр хэлбэл,  ханшийн өндөр хэлбэлзэл, хүний нөөцийн шилжилт гэх зэргээр Голланд өвчинд нэрвэгдэж буй эдийн засгийг шинэ засаг хүлээн авч байна.


Чөлөөт зах зээлийн тогтолцоог бэхжүүлэхийн зэрэгцээ, баян хоосны ялгааг арилгах, дундаж давхаргыг дэмжих замаар иргэний нийгмийг байгуулах гэсэн урт хугацааны зорилтод хүрэхийн тулд боловсрол, дэд бүтцэд хөрөнгө оруулалтыг зэгсэн нэмэгдүүлэх шаардлагатай. Ийм учир шинэ ЗГ тулга тойрсон хэрүүл, бүлэг фракциудад эрх мэдэл хуваарилах гэсэн аар саар зүйлтэй ноцолдсоор хугацаа алдах ёсгүй. Учир нь сонгуулиар өвчилж, уул уурхайгаар халуурсан эдийн засгийн өнөөгийн согог улам даамжирвал Монголын ирээдүйд маш ноцтой хохирол учрах болно. Эдгээр сорилт, бэрхшээлээс гадна уул уурхайгаас орох орлогыг зөв удирдахын зэрэгцээ, уул уурхайн бус салбаруудад эдийн засгийн эрх чөлөөг олгож чадвал эдийн засгийн бодитой, тогтвортой хөгжлийн суурийг тавих түүхэн боломж байна.    


2012-03-29

Маркс - Философич уу? Эдийн засагч уу?

Бага ангид сурч байх үеийн дурсамжинд минь сахал үсэндээ баригдсан хоёр герман эр, дээр нь халзан толгойтой Ленин гурвын зураг бүдэгхэн хирнээ томоохон байр суурь эзэлдэг юм. Тэдний зураг бас толгойг нь дүрсэлсэн барималын өмнө ёслож, улаан галстук зүүж пионер болж байлаа. Маш их баярлаж байсан. Карл Маркстай танилцсан түүх нэг иймэрхүү буюу одоогийн зарим хүүхдүүд Будда эсхүл Христтэй танилцаж байгаатай төстэй. Социалист Монгол улсад Марксгүй зүйл ховор байсан байх. Ямар сайндаа л “Мал маллахаа Марксаар заалгахгүй” гэсэн хэдэр үгийг малч өвгөн хэлсэн гэсэн яриа байдаг. Дунд ангид сурч байхад ардчилсан хувьсгал өрнөж, өнөөх Маркс маань хүчирхийллийг сурталчлагч, ангигүй гэгдэх утопи нийгэм байгуулахын тулд люмпен пролетарийг турхирагч гэх зэргийн ойлголт авч эхэлсэн. Гинжнээс өөр алдах юмгүй пролетари анги, бүх дэлхийд ялах улаан коммунизм энэ тэр гэсэн ойлгоход бэрх зүйл бичдэг байсан нь аргагүй байж гэсэн шүү юм бодсоор тэгсгээд мартсан даа.
Дараа нь оюутан болж, Философийн хичээл сонслоо. Формацийн онолыг үндэслэгч гэсэн утгаар Марксыг үзсэн санагдаж байна. Тэгээд насаараа Марксизм судалсан гэгдэх багш шалгалтанд хэр хатуу шүүдэг вэ гээд урьдчилсан тандалт хийтэл, өмнөх курсын маань нэг залуугийн паян чих дэлсдэг юм байна. Оюутнуудын дунд тарсан яриагаар бол өнөөх оюутан маань Карл Марксын тухай ярина уу гэсэн билет (асуулт) сугалж л дээ. Тэгээд “Маркс чинь зүгээр л нэг эдийн засагч” шүү дээ гэж хэлж багшийг уурлуулаад хөөгдөж гарсан гэдэг. Тэр цагаас хойш Маркс эдийн засагч уу эсвэл философич уу гэсэн асуултыг сонирхдог болсон юм.
