2016-10-20

Мессежийн эдийн засаг

Социологид self-fulfilling prophecy буюу биелэлдээ хүрдэг зөгнөлийн онол гэж бий. Үүнийг амны билгээс ашдын билэг эсвэл муу амлаад байвал тэр нь биелдэг гэх хэлц үгсээр илэрхийлж болох юм.
 
Энэхүү онолыг хөрөнгийн зах зээл, банк-санхүү, түүнчлэн макро эдийн засгийг тайлбарлахад ашигладаг. Нэг жишээ байдаг юм. Ширүүн бороотой өдөр хэсэг хүмүүс норохоос сэрэмжлэн байшингийн хана налан эгнэн зогсчээ. Тус байшинд нэг банк байрладаг байж. Тохиолдлын гэмээр эсвэл санамсаргүйгээр л тэгж таарч. Гэтэл гудамжны эсрэг талд байрлах орон сууцны оршин суугч тэдгээр хүнийг хараад зүсэр бороог үл ажран банкинд дугаарлаж  байхыг бодвол их л чухал хэрэг гарч дээ гэж бодож. Ингээд ах дүү, хамаатан садан, найз нөхөд рүүгээ утас цохиж “энд нэг банк хямарч байх шиг байна. Хүмүүс хадгаламжаа авах гээд урт дараалал үүсгэсэн байна” гэж дуулгаж гарчээ. Уг  яриа түймэр адил хотоор нэг тарав. Ингээд хүн бүр хадгаламжаа авахаар тус банк руу нэгэн зэрэг  гүйлдсэнээр эдийн засгийн шинжлэх ухаанд bank run гэж нэрлэгдэх үзэгдэл болж, тус банк дампуурчээ. 
 
Эдийн засагч Кейнс 1936 онд animal spirit буюу сүргийн сэтгэхүй хямралд хэрхэн нөлөөлдөг тухай бичиж байж. Түүнийхээр бол хэдий компаниудын ашиг өндөр, хувьцааны өгөөж сайн байлаа ч ямар нэг шалтгаанаар иргэд, хөрөнгө оруулагчид зохиомол хямралаас айгаад эхлэх юм бол  амьтанлаг шийдвэр гаргаж, сүргээрээ том ангал руу шахалдан хуйларч, бүгд хамтдаа унах эрсдэлтэйг сануулж байж.
 
Өнөөдөр дэлхийн ихэнх оронд нийгмийн хүлээлт ба эдийн засгийн хөгжлийн уялдаа холбоог удирдах тогтолцоо, жишиг нь аль хэдийнэ мэргэжлийн түвшинд хүрсэн байна.Brexit буюу Европын холбооноос Их Британи гарч буй үйл явцаар жишээ авъя. Шинээр томилогдсон Ерөнхий сайд нь ажил хүлээлцэх үйл явцыг зөв удирдахаас эхэллээ. Өмнөхөө муулсангүй. Хэвлэл мэдээллээр нь Англиас ч илүү хүнд нөхцөлд байгаа орнуудын талаар  мэдээ, нийтлэл түлхүү яваад л. Ер нь масс нэг сард хоёроос дээш чухал асуудал (скандал) хүлээж авах багтаамжгүй гэх судалгаа байдаг аж. Тэгэхээр энэ хоёр асуудлын нэг нь мэдээж Италийн банкууд хэрхэн дампуурах гэж буй тухай, хоёр дахь нь бас л олон улсын сэдэв. Үүнд, Сири дэх Оросын “хүчирхийлэл”, Клинтон, Трамп хоёрын хоорондын хэрүүл гэх зэрэг.  Олны анхаарлыг өөр тийш нь залсаны хүчээр англичууд хамгийн эгзэгтэй 2-3 долоо хоногтоо ядаж л сандарч үймж, эдийн засгаа улам ч унагасангүй. Энэ хооронд нь харин ч нэгэнт гарсан шийдвэрээсээ хамгийн сайн үр дүнд хүрэх төлөвлөгөө боловсруулах цагийг бодлого боловсруулагч хийгээд бизнесийнхэн хаа хаанаа хожив. 
 
Мэргэжлийн байх гэж үүнийг л хэлж байгаа юм. Манай хойд болон өмнөд хөршид ч ажил хүлээлцэх үйл явцыг удирдах талаар арвин туршлагатай. Харамсалтай нь ардчилсан оронд хуулбарлах боломж хомс учир үүгээр зогсох нь зүйтэй.

Монголд байдал ямар байна вэ? 

2016 оны УИХ-ын болоод орон нутгийн хоёр сонгуулийн хооронд юу болоод өнгөрөв? Сонгуулийн үр дүнд шинээр байгуулагдсан Засгийн газар маань мэргэжлийн гэх тодотголтой аж. Харин эдийн засаг, гадаад дотоодын зах зээлд өгч буй дохио, мессежүүд нь мэргэжлийн байж чадсангүй. Өрөөр айлгах улс төрийн сонгуулийн тактикаар төрийн мөнгө, төсвийн бодлогыг үргэлжлүүлэх гэж муйхраар оролдов. Зах зээл ч дор нь тохирох хариу барив. Долларын ханш чөлөөтөөр унаж, Монголын зээлжих зэрэглэл доошлов. 

 “Нэг бүдэрвэл долоо бүдэрнэ” гэгчээр бодлогын хүүг огцом өсгөх, хөтөлбөрүүд зогсоох(эдийн зас­гийн эрэлтийг мөнгөөр тэтгэж байсан судсуудыг таслах), татвар нэмэх, тэтгэмж бууруулах, төрийн албан хаагчдыг хоморголон халах, хүүхэд залуусын мөнгийг хумих, банк болон иргэдийн дунд тогтсон итгэлцэлд сэв суулгах зэрэг арга хэмжээ авав. Тэгсэн атлаа төсвийн тодотгол дээр зардлыг бууруулах биш харин ч өсгөх тухай ярих нь зах зээлийг асар том эргэлзээнд оруулав. ОУВС-гийн хатуу хөтөлбөр, Хятадын банкны зөөлөн зээл гэх зэрэг сонголт гаргаж ирээд ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг өөх ч биш, булчирхай ч биш байдал нь горьдлого дүүрэн харцаар харж байсан хөрөнгө оруулагчдыг нэгмөсөн үргээж орхилоо.
 
Шинэ Засгийн газрын хамгийн сайн хийсэн ажил нь өмнөх Засгийн газраа муулахын тулд ард иргэдийг хямралаар айлгах л байлаа. Төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хорь хувь хүрлээ, энэ байдлаараа далан хувьд хүрэх нь, валютын нөөц хасах 400 сая хүрлээ зэрэг мэдэгдлүүдээр үндэсний болон гадаадын хэвлэлүүд хангалттай шуугилаа. Монгол Улсын эдийн засаг хямарч байна, төсвийн алдагдал хяналтаас гарлаа гэх зэргээр суртал ухуулгыг мандуулан хийлээ.
 
Уг нь эдийн засгийн бодит өсөлт нь 2-3 улирал дараалан хасах үзүүлэлтэй гарч, ДНБ нь өнөөдрийн ОХУ, Бразил гэх мэт орных шиг  агшиж байвал эдийн засгийн хямрал гэж үздэг. Манай улсын хувьд 2009 оныг эс тооцвол сүүлийн жилүүдэд дандаа л эерэг үзүүлэлттэй байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн бодит хямрал болоогүй гэсэн үг. Гэтэл Сангийн сайд, Монгол банкны ерөнхийлөгч хоёр нь зохиомол хямралаар айлгаад байхаар юунд хүрэх вэ гэвэл “Биелэлдээ хүрдэг зөгнөл” (self-fulfilling prophecy) гэсэн бэлэн хариу байна. 
 