Маркс гэж хэн байв аа? Еврей гаралтай гэр бүлд өсч хүмүүжсэн тэрбээр еврейн шашны номлогчийн охинтой гэрлэжээ. Эхнэр нь долоон удаа төрсөн ч ердөө 3 охин нь л хүн болж. Өтөл ахуй цагтаа бас нэг охиноо алдаж гашуудаж байсан байна. Ид хийж бүтээх насандаа байнгын мөрдлөг, хавчлагын дор цагаач байдалтай, өвчинд ээрээстэй амьдарч байжээ. Гэрийн үйлчлэгчтэйгээ учир ургуулж нэг хүүтэй болсон байдаг. Гэхдээ орчин үеийнх шиг, тухайлбал “Терминатор” Арнольд Шварценеггэрийн (Калифорни мужийн амбан захирагч асан) гэрийн үйлчлэгчээс нь төрсөн нууц хүү илэрч шуугиан тарьсантай адил үйл явдал болсон эсэх нь тодорхойгүй.
Хувь хүн талаасаа тэрбээр алдаа оноогоор дүүрэн, ээдрээтэй амьдралыг туулж. Гэвч шинжлэх ухааны ертөнцөд тэрбээр түүхэн хүний байр суурийг нэгэнт олжээ. Дэлхийд алдартай BBC (Их Британийн БиБиСи телевизийн цахим хуудас) Карл Хайнрих Марксыг өнгөрөгч Мянганы хамгийн суут сэтгэгчээр тодруулсан байна. Тэрбээр харьцангуйн онолын Эйнштейн, таталцлын хуулийн Ньютон, хувьсалын онолын Дарвин болон эрхзүйт төрийн Кант нарыг ардаа орхиж түрүүлжээ.
Марксыг алдаршуулсан гол бүтээл нь түүний нийтлэлүүдийн эмхэтгэл болох “Капитал” хэмээх гурван боть зохиол юм. Амьд ахуйдаа тэрбээр эхний ботийг нь л тэрбээр тэрлэж амжсан бөгөөд удаах хоёрыг нь түүний үнэнч анд Энгельс дуусгасан байдаг.
Энэ бүтээлдээ тэд нэмүү өртөг, барааны өртөг, хөдөлмөрийн өртөг болон капиталын өртөгийг тодорхойлж, улмаар эдгээр хүчин зүйлс зах зээлд ямар үүрэг гүйцэтгэдгийг тайлбарласан байдаг. Баялаг бий болгож буй эдгээр хүчин зүйлүүдийн зохист тэнцвэр алдагддаг учир, зах зээлийн системийн мөн чанар тогтворгүй. Хямрал зайлшгүй. Капитализмд өөрөө өөрийгөө идэж устгах хүч нуугдаж байдаг. Хэдий хүй нэгдлийн, боолын, феодалын нийгэмтэй харьцуулахад капитализмд олон давуу тал бий ч гол нь нийгмийн баялгийн хуваарилалт бас л шударга бус байдаг гэнэ. Бараа материал олноор үйлдвэрлэхийн тулд, өөрөөр хэлбэл баялаг бий болгохын тулд багаж зэвсэг, мөнгө, хөрөнгө, газар зайлшгүй хэрэгтэй. Эдгээрийг эзэмшиж буй хөрөнгөтнүүд ажилчин ангийн хөдөлмөрийг сорон мөлжих замаар улам баяждаг. Ядуус нь улам ядуурдаг. Элдэв хямрал, инфляци, ажилгүйдэлд ажилчин анги илүү өртөнө. Капиталист нийгмийн үндсийн үндэс болсон дундаж анги үгүй болж, нийгэм нь эрх мэдэл бүхий хэт цөөнхи (буржуй), үгээгүй олонхи (пролетари) гэсэн хоёр хэсэгт хуваагдана.
Мөн улс төрийн шинжтэй бусад нийтлэлүүдээрээ тэрбээр үйлдвэр, банкны эзэд баян хангалуун амьдарч байхад, ажилчид амрах завгүй ажиллаж, өлсгөлөнгийн цалин авч байгааг шүүмжилдэг байв. Хүүхэд, эмэгтэйчүүдийн тэвчишгүй хөдөлмөр ч тухайн үед газар авч байсан нь нийгмийн тогтолцооны гажуудлын үр дүн бөгөөд хүн өөрөөсөө харьжиж (хүнээ алдаж) байна гэж үзжээ. Хөдөлмөрчин хүн үйлдвэрийн түүхий эд болж хувирсаны гол буруутан бол хөрөнгөтөн буюу буржуй нар юм. Буржуй нар төрийг худалдан авах бөгөөд, ингэснээр Төр засаг гэдэг нь хөрөнгөтөн ангийн зүгээс ажилчин ангийг дарангуйлж байх хэрэгсэл болж хувирсан гэж үзжээ. Тийм учраас жинхэнэ баялгыг бий болгодог ажилчин анги хувьсгал хийх замаар эрх мэдэлд хүрэх ёстой гэнэ. Улмаар шударга бус хуваарилалтын эх үндэс болсон хувийн өмчийг устгаж, нийтийн өмчийг бий болгоно. Ингэснээр нийгмийн суурь давхарга болсон эдийн засагт үндсэн өөрчлөлт хийгдэх бөгөөд үүн дээр үндэслэн ангигүй нийгэм бий болж, бултаараа эв хамтдаа амар тайван жаргаж суух аж. Европын социалист болон социаль демократуудаас ялгаатай нь Маркс ардчилсан сонгуульд төдийлөн ач холбогдол өгдөггүй байв. Харин интернационалист пролетариудын зөвлөл гэгчээр удирдуулсан хувьсгалт тэмцлийн ачаар буржуй нарыг (хөрөнгөтөн ангийг) устгах учиртай аж.
Гэвч шинээр байгуулагдаад байсан Германы социаль демократ намууд түүний онолд авах гээхийн ухаанаар хандсан юм. Баялгийн шударга хуваарилалт, эдийн засаг дахь тэгш эрх, хүүхэд эмэгтэйчүүдийн эрх, шашин эс шүтэх эрх чөлөө, хөдөлмөрчдийн нийгмийн хамгаалал гэсэн олон үзэл баримтлалыг нь улс төрийн номлолдоо ашиглажээ. Харин тэр хувьсгалт тэмцэл, коммунист улс төрийн байгуулал гэх зэрэг шийдлүүдээс нь татгалзсан байдаг.
Философи, улс төрийн сэтгэлгээнд тэрбээр хувьсгалын шинжтэй өөрчлөлт хийж чаджээ. Жишээ нь философи бол танин мэдэх, байгааг тайлбарлах төдий биш харин аливааг өөрчлөх ухаан гэсэн утгатай үгийг хэлсэн байдаг. Ертөнцийг үзэх үзлээ тэрбээр шашны нөлөөгүйгээр томьёолохыг оролдсон байдаг. Бүхнийг мэддэг, хардаг, зохицуулдаг бурхан, эзэн, далдын хүчин, сүнс, санаа гэх зэргээс илүү Материалист диалектик гэсэн хөгжлийн хөдөлгүүр хүний нийгэмд үйлчилдэг аж. Хүн төрөлхтөний түүх бол дарлагч ба дарлагдагч ангийн тэмцлийн түүх. Нийгэм хөгжиж шинэ шатанд гарахын тулд тэмцэл зөрчил зайлшгүй. Гэхдээ энэ тэмцлийн түүхийг дуусгаж, тэмцэлгүй шударга нийгэм байгуулах боломжтой. Тэр бол түүнийхээр коммунизм байлаа. Үүний тулд буржуй буюу мөлжигч хөрөнгөтнүүдийг устгах ёстой. Гэхдээ коммунизм руу шууд хүрчихгүй. Эхэлж пролетари анги нь төрийн эрхийг аваад социализм байгуулна. Социалист нийгмийн гол зорилго нь буржуй ангийг устгаж, капиталыг нийтэд дахин хуваарилсан тийм шилжилт байх гэнэ.