Монгол төгрөг бол үндэсний мөнгөн тэмдэгт. Монгол төрийн төсөв бол ард түмний төсөв.  Зах зээл өөрөө ч тэр ард түмний өмч, ард түмний талхаа олж иддэг талбар. Энэ зах зээлийг зохицуулагчдын үг эдийн засгийг залуурдаж байдаг. Залуур атгаж буй хүмүүст бүлгийн, намын, сонгуулийн жижиг эрх ашигт үйлчлэх ёс суртахууны эрх байхгүй. Учир нь мессежийн эдийн засагт мэргэжлийн бус үг, үйлдэл бүрийн төлөөсийг зах зээл, бизнес эрхлэгчид төлдөг юм.  

2016-07-08

Хэвлүүлсэн нийтлэл, өгүүллүүд

Сүүлийн үед хэвлүүлсэн зарим нэг нийтлэл, өгүүлэлүүдийг оруулав. Үүнд,


The Potential for Methane Gas Development in Mongolia, (2015/12), "ERINA Report" Олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн 127 дахь дугаар.
http://www.erina.or.jp/en/wp-content/uploads/2015/02/er127_tssc.pdf

Монгол орны нүүрсний давхаргын хийг ашиглах эдийн засгийн болон экологийн ач холбогдол, 2016-2, "Эрчим хүч&engineering" сэтгүүл (144).

Өрсөлдөх чадвар судлалын онол-Монголд, 2016-3№01 (340) Шинжлэх ухаан амьдрал (ШУА, шинжлэх ухаан-танин мэдэхүйн улирал тутмын сэтгүүл)

Валютын довтолгоонд бэлэн үү?, 2015-4(72), Стратегийн судалгаа /Стратеги судлалын хүрээлэн/.

Mongolia’s state policy on the minerals sector and its application in the promotion of sustainable development, (2016/05), "Law in transition" , EBRD
http://www.ebrd.com/publications/law-in-transition-2016-mongolia-state-policy.pdf

Зэсийн зах зээлийн хэтийн төлөв, 2016, Стратегийн судалгаа №739 (1/2016)


2016-02-22

Өрсөлдөх чадвар судлал буюу Бид урагшилж байна уу?


 Монгол Улс Үндсэн хуулиндаа “...эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно”, “...дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна., Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл,  төрийн зохицуулалт бүхий олон хэвшилт эдийн засаг дээр тулгуурлан хүмүүнлиг нийгэм байгуулах эрхэм зорилготой. Мэдээж тус зорилго нь нэг удаа хүрээд зогсох зогсоол биш үргэлж тэмүүлж байх ёстой аялалын чиг юм.

   Тэгвэл зорилгоо хэрхэн тодорхойлох вэ? Эдийн засаг, улс төрийн онолчид үндсэндээ хоёр аргачлал буюу хэлбэрээр хариулт өгч иржээ.
·     Эхнийх нь, "байх ёстой" (ought to be) дээр үндэслэсэн боловсруулдаг норматив тодорхойлолт юм. Жишээ нь Аристотелийн “ардчилсан нийгэм”, Карл Марксын “нийгмийн дээд байгуулал болох коммунизм”, Моорийн “утопи нийгэм”, Томас Хоббсийн “нийтийн сайн сайхан” (“commonwealth”, Leviathan, 1651)  гэх зэрэг болно.
·        Хоёр дахь нь “одоо ямар байна вэ” (“what is”)  гэсэн хандлагын үүднээс ханддаг позитив тодорхойлолт болно.

Энэхүү нийтлэлийг хоёр дахь хандлага буюу позитив тодорхойлолтын хүрээнд бичлээ.

Онолын салбаруудын давхцал ба шинэ урсгал

        Аливаа улс орны төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ өгөх зорилго бүхий “Улс төр судлал”, “үндсэн хуулийн эрхзүй”, “макро эдийн засаг”, “социологи” гэх зэрэг бие даасан салбар ухаанууд бий. Харин эдгээрийн хоорондын харилцаа болон шүтэлцээнд авч үзсэнцогц буюу салбар дамнасан онолын судалгаа харьцангуй бага гэж үзэх үндэстэй. Гэсэн хэдий ч нийгмийн шинжлэх ухааны салбарт хүлээн зөвшөөрөгдсөн урсгал, шинжлэх ухааны аргачлалууд цөөнгүй байна. Эдгээрийн нэг нь “public choice theory”[1] буюу “Улс төр-эдийн засгийн онол” юм. Шведийн математикч, эдийн засагч Кнут Викселл[2] анх нийгэм, эдийн засагт үзүүлэх төрийн бодлогын нөлөөг эдийн засгийн болон математикийн аргачлалаар судалж, олон чухал судалгааны бүтээл хэвлүүлсэн нь энэхүү урсгалын үүсгэл болжээ. 1960-аад онд Шотландын эдийн засагч Данкан Блак (Duncan Black) энэхүү урсгалыг үргэлжлүүлж, судалгааны цар хүрээг өргөжүүлж олон бүтээл нийтлүүлсэн байдаг[3]. Мөн Нобелийн шагналт Америкийн эдийн засагч Кеннет Ж. Арроугийн “Нийгмийн сонголт ба хувь хүний үнэлэмжүүд”[4] жинтэй хувь нэмэр оруулжээ. Тэрбээр “Нэгэн зэрэг хангагдах боломжгүй таван хүчин зүйл”-ийн тухай ерөнхий онолыг дэвшүүлсэн нь орчин үеийн улс төр-эдийн засгийн онолд маш үнэтэй хувь нэмэр болсон юм. Тухайлбал,  “дарангуйлалгүй ардчилсан төр”-тэй бол “бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үзэл суртал” оршин байх боломжгүй юм. Боломжгүйн Ерөнхий Теорем: дорхи нөхцлүүдийг бүгдийг нь хангах нийгмийн таатай байгууллыг тодорхойлох боломжгүй. Үүнд,
·         Дарангуйлал үгүй: хэн нэг хувь хүний сонголт нь бусдын сонголтыг харгалзан үзэлгүйгээр бүлгийн нийтлэг хэм хэмжээ болж болохгүй.
·         Бие хүний бүрэн эрхэт байдал: бие хүн бүр өөрийн зам мөрөө зөвхөн өөрөө сонгох, түүндээ хөтлөгдөх боломжтой байх
·         Нэгдмэл байх: хэрэв бие хүн бүр нэгийг нөгөөгөөс илүү үзсэн бол, бүлгийн түвшинд ч мөн ижил байх
·         Чухал бус сонголтын хувилбараас ангид байх эрх чөлөө: хэрвээ аливаа нэгэн сонголт үгүй болвол, бусдынх нь чиг үүрэг өөрчлөгдөхгүй байх
·         Бүлгийн өвөрмөц, давтагдашгүй байдал: сонголтуудын багцуудын хувьд тухайн аргачлал хэзээ хэрэглэгдсэнээс үл хамаарч нэгэн ижил үр дүнд хүрч байх.
  
            Америкийн эдийн засагч Энтони Даунсийн “Ардчилалын эдийн засагч онол[5]  болон нэрт эрдэмтэн Манкур Олсоны интституцийн эдийн засгийн чиглэлээр хийсэн олон чухал бүтээлүүд[6] ч энэ салбарт хүндтэй байр эзэлдэг.