Өнөөдрийн өндөрлөгөөс эргэн харахад Маркс тухайн цаг үеийнхээ л бүтээгдэхүүн байж. Тэр үед зэрлэг капитализм хүчээ авч, алдарт Чарли Чаплиний “Хүүхэд” (1921 он) хэмээх кинонд гардаг шиг нөхцөл байдал ноёрхож байсан биз ээ. Түүний хувьсгалт үзэл цаг үедээ үзүүлсэн хариу үйлдэл байсан гэж үзэх үндэстэй. Нөгөө талаас тэрбээр хурц ухаан, шүүмжлэлт сэтгэн бодох чадварынхаа ачаар капиталист нийгмийн оршихуй ба хөгжихүйн зүй тогтолыг тайлбарлаж, улмаар сая сая хүнийг араасаа дагуулж чадсан.
Гэвч түүний онол хэдэн янзаар ойлгогдож бас “туршигдсан” гэж болохоор. Өнөөдрийн төв болон хойд Европын орнуудын нийгмийн баримжаатай зах зээлийн байгуулалд Марксын онолын сүүдэр тусаастай. Герман, Швед зэрэг орнууд коммунизм байгуулаагүй ч, ямартаа ч тэнд хэт хөрөнгөтөн, мөлжигч буржуй нар устаж алга болжээ. Ангийн дайснууд гэгдсэн Буржуй нарыг коммунист хувьсгал биш харин ардчилал, шударга ёс, тэгш боломж устгасан гэж судлаачид үздэг. Европын ихэнхи хөгжингүй орнуудад хүчирхэг нийгмийн хамгаалал бүхий асар том дундаж анги оршин тогтнож байна. Хүн авьяас чадлаараа капиталист болох боломж бүрэн нээлттэй.
Хятад, Хойд Солонгос, Куба, Вьетнамд ч одоо хир нь Маркст итгэгч нар хэдэн зуун саяараа тоологдоно. Харамсалтай нь Хойд Солонгост “улаан Буржуй” давхарга үүсчихээд байна гэж барууны зарим судлаачид үздэг. Өөрөөр хэлбэл Буддагийн сургаалийг гажуудуулдаг лам нар байдгийн адил, “Марксист бус” Марксист цөөнх нь үгээгүй ядуу ардыг төрийн машин, суртал нэвтрүүлэг, харгис цагдаагийн хүчээр барьж байдаг тогтолцоо Хойд Солонгост оршиж байна гэсэн дүгнэлттэй олонтаа таарч болно.
Орос оронд октябрийн хувьсгал ялаагүй бол Монголчуудын хувь заяа огт өөрөөр бичигдсэн байж ч болох юм. Бид мэдэхгүй байна гэдэг байхгүй байна гэсэн үг огт биш. Юу хэлэх гээд байна вэ гэвэл Марксын нөлөө одоо ч бидний амьдралд, гэхдээ бидэнд мэдэгдэхгүйгээр оршсоор байна. Монгол Улс НҮБ-д элссэн, Монгол хүн сансарт ниссэн, МАХН хэмээх байгууллага 1930 аад оны их террор үйлдсэн гэх зэрэг их олон үйл явдал Марксын үзэл санааг дагагсадтай ямар нэг сэжмээр салшгүй холбоотой.
Хэрвээ Маркс цаг хугацааны машинаар аялаад өнөөгийн Монголд ирсэн бол зарим нэг зүйлийг хэлэх байсан болов уу гэж төсөөлж байна. Жишээ нь, 1921 оны Монгол бол капиталист нийгэм биш ээ. Монголчууд морио барихдаа Уурга хэрэглэдэг. Уургыг капиталын үр хөврөл гэж үзье. Тэгвэл Монголд уургыг эзэмшигч хөрөнгөтөн анги бий болоогүй л байв. Адуучин эр (ажилчин анги) ч уургыг булааж авах хувьсгал хийх шаардлагагүй. Мал сүрэг капитал мөн үү? Заримдаг утгаар тийм. Гэвч мал сүрэг өөрөө малчин ангийг мөлжих хэрэгсэл болж чадах уу? Үгүй. 1921 оны Монголын нийгэмд Нэмүү өртөг үйлдвэрлэдэг эдийн засаг байв уу? Үгүй.
Гэсэн хэдий ч Марксизм улс төрийн үзэл суртлын хувьд Монголд шашин адил дэлгэрсэн. Харин нийгмийн байгууллыг тайлбарлах гэсэн үндсэн үүргээ гүйцэтгэж чадаагүй л болов уу. Маркс өөрөө аливаа шашин, суртал, өмнөх үеийнхний онол, улс төрийн номлолыг сохроор дагахаас зайлсхийдэг байлаа. Санваартан хадам, идеалист багш, цалинг нь өгдөг ажил олгогчийнхоо нөлөөнөөс өөрийгөө Чөлөөлөх ёстой гэж эрмэлздэг байсан нь илт. Тухайлбал, шашин бол ард түмний хувьд мансууруулагч (зовлон зүдгүүрээс зугтахад нь тусалдаг) хар тамхи юм гэсэн алдарт үгээ хэлсэн байдаг. Орчин үеийн хүмүүсийн хувьд энэ нь ойлгоход хялбар боловч харьцангуй шашинжсан тухайн цаг үедээ бас л дэвшилтэт эсвэл гаж гэмээр тайлбар байлаа.
Төгсгөлд нь “Маркс - Эдийн засагч уу?, Философич уу?” гэсэн асуултандаа эргэж орьё. Магадгүй энэ нь “Бүргэд - Шувуу юу?, Жигүүртэн үү?” гэж асууснаас ялгаагүй байж болох юм.

2012-03-23

Баруун хөрш маань Бар болох уу?


Эсгий туургатны нэг том төлөөлөл болсон казак үндэстэн тун удахгүй Наурызийн баяраа тэмдэглэлээ. Тийм учир бидний баруун хөрш Казахстан улсын өрсөлдөх чадварын талаар бичихээр шийдлээ. Үндэстний удирдагч гэгдэх Назарбаев ерөнхийлөгч энэ улсыг ЗХУ–аас салж тусгаар төртэй болсон цагаас нь эхлэн удирдаж буй юм. Бусад ... стан орнуудыг удирдагч нараас ялгаатай нь Назарбаев өөрийн улсаа шинэчлэх талаар “Хятадын онцлоготой социализм” гэдэг шиг “Казакстан маягийн капиталист” бодлого явуулж байна. Сингапурын Ерөнхий сайд Ли Гуан Яао болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Парк Чунг-хээ нар улс орнуудаа Азийн Бар болгож чадсан шиг Назарбаев ч мөн адил Казакстан орныг дэлхийн хамгийн хөгжингүй, өрсөлдөх чадвар сайтай орны нэг болгох зорилготой юм. Харин баруун хөрш маань ойрын ирээдүйд Өмнөд Солонгос эсвэл Сингапуртай адил өрсөлдөх чадвар сайтай орон болж чадах уу?