            Нобелийн шагналт улс төрийн эдийн засагч Жеймс М. Буханан[7] тус салбарын тэргүүлэх эрдэмтдийн нэгт зүй ёсоор тооцогддог. Тэрбээр үндсэн бүтээлдээ эдийн засагт өргөн ашиглагддаг тоглоомын онолыг  төр-эрхзүйн онол (урсгалууд) -той нэгтгэх замаар хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан Төрийн зүгээс эдийн засгийн үр ашигтай шийдвэрийг хэрхэн гаргах тухай судалсан байдаг. Буханан түүнчлэн “Эрх чөлөө, зах зээл, төр” (1986) хэмээх номондоо хувь хүний ашиг сонирхолыг хэрхэн нийгмийн сонирхолтой уялдуулах, үүнд улс төрийн гүйцэтгэх үүргийг харуулсан байдаг. Хамгийн гол нь иргэн ба төрийн хооронд үүсч буй гэрээний харилцааг судлах, сайжруулахад эдийн засагчдын оролцоо чухал юм гэдгийг онцолжээ.
           
            Онолын суурь судалгааны хэрэгцээ ба шаардлага Монголд

            Монгол Улсын хувьд түүх соёлын өвөрмөц уламжлалын тусгал бүхий орчин үеийн ардчилсан төрийн шийдвэр гаргах чадамжийг улс төр, эдийн засаг, социолгийн түвшинд нэгтгэн авч үзсэн салбар хоорондын онолын судалгааг эрчимжүүлэх шаардлага байгаа юм. Ялангуяа манайх шиг уул уурхайд түшиглэсэн эдийн засаг руу шилжиж буй орны хувьд онцгой анхаарч судлах асуудлууд шинээр урган гарсаар байна. Уул уурхайд суурилсан эдийн засаг нь олон улсын түүхий эдийн зах зээлээс хэт хараат болж, энэ хирээр эдийн засаг, санхүүгийн тогтолцоо нь хэврэгжиж, улмаар улс төрийн тогтворгүй байдалд хүргэсэн жишээ цөөнгүй байдаг. Үүнийг эрдэмтэд Голланд өвчин, Баялгийн хараал гэх зэргээр нэрлэж иржээ. Харин газрын хэвлий дэхь баялгаа зөв ашиглаад нийгэм, эдийн засгаа хүчирхэгжүүлсэн ардчилсан орнууд байна. Үүнд Австрали, Норвеги, Чили зэрэг олон улс орнууд багтана.
            Төрийн эрх барих тогтолцооны хувьд нэг нам бүхий системээс олон намыг хүлээн зөвшөөрдөг тогтолцоо руу шилжих үйл явц үргэлжилсээр байгааг харгалзан үзэх юм бол манай хувьд судалгааны хамрах хүрээ, судлагдахуун маань илүү цогц, түвэгтэй болж байна.
            Нэрт эрдэмтэн Францис Фукуяма хөгжиж буй орнуудын хувьд төрийн тогтолцооны боловсронгуй байдал нь ардчилалыг бэхжүүлэх нэгэн суурь баталгаа болохыг онцлон тэмдэглэсэн байна[8]. Харин Америкийн эрдэмтэн Сара Жэксон өмнөх оны эцсээр нийтлүүлсэн эрдэм шинжилгээний бүтээлдээ Монгол Улсын өнөөгийн хөгжлийг онцлон авч үзсэн бөгөөд уул уурхайн томоохон төслүүд нь төрөөс ард иргэдтэй харьцах харилцааны бодлого, чадамж, үр дүнтэй байдлыг хэрхэн сорьж байгааг үзүүлэхийг тэрээр оролдсон байна[9].  Өөрөөр хэлбэл төр ба ард түмний хоорон дахь мэдээлэл солилцох, нэгдмэл ойлголт үүсгэх, нийтийн зөвшилцөлд хүргэх тэдгээр чадавхийг сайжруулах хэрэгцээ байгааг харуулсан гэх үндэстэй.

Хэмжих аргачлал буюу бодлогын судалгаа

            Өмнөх хэсэгт иргэн ба төрийн хооронд үүсч буй нийгэм, эдийн засгийн харилцаа нь хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн ардчилсан тогтолцоонд хэрхэн илэрч буйг судалсан онолын үндэслэлүүдийн тухай авч үзсэн. Гэвч амьдрал дээр хувь хүн, иргэн эсхүл бизнес эрхлэгч нь төрийг хэрхэн үнэлж байгааг тооцох нь аргачлалын хувьд түвэгтэй байдаг. Энэхүү асуудлыг дараах асуултаар тодорхойлж үзье. Аливаа үндэстэн өөрсдийн байгуулсан төрөөрөө дамжуулж нийгмийн амьдралаа хэрхэн зохицуулж байна вэ, амьдралын чанарын баталгаа болсон эдийн засгаа хэрхэн хүчирхэгжүүлж байна вэ гэдгийг бодит амьрал дээр хэрхэн хэмжих вэ? Өөрөөр хэлбэл Үндсэн хуульдаа тунхагласан зорилгод хүрэх явцаа хэрхэн хэмжих вэ?

            Хэмжих хоёр үндсэн арга байна. Нэгт, ижил төстэй бусад орнуудтай хөгжлийн түвшнээ тодорхой шалгуур, үзүүлэлтийн дагуу харьцуулах, Хоёрт, өөрөө өөртэйгээ буюу өмнөх жилүүдийн гүйцэтгэлтэй тухайн үеийн гүйцэтгэлийг харьцуулах болно.

            Дэлхий дахинд зарим нэг практик хэмжилтийг хийх олон боломж бий. Үүнд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн Хүний хөгжлийн индекс, Дэлхийн Банкны Бизнес эрхлэхүй эрэмбэлэл, Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан[10], мөн Дэлхийн Өрсөлдөх чадварын төв[11]өөс жил бүр эрхлэн гаргадаг  Улс үндэстнүүдийн өрсөлдөх чадварын жилийн тайлан зэрэг болно.

            Эдгээр хэмжүүрийг ашиглан бодлогын судалгааг тогтмол хийх зорилгоор Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ, www.ecrc.mn) -ийг 2010 онд үүсгэн байгуулсан байна. Тус байгууллагын зорилго нь Дэлхийн тавцанд өрсөлдөх чадвар бүхий Монгол улсыг цогцлоон бүрэлдүүлэхэд чиглэсэн судалгааны ажлуудыг олон улсын аргачлалын дагуу хийхэд орших ажээ. ЭЗБӨЧСТ нь 2010 -2014 онуудад нийт таван удаа тайлан гаргаад байна. Мөн судалгааны аргачлалыг нь Монголын нөхцөлд тохируулах боломжтой байдлыг ашиглан аймгуудын өрсөлдөх чадварын тайланг анх удаа боловсруулж улмаар олны хүртээл болгох ажил жигдэрчээ.

Өрсөлдөх чадварын онол, судалгааны үр дүн Монгол Улсад

           ЭЗБӨЧСТ-ийн судалгааны тайлангуудын үр дүн нь төрийн бодлогод нэвтэрсээр байгаа болно. 2013 оны 11 дүгээр сарын 16 ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар "Том төрөөс ухаалаг төр лүү"  үндэсний зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулсан байна. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Өрсөлдөх чадварын судалгааны үр дүнд үндэслэн илтгэл тавьж улмаар шийдвэр гаргагчдад зориулсан зөвлөмжийг хэлэлцүүлсэн билээ. Тус зөвлөмжөөс олон чухал санал санаачлага гарсаны нэг нь Шилэн дансны тухай хууль юм. Тус хуулийг 2014 онд УИХ баталж, улмаар төр, засгийн байгууллагууд хэрэгжүүлж эхлээд байна.
         Орон нутагт ч өөрсдөдөө илүү тохирсон хөгжлийн бодлогоо боловсруулах, хүрч буй амжилтаа хэмжих зорилгоор тухайн аймгийн бие даасан тайланг боловсруулах, улмаар бодлогын хэлэлцүүлгүүдийг олноор зохион байгуулах болжээ. Энэ ажлыг ЭЗБӨЧСТ бүрэн дэмжиж, хамтран ажиллаж байгаа болно.
            Цаашид, энэхүү судалгааны үр дүнг төрийн бодлогод ашиглах боломж нээлттэй хэвээр буй юм. Жишээ нь, 2010 оны байдлаар Монголын эдийн засгийн бүтэц, төрийн оролцоог Казакстан болон Өмнөд Солнгос улстай харьцуулж үзэхэд, Монгол Улсын хүн амын 37% нь албан ёсоор хөдөлмөр эрхэлж байсан бол Казакстанд тус харьцаа 49% байжээ. Өөрөөр хэлбэл манай улсын хөдөлмөр эрхлэгчийн нуруун дээр харьцангуй илүү ачаа оногдож байгааг харж болно. Монгол Улсад нийт хөдөлмөр эрхлэгчдийн 15% нь төсвийн байгууллагад ажиллаж байсан бол Өмнөд Солонгост ердөө 4%, харин Казакстанд 23% байв. Төсвийн зардлыг эдийн засагт харьцуулсан үзүүлэлт манайд 40% байсан бол, харьцуулан судалж буй хоёр оронд ойролцоогоор 22%-тай байна. Монголын Улсын Засгийн газар эдийн засгийнхаа 13%-тай тэнцэх хэмжээний хөрөнгийг татаас маягаар аж ахуйн нэгжүүдэд олгож байв. Гэтэл Казакстанд тус үзүүлэлт 0.53% харин Өмнөд Солонгост ердөө 0.06% байв.  Төр хэр үр ашигтай ажиллаж чадаж байна вэ гэдгээс гадна эрчим хүчний хангамж, хүүгийн түвшин, ажилтнуудын боловсрол ур чадвар гэх зэрэг олон чухал асуудлаар дэлгэрүүлж судалгаа хийх боломжийг олгож байгаагаараа тус тайлан ач холбогдолтой юм.

            Цаашид авах арга хэмжээнүүдийн тухай санал

     Ойрын ирээдүйд шинжлэх ухааны үндэслэлтэй бодлогын судалгааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь зүйтэй. Ялангуяа улс төр-эдийн засгийн онолын судалгааг гүзгийрүүлэх, дагнасан судлаачдыг бэлдэх шаардлагатай. Өнөөдөр манай эрдэмтдийн дунд улс төр, төр эрхзүйн онолыг эдийн засаг ялангуяа эдийн засаг-математикийн онолтой холбон хийж буй судалгаа хийх чиглэлээр мэргэших нь хомс байна.

      Бодлогын судалгааны арга, технологиудыг ч тухай бүр сайжруулж байх учиртай. Жишээ нь Монгол хүний социологийн судалгаанд оролцож буй байдал, санал асуулгад хариулах хандлагад өвөрмөц ялгаа бий эсэхийг судлах нь зүйтэй. Жишээ нь, Монголын бизнес эрхлэгчдийн зүгээс төр засгийн үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ судалгаанд хамрагдагчдын дунджаас доогуур хэвээр байгаа юм. Гэтэл статистик үзүүлэлтүүд (татварын үзүүлэлт, бизнесийн эрх чөлөөний индекс, бодит хэрэглээ гэх зэрэг) ижил төстэй орнуудын дунджаас дээгүүр байх боломжтой.

   Мөн “policy inconsistency буюу “бодлогын үр дүнгийн цаг хугацааны хоцрогдол” гэсэн үзэгдэл Монгол Улсад бий эсэх талаар үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл аливаа хүндрэлийг олж илрүүлэх - зөв оношлох - улмаар хариу үйлдэл хийх хурдыг хэмжинэ. Зарим орнуудад бодлого, хууль гарах гэсээр байтал шалтгаан нь болж байсан бэрхшээл арилсан эсвэл өөрчлөгдсөн байх бөгөөд, цаг хугацааны хувьд ингэж хоцорсон бодлого шийдвэр тус болохоосоо ус болсон жишээ байдаг. Ихэвчлэн төв банкны бодлогын хүүг өсгөх, эсвэл бууруулах шийдвэрээр энэ төрлийн бэрхшээл (цаг хугацааны хоцролт) олонтаа илэрдэг. Манай улсад одоог хүртэл энэ төрлийн дорвитой судалгаа хийгдээгүй байна. Үнийн хэлбэлзэл, бүтцийн савлагаан ихтэй уул уурхайн зах зээлд томоохон тоглогч болж өндийх боломжтой манай улсын хувьд төрийн чадавхи, шийдвэр гаргах хурд онцгой чухал ач холбогдолтой билээ.

    Төрийн бодлогын судалгаа хийх чадавхийг сайжруулахын тулд Стратеги судладын хүрээлэн, ШУА, ЭЗБӨЧСТ, Монголын Эдийн Засгийн Форум зэрэг байгууллагуудыг бэхжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь стратегийн ач холбогдолтой гэж үзэж байна.

       Мөн түүнчлэн Монгол Улс дэлхийтэй харьцуулахад бодлогын чадавхийн хувьд түүнчлэн өрсөлдөх чадварын үзүүлэлтээр хаана байгааг олон нийтэд байнга тайлагнаж байх, шаардлагатай тохиолдолд сонгогчдын боловсролын хөтөлбөр бий болгох нь зүйтэй байж болох юм.

            Дүгнэлт

            Монгол Улс нэг үзэл суртал давамгайлсан социалист төрөөс олон ургальч үзлийг хүлээн зөвшөөрсөн ардчилсан төр рүү, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас чөлөөт зах зээлийн эдийн засаг руу, уламжлалт хөдөө аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтцээс уул уурхайд түшиглэсэн үйлдвэрлэлийн тогтолцоо руу шилжиж байгаа билээ. Ардчилал, хүний эрх, чөлөөт зах зээл гэсэн үнэт зүйлсийг хамгаалж байхын тул Төр өөрөө хүчтэй, ухаалаг байх ёстой.

            Өрсөлдөх чадвар судлалын онолын үүднээс авч үзвэл,  Төрийн үндсэн үүрэг нь  зөвхөн эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын урсгал, валютын чанар биш, харин иргэдийнхээ боловсрол, эрүүл мэнд, амьдралын чанарыг тасралтгүй сайжруулж байхад оршино. Энгийнээр хэлэхэд аз жаргалтай амьдрах орчинг бүрдүүлэх (төр, засгийн буюу өргөн утгаар тухайн үндэстний) чадавхи, чадамжийг байнга хэмжиж байх, бусад орнуудтай харьцуулж байх учиртай. Мэдээж Өрсөлдөх чадварын онол нь бүх бэрхшээлийг арилгах ид шидтэй, бүхнийг анагаагч эм биш бөгөөд, харин аливаа үндэстэн (эсхүл орон нутаг) давуу болон сул талаа зөв тооцох, хөгжлийн замаа зөв тодорхойлоход тусалдаг хүчирхэг хэрэгсэл буюу хөдөлмөрийн багаж зэвсэг билээ.