Эдийн засгийн хэмжээ. 2010 оны байдлаар баруун хөршийн маань эдийн засгийн хэмжээ 146 тэрбум долларт хүрсэн бөгөөд энэ нь манай улсын эдийн засгаас 24 дахин их, харин хойд хөрш Оросынхоос 10 дахин бага байна. “Зүүн хөрш” Өмнөд Солонгосын ДНБ нэг их наяд (триллион) долларт хүрчээ. Нэг хүнд оногдох ДНБ-ээр баруун хөрш маань 9,000 доллар гэсэн үзүүлэлтээр Малайзыг ардаа орхиж улмаар Мексик болон Оросыг гүйцэхэд ойрхон байгаа юм. Манай улсын хувьд 2.2 мянган доллар байсан бөгөөд энэ нь Солонгосынхоос 10 дахин бага байна.
2010 онд Монголчууд 400 сая долларын алдагдагдалтай наймаа хийсэн бол баруун хөрш маань 30 тэрбум долларын ашиг хийсэн байна. “Зүүн” хөршийнх тэгвэл гадаад худалдаанаасаа 41 тэрбум долларын ашиг олж. Манай улс гурван тэрбум долларын экспорт гаргасан бол баруун хөрш маань үүнээс 20 дахин илүүг хил давуулан худалджээ. Харин Солонгосчууд Казахстанаас найм дахин их бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн зах зээлд нийлүүлжээ. Солонгосчууд ихэвчлэн эцсийн бүтээгдэхүүн борлуулдаг бол Монгол, Казахстан хоёр түүхий эд борлуулдаг. Чухам ийм учир Назарбаяв 2030 он гэсэн хөтөлбөртөө өрсөлдөх чадвар, эдийн засгийн төрөлжилтийг эрс дээшлүүлнэ гэсэн “амлалт” аваад байгаа юм.
Хөдөлмөр эрхлэлт. Монголын хүн амын 37% нь албан ёсоор хөдөлмөр эрхэлж бусдыгаа тэжээдэг бол баруун хөршид маань энэ харьцаа 49% байна. Монголд нийт хөдөлмөр эрхлэгчдийн 15% нь төсвийн байгууллагад ажилладаг бол зүүн хөрш Солонгост ердөө 4% нь төрд харьяалагдана. Харин баруун хөршид маань энэ үзүүлэлт 23%-д хүрчээ. Энэ нь Казакстаны 4 ажиллагсадын 1 нь татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг гэсэн үг. Тиймдээ ч тэр үү баруун хөршийн маань төсвийн алдагдал 3.4 тэрбум долларт хүрч байв.
Төрийн оролцоо. Засгийн газрын өрийг ДНБ-д харьцуулж үзвэл манайд 28%, харин баруун хөршид 2.5%, “зүүн хөрш”-д 1.6% байна. Казакстан бидний хажууд өргүй шахам улс аж. Төсвийн зардлыг эдийн засагт харьцуулсан үзүүлэлт манайд 40% байсан бол, баруун болон зүүн хөршид маань ойролцоо буюу 22%-тай байна. Хөршүүдтэй нь харьцуулбал, Монгол Улсыг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист улс гэж хэлж болохоор. Монголын Засгийн газар эдийн засгийнхаа 13%-тай тэнцэх хэмжээний хөрөнгийг Татаас маягаар аж ахуйн нэгжүүдэд олгодог бөгөөд энэ нь татвар төлөгчдийн мөнгөөр үрэлгэн байдлыг санхүүжүүлж буй нэг хэлбэр юм. Гэтэл баруун хөршид энэ хувь 0.53% харин зүүнд маань ердөө 0.06% байна.
Зээлжих чадвар ба эрсдэл. Мэргэшсэн хөрөнгө оруулагчдын олон улсын байгууллагаас жил бүр улс орнуудын зээлжих чадварын үнэлгээ өгдөг. Хамгийн сайн оноо нь 100. Тэгвэл зүүн хөрш маань 77, баруун хөрш маань 54 оноо авсан байна. Харин бид 36 оноотой тууж явна.