            Үндсэн хуулийн зорилго бол нэг удаа хүрээд зогсох бариа биш гэдгийг өмнө өгүүлсэн. Зорилго өөд зогсолтгүй урагшилж байгаа эрэл хайгуул, алдаа оноо хийж буй зам мөрөө Монгол улс өөрөө хэмжих учиртай. Мөн бодлого боловсруулах үйл явц, тогтолцоог илүү ардчилах шаардлагатай байна. Монгол Улс орчин үеийн судалгааны аргачлалуудыг ашиглан судалгаа хийх, улмаар үр дүнг нь бодлогодоо үр дүнтэй ашиглах, тинк-танк байгуулах чиглэлээр тодорхой хэмжээний амжилтанд хүрч байна. Гэвч Монгол орны өнөөгийн өвөрмөц цаг байдлыг онцолсон онолын судалгааг, ялангуяа улс төр-эдийн засгийн чиглэлээр дэмжих шаардлага өндөр байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл онол-судалгаа-бодлого-хэрэгжилт -ийн хэлхээг тасралтгүй сайжруулсаар байх нь чухал учир суурь судалгаанд дорвтитой хөрөнгө оруулалт хийх цаг иржээ.


Ашигласан ном, материал:


Anthony Downs, 1957, An Economic Theory of Democracy

Duncan Black, 1958, “The Theory of Committees and Elections”, “Theory of Economic and         Political Choices”

Francis Fukuyama, 2014-11, States and democracy, Democratization

James M. Buchanan, Gordon Tullock, 1962, The Calculus of Consent: Logical Foundations of             Constitutional Democracy

Kenneth J. Arrow, 1951, Social Choice and Individual Values

Knut Wicksell, 1896, A New Principle of Just Taxation

Mancur Olson, 1965, The Logic of Collective Action

Sara L. Jackson, 2014-11, Imagining the mineral nation: contested nationbuilding in Mongolia

Дэлхийн эдийн засгийн форум

Дэлхийн өрсөлдөх чадвар судлалын төв
            http://www.imd.org/wcc/

Монголын эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв
            http://ecrc.mn/

           




[1] Олон нийтийн сонголтын онол
[2] Knut Wicksell, 1896, "A New Principle of Just Taxation"
[3] жишээ нь, The Theory of Committees and Elections, Theory of Economic and Political Choices гэх зэрэг
[4] Kenneth J. Arrow, Social Choice and Individual Values, 1951
[5] Anthony Downs, An Economic Theory of Democracy, 1957
[6] жишээ нь, Mancur Olson, The Logic of Collective Action, 1965
[7] James M. Buchanan, Gordon Tullock, The Calculus of Consent: Logical Foundations of Constitutional Democracy, 1962
[8] Francis Fukuyama, States and democracy, Democratization, 2014-11
[9] Sara L. Jackson, Imagining the mineral nation: contested nationbuilding in Mongolia,  2014-11
[10] http://www.weforum.org/reports/global-competitiveness-report-2014-2015
[11] http://www.imd.org/wcc/

2013-04-06

Ардчилал ба Төр (Дахиад Фукуяма)

Ардчилалын талаар эрдэмтэд юу хэлэв? (volume I)

- Оршил буюу яагаад бичих болов. -
Удахгүй Улс төрийн намуудын тухай хууль хэлэлцэгдээд эхэлнэ. Тэгвэл "энэ намууд ер нь яах гэж оршин байдаг юм бэ?" "ямар байх ёстой юм бэ?" гэдгийг судалдаг ухааныг улс төрийн шинжлэх ухаан (политикал сайенс) гэдэг бололтой юм. Энэ талаар сүүлийн үед нэрд гарч буй Америкийн Станфордийн их сургуулийн профессорууд байна.
Тэдний илтгэлийг сонсож байхад ойлгож авсан зүйлээ бичмээр санагдаад.
- Зарим нэг нэр томьёоны тайлбар. -
Ардчилал /Демокраси/ бол засаглахуйн нэг төрөл гэнэ. Засгийн газраа байгуулж, төр улсаа төвхнүүлэх нэг аргачлал бас зарчим гэж ойлгож болно.
Улс төрийн урсгал талаасаа Ардчилал буюу демокраси нь олонхийн засаглалыг илэрхийлдэг. Тэгвэл Либерал үзэл гэдэг нь цөөнхийн эрх ашгийг хүндэтгэж үздэг суртал гэнэ. Ребаплик буюу Бүгд найрамдахчууд хүчтэй, сайн засаглалыг хүсдэг улс бололтой.
- Тинк танк -
Америкт сүүлийн жилүүдэд улс төрийн бодлого боловсруулахад тинк танкуудын оролцоо ихэсч, улмаар нийгэмд нөлөөлөх нөлөөл нь ч өсч буй бололтой юм.
Тинк танк гэдэг нь судалгаа хийх үүрэгтэйгээс гадна мэдлэгийг бренджүүлэх бас олон нийтийн дунд бодлогын хэлэлцүүлэг хийдэг байгууллагыг хэлдэг.
- Сонгох зарчим -
Америкт сонгуулийн үр дүнд хэн аль албан тушаалд очих нь сонгогч нарт анхнаасаа тодорхой байдаг гэнэ. Харин Европ жишээ нь Холландад бол сонгуулийн өмнө хэн сайд болох нь тодорхойгүй байдаг аж. Тэгэхээр хэдий ардчилсан сонгууль ч гэсэн сонгуулийн дараа хэн дарга сайд болох нь урьдчилан тодорхой байх боломж Ерөнхийлөгчийн болон Парламентийн засаглалтай орнуудад харилцан адилгүй аж. Цаашдаа энэ хэн дарга сайд болохыг урьдчилан мэдэх боломжийг засаглалын хэлбэртэй нь холбон судлах ажил хийгдэх гэнэ. Манай улс төрөөр сурдаг оюутнууд, судлаачид анхаарах л хэрэгтэй санагдлаа.
- Хэт ардчилалын сул тал -
За хэт олон жижиг нам, бүлгүүдийг дээшээ гаргаад байвал төр бас гацдаг гэнэ. Итали жишээ нь байнгын эвсэл байгуулдаг. Эвсэл байгуулж чадахгүй бол Засгийн газар бүрэлдэхгүй гэсэн үг. Хэрэв төрийн байгууллагууд нь хүчтэй, улс төртэй төргүй үндсэн биеээрээ хөдөлж байвал заавал том, том тохирооны сайд нар хэрэггүй бололтой. Гэтэл төрийн байгууллагууд нь Засгийн газраас хэт хараат улсуудад энэ "хэт ардчилал" төрийг гацааж, шийдвэр гаргах чадварыг нь үгүй хийдэг гэнэ.
- Төрийн албан хаагчийн сонирхол -
Төрийн албан хаагч нь ашиг сонирхолын зөрчил багатай байх, шүүх бие даасан хараат бус, бас мэргэжлийн өндөр чадвартай байх нь ардчилалын баталгаа гэнэ. Олон хөгжиж буй орнууд төрийн хүчирхэг системийг бий болгоогүй байж ардчилалын зарчмуудыг нэвтрүүлдэгээс хямралд орж улмаар дарангуйлагч төрөх нөхцлийг бий болгодог ажээ. Зүйрлэбэл ардчилал бол компьютерийн программ /софтваре/. Харин төр бол хардваре буюу өнөө майнбоард энэ тэр. Чадал муутай компьтер дээр нь хүчтэй программ суулгаад ажиллахгүй байвал яах вэ? Шалтгааныг программаас бус харин компьютерийн их биенээс хайх хэрэгтэй гэсэн үг. Хүчирхэг чадварлаг төргүйгээр ардчилал өсч ургах боломжгүй.
- Төрийн албан хаагч ба баяжих сонирхол -
Мэдээж хүн л болсон хойноо төрийн албан хаагч ч гэсэн сайхан амьдрахыг хүсдэг. 1000 жилийн өмнө ийм л байсан, өнөөдөр ч адилхан. Францийн төрийн албан хаагч ба Камбоджийн төрийн албан хаагч хоёр бусдын л адил сонирхолтой, тэр нь сайхан амьдрах. Гэхдээ албан тушаалаа урвуулан ашиглах замаар баяжих нь эцэстээ нийгмээ сүйрүүлсэн жишээ олон. Хариу арга хэмжээ юу вэ? Францад төрийн албан хаагчдыг дор хяаж 5 жил бэлдэж байгаад зэгсэн өндөр цалин, ханггамжтай ажиллуулдаг. Зардал мэдээж маш өндөр гарна. Гэхдээ нийгэмд үлдээж буй үр нөлөө хамаагүй их байдаг. Учир нь ардчиллыг хамгаалж буй болохоор. Дорны зарим орнуудад бол төрийн албан хаагч өндөр ёс суртахуунтай байх нь элбэг. Тэд эхэлж шууд өөрсдийнхөө амьдралыг сайжруулья гэхээсээ илүү нийгмийнхээ дундаж амьдралыг дээшээ татах юм бол өөрөө дунд нь татагдаад дээшээ явна гэдгээ ойлгодог гэнэ.
Хамгийн гол нь тухайн үндэстний үнэт зүйл, зарчим, бусдыг сонсох чадавхи, оролцооны идэвхи, олныг хамарсан хэлэлцүүлэг хий болон нийтлэг соёл гэх зэрэг хүчин зүйлс төрийн сайн албан хаагчийг төрүүлэхэд маш чухал.
- Хуулийн засаглал (Rule of Law) ба намын санхүүжилт -
Ардчилал орон бүрт харилцан адилгүй хөгжиж байна. Заримд нь унтарч байна. Хэрэв төрийн байгууллагууд нь цаасан бар лугаа адил сул дорой бол ардчилалд өсч ургах ямар ч боломж үгүй. Гэтэл дарангуй улсуудад хүчтэй төр байсаан. Хүчтэй төр ба амьд ардчилалын харьцааг яаж барих вэ? Энэхүү тэнцвэржүүлэгч хүч бол хуулийн засаглал болон улс төрийн намууд.
Нэг нам + хүчтэй төр = дарангуйлал.
Олон нам + хүчтэй төр + ардчилсан сонгууль = ардчилал.
Олон нам байж ардчилал жинхэнэ утгаар хөгжих нь. Тэгэхдээ тэр нам хэрхэн оршин тогтнох бас хэрхэн санхүүжих ёстой вэ? Дэлхийн 2-р дайныг өдөөгч нь дарангуй онол бүхий ноёлогч нэг намын засаглалаас үүдэлтэй. Дайны дараа Германд ардчилалыг хамгаалахын тулд улс төрийн намуудад эхлэлийн санхүүжилт өгсөн байдаг. Цаашдаа санхүүжихдээ төсвөөс мөнгө авдаг гэнэ. Тусгай нээлттэй сангаар дамжуулж татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг улс төрийн нам нь иргэдийн оролцоог төрийн дээд түвшинд ханхах, төрийн эрх мэдлийг иргэний сонирхолтой холбох, улс төрчдийг бэлдэх гэх зэрэг үндсэн үйлчилгээг нийгэмд үзүүлдэг байна.
Гэхдээ нам заавал төрөөс санхүүжих албагүй. Хэрэв тухайн үндэстний соёл, сэтгэлгээ нь төрийг ашиг нэхэх хэрэгсэл гэж хардаггүй бол санхүүжилт хаанаас байх нь төдийлөн чухал бус. Харин ч төр зарим дорны үндэстний хувьд ариун зүйл гэж тооцогдох нь бий. Гэхдээ бодит амьдрал тийм биш. Хэрэвзээ намууд өөрсдөө өөрсдийгөө санхүүжүүлдэг бөгөөд энэ нь нууцлаг бол, тус санхүүжилт нь олон нийтийн түвшинд ил илэрч буй "албан ёсны" авлигын нэг хэлбэр гэж үздэг гэнэ.