Евромони-гоос улс орнуудын хөрөнгө оруулалтын эрсдлийн үнэлгээ гарчээ. Эрдсэл даах чадвар хамгийн сайтай гэж үзвэл 100 оноо авна. Монголчууд ердөө 36 харин баруун хөрш маань 54, зүүн хөрш маань 78 оноо тус тус авсан байна.
Бүтээмж. Эдийн засгийн өсөлтийг бодит хөгжил болгож хувиргадаг гол хүчин зүйл бол бүтээмж. 2010 оны байдлаар дундаж Монгол ажилчин жилд 6 мянга орчим долларын баялаг үйлдвэрлэсэн бол Казакстанд 18, харин Солонгост 42 хүрч байж. Монгол ажилчин цагт дунджаар 5 долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол баруун хөршид 12, харин “зүүн хөрш”-д 25 байна. Монгол ажилчин цагт дунджаар 1.4 долларын цалинтай бол баруун хөршид 4.4 харин зүүнд 12 байгаа юм.
Ногоон эдийн засаг. Солонгост 1,000 долларын баялаг (ДНБ) үйлдвэрлэхийн тулд 24 шоо (куб) метр ус ашигладаг. Тэгвэл Монгол 127 м3 болно. Харин Казахстанд 315 м3 буюу Солонгосынхоос 13 дахин их ус зарцуулж байна. Энэ бол нэн үрэлгэн хэрэглээ юм.
2008 оны байдлаар Солонгосчууд дэлхийн агаар мандалд нийт 500 метр тонн нүүрс хүчлийн хийг цацжээ. Харин Казахстан 200 метр тонн, Монгол Улс ердөө 11 метр тонн хорт хий “үйлдвэрлэж”. Гэвч эдийн засгийн хэмжээтэй нь харьцуулж үзвэл өөр дүр зураг үзэгдэнэ. 1 сая долларын баялаг үйлдвэрлэхийн тулд Солонгост 513 тонн хорт хий ялгаруулсан бол Казахстан 3 дахин их буюу 1,511 тонныг ялгаруулжээ. Өөрөөр хэлбэл баруун хөрш маань нэг хүнд оногдох нүүрс хүчлийн хийн үйллдвэрлэлээрээ зүүн хөршийнхөөс 3 дахин их байна гэсэн үг. Гэхдээ л бидэнтэй харьцуулахад бага байгаа юм. Монголчууд нэг сая долларын баялаг үйлдвэрлэхийн тулд агаарт 2,200 тонн нүүрс хүчлийн хийг цацдаг.
Боловсрол ба бүтээмж. 2009 оны байдлаар Солонгосын төр боловсролын салбартаа эдийн засгийнхаа 4.6%-тай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Харин Казахстанд 4.1% байв. Монголд энэ тоо харьцангуй өндөр буюу 7.1% байна. Гэвч хүнд нь хуваагаад үзвэл мөн л өөр дүр зураг тодорно. Солонгос улсын дундаж иргэн жилд 800 орчим доллартай тэнцэх боловсролын үйлчилгээг төрөөсөө авдаг аж. Гэтэл Казахстанд энэ хэмжээ ердөө 290 доллар байна. Гэхдээ энэ хэмжээ Монгол Улсынхаас хоёр дахин их байгаа юм. Учир нь Монгол Улсын дундаж иргэн жилд ердөө 110 доллартай тэнцэх хэмжээний боловсролын үйлчилгээг төрөөс авдаг ажээ. Солонгост бага ангийн багш дунджаар 24 сурагчтай ажилладаг байхад, манайд улсын дундаж нь 31 байгаа юм. Харин Казахстанд ердөө 16 байна.