Миний ойлгосон түвшинд Фукуямаг тайлбарлах нь (volume II)

- Сайенс уу? Шинжлэх ухаан уу? -
Сүүлийн үед зарим найз нар маань "шинжлэх ухаан" болон "их сургууль" гэсэн Монгол үгнүүдээс цэрвээд байгаа. Учир ориг гэгдэх сайнс болон университет гэх зэрэг утгыг гажуудуулж байж болох гэнэ. Сайенс гэдэг нь мэдлэг бүтээх гэсэн үг. Шинээр юм бий болгож байна. Гэтэл шинжлэх ухаан гэдэг нь байгаа юмыг судлана гэсэн санаа их байх шиг. Сургууль бол мэдлэгийг дамжуулдаг. Бага, дунд сургуульд мэдлэгийг дамжуулдаг. Гэтэл университет гэдэг нь мэдлэгийн фафрик гэнэ. Өөрөөр хэлбэл мэдлэг бүтээх аргачлалын дагуу ажиллаж буй үйлдвэрлэл аж.
- Сайхан амьдарцгаах мэдлэг хаанаас ирдэг вэ? -
Хүн нийгэмдээ сайхан амьдрах ёстой. Ийм ч жам ёсны эрхтэй. Тэгвэл тэр нийгэм нь хэр хангалуун бас шударга байхыг бид мэдэж байх ёстой. Энэ мэдлэгийг экономикс /бид эдийн засгийн шинжлэх ухаан гэж хэлээд заншсан/ болон политикс /бид улс төрийн шинжлэх ухаан гэж нэршээд хэвшсэн/ бүтээдэг юм байна.
Тэгэхээр Монголчууд бид хэр тааруу амьдарч байгаа нь элдэв онол, шинжлэх ухааны буруу биш юм шиг байна. Яагаад тааруу амьдарч байна? яавал аятайхан амьдрах вэ? гэсэн мэдлэгийг өөрсдөө бий болгох учиртай. Үүнд экономикс болон политиксийг зөв ашиглах чухал.
Гэтэл үнэндээ бид аль хэдийн мажийгаад үхсэн хэдэн эрдэмтний номыг орчуулмар болж, бас бус талаас нь оролдмор болсныгоо "шинжлэх ухаанжиж" байна гэж ойлгоод байдаг бололтой юм.
- Хөгжил гэж юу вэ? -
За сайенс яахав гэхэд, ер нь нийгмийн хөгжил хэрхэн явагддаг вэ. Сайенсийн бүтээгдэхүүн болсон мэдлэг өөрөө нийгэмд ямар нөлөөтэй вэ?
Хүн төрж өсч томордог. Энэхүү хүний өсөлтийн хөгжлийг ген /ДНК/ хэмээх мэдээлэл агуулсан хүчил удирддаг. Ген биднийг удирддаг, бид одоогоор генээ удирдах хэмжээнд очоогүй л байна. Тэгэхээр хөгжил гэдэг нь ген буюу мэдээлэл үүсч бас үргэлжилдэг үйл явц бололтой.
Харин нийгмийн, эдийн засгийн болон улс төрийн хөгжлийн үйл явцыг хэн удирддаг вэ? Бурхан уу? Хүн үү? Эсвэл Байгаль уу?
Марксынхаар бол урьдчилан тодорхойлсон мастер код /бичээс, зурлага/ байдаг гэнэ. Тэр нь материалист диалектикийн дагуу явсаар бүгдээрээ тэгш сайхан, аз жаргалтай амьдрах тэр нийгмийн байгуулал буюу коммунизмд л хүрэх зам гэнэ дээ. Өөрөөр хэлбэл коммунизмд хэр дөхөж байгаагаар нь нийгмийн хөгжлийг хэмждэг гэсэн санаа.
- Эдийн засгийн өсөлт үү? Нийгмийн хөгжил үү? -
Ихэнхи хүмүүс хөгжил гэхээд дан ганц эдийн засгийн өсөлтийг ойлгодог. Мэдээж эдийн засгийн өсөлт нь аж үйлдвэрийн хувьсгалаас хойш эрс хурдассан. Гэхдээ энэ нь нийгмийн юм уу, улс төрийн хөгжил гэсэн үг биш гэнэ. Зарим оронд нэг хүнд оногдох ДНБ гэх үзүүлэлт өндөр байдаг ч энэ нь шударга хуваарилтыг илэрхийлж чадахгүй.
Тийм учир нийгмийн үзүүлэлтүүд нь хөгжлийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой. Энд жишээ иргэн хүн хот, хөдөөд ер нь хаана байгаагаас үл хамааран амьдралын чанар өндөр байх тухай яригдана.
- Нийгмийн хөгжил -
Нийгмийн хөгжил тэгэхээр зөвхөн эдийн засгаар илэрдэггүй тхуай дурьдлаа. Нийгмийн хөгжлийг тайлбарласан олон онолчид байдаг. Тэд бүгд тухайн цаг үеийнхээ нөхцөлд тохирсон мэдлэгийг бүтээж байжээ:

Адам Смит (Adam Smith)
Хэнри Майне (Henry James Sumner Maine)
Эмайл Дюркхайм (David Émile Durkheim)
Макс Вебер (Maximilian Karl Emil "Max" Weber)
Фердинанд Төннийс (Ferdinand Tönnies)
Монголчууд бид одоогоор сайнсийн хөгжлийн хувьд Хэнри Майнегийн түвшинд яваа болуу. Өөрөөр хэлбэл бид өөрсдийгөө ойлгох тэр мэдлэгийг бүтээхийн тулд Майнегийн номыг унших нь илүү амьдралд ойр болно. Бусад нь арай ахдана гэнэ.
- Фукуюмагийн мэдлэг бидэнд юу өгч чадах вэ? -
Фукуяма "Түүхийн төгсгөл" номоороо шуугиан тарьж байсан. Гол санаа нь миний ойлгосноор: чөлөөт либерализм дэлхий дээр бүрэн ялснаар коммунист капиталист хэмээх үзэл суртлын тэмцэл эгнэгт алга болов. Социалист систем задран унав. Хятад улс аажмаар либералчилагдаж байн. Ингээд хүйтэн дайн энэ тэр дуусч бүгдээрээ амар сайхандаа жаргах тухай байв. Харин түүний багш Хантингтон эсрэгээр үзэл суртлын сөргөлдөөн дууссан бол одоо соёл иргэншлийн сөргөлтөөнт цаг үе ирж байна. Дэлхийн улсууд эзэн орон бүхий долоон том соёлын тивд хуваагдаж хоорондөө мөчөөрхөх болно гэх санааг гаргасан юм. 1990 ээд оноос гарсан олон дайн бас дэлхийн санхүү эдийн засгийн хямралуудаас үзэхэд Фукуяма арай л эрт "баярласан" гэмээр харагддаг юм. Тэрбээр саяхан бас нэг ном бичсэн. Санаа нь хүчирхэг төр буюу орчин цагийн bureaucracy нь ардчилалын баталгаа болох тухай юм. Бюрокраси гэдэг үгийг бид хүнд суртал гэж буруу орчуулдаг. Гэтэл энэ үгийн утга нь богино хугацаатай сонгуульд чигэлсэн улс төрийн дарамт шахалтыг тэсэх чадвартай төрийн байгууллагуудын хүчирхэг тогтолцоог давхар агуулдаг аж. Ардчилал ганцаараа юу ч биш. Түүнийг ургуулахын тулд хүчирхэг төр, мөн иргэдийн соёл, сэтгэлгээ араншин чухал юмаа гэсэн санааг олж харсан.

2012-08-24

Боловсролын банкируудын үнэ цэнэ ба үндэстний өрсөлдөх чадвар

Монголд өнөөдөр 752 Ерөнхий боловсролын сургуулиуд үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 510 орчим мянган суралцагч сурч байна. Нэг сургуульд 680 орчим сурагч ногдож байна гэсэн үг.
2008 оны байдлаар манай улс эдийн засгийнхаа долоо орчим хувьтай тэнцэх мөнгийг боловсролын салбарт зарцуулж, тус үзүүлэлтээр дэлхийд зэгсэн дээгүүр жагсаж байв. Харьцуулбал, ОХУ-д дөрөв, харин Сингапур болон Катарт тус тус харгалзан гурван хувьтай байна. 

Дахин нэг шатаар гүнзгийрүүлж, өөр нэг статистик сонирхвол харин огт өөр дүр зураг харагдана. Тухайлбал, нэг хүнд ногдох боловсролын зардал Монголд 132 америк доллар байв. Харин Катар 2,327 ам доллараар тэргүүлж, Словени (1,213) болон Сингапур (1,202) удаалжээ. Катарын дундаж иргэн биднийхээс 20 дахин үнэтэй үйлчилгээг улсаасаа авдаг гэсэн үг. Катараа байг гэхэд, олон улсын жишигтэй харьцуулахад Монгол хүнд төрөөс оногдож буй боловсролын зардал туйлын бага байна. Дээр нь тус зардлаас хүйтэн өвлийг давах зориулалтаар олгодог сургуулийн байрны халаалт, тог зэрэг зардлыг хасаад үзэх юм бол, дүр зараг бүр ядмаг харагдах нь ойлгомжтой.
2007 оны байдлаар манай нэг бага ангийн багшид дунджаар 32 сурагч, дунд сургуулийн багшид 20 сурагч тус тус ногдож байна (Хятад: бага анги 19, дунд 16, ОХУ: бага 17, дунд 9). Ер нь олон улсын жишгээр бага ангийн багшид ногдох сурагчдын тоо 18, харин дунд сургуулийнх 14 байдаг аж. Нийслэл хотын сургуулиудын бага анги 40, 50 хүүхэдтэй гэдгийг тооцож үзвэл Монголчууд дэлхийн стандартаас хэр хол хоцорсон болохыг харж болно. Катарт бага ангийн багш 12 хүүхэдтэй харьцаж байхад, Финланди, Норвеги-д нэг сурган хүмүүжүүлэгч долоон хүүхэдтэй ажилладаг аж (сайн дурын болон туслах багшийг оролцуулаад). Боловсролын салбарын дэд бүтэц буюу багш сурагчийн харилцаа нэг иймэрхүү. 

Харин чанарын хувьд улс орнуудыг хооронд нь харьцуулдаг аргачлал байдаг юм байна. ОЕСD буюу ЭЗХАХБ-аас дэлхийн улс орнуудын 15 настнуудын дунд 3 жилд нэг удаа ПИСА (PISA) тестийг зохион байгуулдаг. Ирээдүйн иргэдийнх нь уншиж ойлгох, математик болон шинжлэх ухааны мэдлэгийн цар хүрээ нь тухайн улсын ерөнхий боловсролын систем ямар төвшинд байгааг илэрхийлж, өрсөлдөх чадварыг нь тодорхойлдог юм байна. Боловсролын сайдын ажлын үр дүнг ч тухайн хэмжүүрээр сорьдог жишиг байдаг. Харамсалтай нь, тус түвшин тогтоох сорилтонд манай улс хамрагддаггүй байна. Гэхдээ энэ санаачлагад нэгдэх эрх нь нээлттэй бөгөөд гагцхүү манай улсын ЗГ-ын идэвхи зүтгэлээс хамаарах аж.