2009 оны байдлаар Монголд бага ангийн багш жилд хоёр мянган долларын цалинтай байсан бол банкны зээлийн мэргэжилтэн гурав дахин ихийг буюу долоон мянгыг авч байж. Харин Солонгост багш жилд 30 мянгын харин банкир 26 мянган долларын орлоготой. Сингапурт ч мөн адил багшийн үнэлэмж өндөр. Харин баруун хөршид маань багш хүн жилд ердөө гурван мянган долларын цалинтай байхад банкны зээлийн мэргэжилтэн зургаа дахин их буюу 18 мянган долларын орлоготой байсан аж. Казакстанд багшийн үнэ цэнэ, багшийн хөдөлмөрийн үнэ цэнэ харьцангуй доогуур байна.
Уул уурхайгаас орж буй мөнгөө ашиглан Болашак хэмээх сангаар дамжуулан залуусаа гадаадад өндөр боловсруулахад анхаарч ирсэн. Тус хөтөлбөрөөр гадаадад сураад ирсэн залуус өнөөдөр Казахстаныг орчин үеийн өрсөлдөх чадвартай орон болгон хувиргах биз ээ. Мөн үндэсний хөрөнгө оруулалтын тусгай сангаар дамжуулж гадны шилдэг менежмент, технологийг нутагшуулах зорилготой.
Улс төрийн эрх чөлөө, ардчилал. Казак гэдэг нь эрх чөлөөт гэсэн утга бүхий үг гэж зарим эх сурвалжид дурджээ. Улс төрийн ардчилалын хувьд хязгаарлагдмал хэдий ч, Казахстаны хувийн хэвшил өнөөдөр Монголчуудаас илүү их эрх чөлөөг эдэлж байна.
Нэгэн цагт Сингапур, Өмнөд Солонгосын туулаад өнгөрсөн хүчтэй төр бүхий капиталист тогтолцоог баруун хөрш маань туршиж байна. Энэ нь “хүчтэй гар”-ын дор улс төрийн тогтвортой байдал, мөн хувийн хэвшлийг дэмжсэн дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын бодлого гэх зэрэг юм. Баруун хөрш маань эдийн засгийн хүч чадлын хувьд адилхан социалист байсан зэргэлдээ орнуудаа олон талаар хол хаяжээ. Гэвч азийн бар гэгдэх Солонгос эсвэл Сингапурын дайнд хүрч хөгжихөд нь томоохон бэрхшээл, сорилт байсаар байна. Тухайлбал, хүн амын эрүүл мэнд, багшийн үнэлэмж сул, эрчим хүч, усны үрэлгэн хэрэглээ, байгалийн бохирдол, судалгаа шинжилгээны салбар дорой болон харилцаа холбооны сул дэд бүтэц гэх зэрэг болно.
Түүнчлэн залуус нь бодит баялгыг үйлдвэрлэдэг хувийн хэвшилд эрсдэл үүрэхээсээ илүү баялаг хуваарилдаг төрийн албанд орохыг илүү үзэх болжээ. Экспорт нь уул уурхайн түүхий эдээс хэт хараат болж байна. Уул уурхайн их мөнгө үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөөс үүсгэх, мөн бусад салбарт ажиллах хүчний зардлыг өсгөх гэх зэрэг дарамт учруулж байгаа юм.
Эдгээр сул талуудын зэрэгцээ, асар их байгалийн баялгаа ашиглан хөгжингүй гүрэн болох зориого тавиад буюу Назарбаявын Казакстан “Аж үйлдвэрээ хөгжүүлэх төлөвлөгөө”, “Казакстан 2030” гэх зэрэг олон хөтөлбөртэй. Тэр дагуу Балхаш, Жамбулд үйлдвэрийн томоохон цогцолборууд барина гэж зарлаад байгаа. Эдгээр төслүүдийн санхүүжилт хэдэн тэрбумаар хэмжигдэнэ. Энэ мөнгөний эх үүсвэрийг гадаадын хөрөнгө оруулалт гэж тооцоолж буй. Гэвч гадныхны хувьд нэг том эрсдэл бий. Энэ бол Назарбаевын дараахи Казакстан орныг хэн, хэрхэн авч явах вэ гэдэг тэрбум долларын үнэтэй асуулт юм.