Олон улсын түвшинд дундаж сурагчдын ерөнхий чадавхийг шууд харьцуулахад хүндрэлтэй байна. Тийм учир дотоодод асуудал ямар байгааг үзье. Бизнес эрхлэгчид Монголын боловсролын системд шүүмжлэлтэй ханддаг нь өрсөлдөх чадварын тайлангаас тод харагддаг. Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлийн хэрэгцээ шаардлагад манай боловсролын систем нийцэж байна уу гэсэн асуулт бий. Үүнд, Монголчууд хамгийн сайн, боломжит 10 онооноос ердөө 2.5 оноо өгч, гэтэл Сингапур 8.08, Малайз 7.05 гэсэн үнэлгээ өгч байж. Энэ нь төрийн зүгээс зөвхөн хувийн хэвшлийхэндээ гэлтгүй нийгэмдээ үзүүлж буй үйлчилгээний чанарын илэрхийлэл болно.
Дээд боловсролын бүтээгдэхүүн буюу их дээд сургуулийн төгсөгчид ажил олгогчийн шаардлагыг хангаж буй эсэхэд бизнес эрхлэгчид мөн л гонсгор. Товчхондоо хувийн хэвшлийнхэн маань чанартай, мэдлэгтэй, ур чадвар бүхий ажиллах хүчнээр хагас өлсгөлөн байна гэсэн дүгнэлт хийж байна. Харин өрсөлдөх чадвар өндөртэй орнуудын хувьд ийм бэрхшээл алга. Төр нь хувийн хэвшлийхэндээ ажиллах хүчин, ур чадвар гэсэн гол ОРЦ-ыг нь чанартай бэлдээд өгөх тогтолцоог бүрдүүлээд өгчихөж.
Хувийн болон хувьсгалын журмаар ажил олгогч нартай уулзахад ч өнөөгийн дотоодын сургуулийн төгсөгчдийг удирдлагын ур чадвар болон гадаад хэлний мэдлэгээр ихээхэн голдог. Ялангуяа бие дааж ажиллах, сэтгэх, асуудал шийдвэрлэх чадавхи сул байна гэх нь олонтаа. Тэгээд таньдаг мэддэг их дээд сургуулиудын багш нартай ярьж байхад дараах дүр зургийг тодорхойлдог юм. Оюутнууд намар цугладаг, тэгээд танилцах, нүүр хагарах, хичээл ном нь жигдрэх болон “шоудах” зэргээр 11 сар гаргачихдаг. Тэгээд жаахан хичээл хиймэр аядаж байтал шинэ жил, ёолкны шоу залгаад цагаан сар, март гээд үргэлжилнэ. Хаврын шалгалтанд жаахан бэлдэж байгаад л төгсөлт, зуны амралт гээд нэг жил дуусчихдаг. Үндсэндээ 4 жилд яг суралцах үйл ажиллагаанд 4-5 сар оногдвол их юм. Энэ бол их дээд сургуулийн багш нарын хувьд бага хугацаа. Гэтэл одоогийн дунд сургуулиа төгсөөд ирж буй төгсөгчдийн унших, бичих, асуудалд шүүмжлэлтэй хандах чадвар эрс суларсан гэсхийгээд, ер нь бол 10-н жилийн багш нараас алдааг хайх хэрэгтэй гэсэн санааг цухуйлгаад орхидог. Ахлах ангийн багш нартай уулзахад, дунд ангийн боловсролыг голно. Тэнд суурь боловсролоо сайн эзэмшээгүй учир ахлах ангийн багш нарын хөдөлмөр үр дүн муутай байхад нөлөөлдөг гэнэ. Харин дунд ангийнхан болохоор бага ангидаа л сууж сураагүй, суралцах арга барилд суралцаагүй сахилгагүй жаалууд орж ирээд өсвөр насны адал явдалтайгаа танилцсаар 4 жилээ үддэг гэнэ. Тэгэхээр явж явж, бага анги гэдэг иргэнийг төлөвшүүлэхэд, зах зээлийн боловсон хүчнийг бэлдэхэд хамгийн анхдагч шат болох нь харагдана. 

Өрсөлдөх чадвартай, өндөр хөгжилтэй орнууд ч энэ энгийн үнэнийг их дээр ухаарч тодорхой стандартын дагуу бага боловсролоо хөгжүүлж ирж буйн жишээг дээр дурьдсан.
Монголд өнөөдөр 27 орчим мянган багш ЕБС-иудад ажиллаж байгаагаас есөн мянга нь бага ангийн сурагчидтай тулж ажилладаг. 2009 оны байдлаар бага ангийн багш жилд дунджаар 1,900 орчим ам долларын цалин авч байжээ. Тэгвэл жирийн нэг банкны зээлийн ажилтан 6,700 доллар авч байсан байна. Оюуны банкир болсон багшийн хөдөлмөр мөнгөний банкирын үнэлгээнээс гурав дахин бага байгаа нь Монголын боловсролын салбарын үнэ цэнийг илтгэнэ.
Гэтэл Катар, Солонгос, Сингапурт багш нар жилд 30 орчим мянган долларын цалин авдаг нь Монгол дахь мэргэжил нэгтнүүдээсээ 15 дахин өндөр үзүүлэлт юм. Тэгвэл Сингапурт "жирийн нэг банкны ажилтан” жилд 22 мянган доллар, харин Катарт ердөө 15 мянгыг авдаг нь багшийн цалингаас 2 дахин бага байна. АНУ болон Скандинавын орнуудад бага ангийн багш банкны зээлийн мэргэжилтнээс даруй 2-3 дахин цалин авдаг нь эдгээр орнуудын хүний хөгжлийн нэг том нууц гэлтэй.
Байгаа мэдээлэл дээрээ үндэслэн энгийнээр таамаглаж дараах тооцоог хийлээ. Монголын есөн мянган бага ангийн багш нэг жилд нийтдээ 17 сая ам доллар буюу 23 орчим тэрбум төгрөгийн цалингийн фондтой байна. Энэ нь төсвөөс боловсролд зарцуулж буй нийт зардлын 5 хувь, нийт төсвийн зардлын нэг хувь ч хүрэхгүй болно. Дашрамд дурьдахад Боловсролын яам болон сангийн яам энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай.
Хамгийн шилдэг нь бага ангийн багш болдог тогтолцоог бий болгох нэг хөшүүрэг бол бага ангийн багшийн цалин урамшуулалыг өсгөж, нэг багшид оногдож буй сурагчийн тоог эрс бууруулах ёстой. Энэ хүрээнд бага ангийн багш нарын тоог эхний ээлжинд дор хаяж 30 хувиар, цаашид хоёр дахин нэмэх шаардлагатай. Мөн бага ангийн багшийн цалинг зах зээлийн жишиг рүү дөхүүлэх ёстой. Элдэв тендер, ядуурлыг бууруулдаг биш өсгөдөг сонгуулийн амлалт гэх зэрэгт бид жилд хэдэн зуун тэрбум төгрөгийг агаарт цацдаг. Тэгвэл бага ангийн багшийн цалинг одоо байгаа 30 орчим (ямаанд 30 тэрбум өгч л байсан) тэрбумаас нь гурав дахин өсгөлөө гэхэд төсөвт төдийлөн хүнд дарамт учрахгүй болов уу.
OECD -ийн ПИСА болон мэргэжлийн ур чадварын үнэлгээний системд Монголчууд хамрагдаж эхлэх ёстой. Тэгж байж бид өөрсдийгөө хуурсан дипломний үйлдвэрлэл хөгжүүлээд байна уу эсвэл үнэхээр дэлхийн тавцанд өрсөлдөх иргэдээ боловсруулж байна уу гэдгээ бодитоор хэмжиж сурна.