2012-08-24

Боловсролын банкируудын үнэ цэнэ ба үндэстний өрсөлдөх чадвар

Монголд өнөөдөр 752 Ерөнхий боловсролын сургуулиуд үйл ажиллагаа явуулж, тэдгээрт нийт 510 орчим мянган суралцагч сурч байна. Нэг сургуульд 680 орчим сурагч ногдож байна гэсэн үг.
2008 оны байдлаар манай улс эдийн засгийнхаа долоо орчим хувьтай тэнцэх мөнгийг боловсролын салбарт зарцуулж, тус үзүүлэлтээр дэлхийд зэгсэн дээгүүр жагсаж байв. Харьцуулбал, ОХУ-д дөрөв, харин Сингапур болон Катарт тус тус харгалзан гурван хувьтай байна. 

Дахин нэг шатаар гүнзгийрүүлж, өөр нэг статистик сонирхвол харин огт өөр дүр зураг харагдана. Тухайлбал, нэг хүнд ногдох боловсролын зардал Монголд 132 америк доллар байв. Харин Катар 2,327 ам доллараар тэргүүлж, Словени (1,213) болон Сингапур (1,202) удаалжээ. Катарын дундаж иргэн биднийхээс 20 дахин үнэтэй үйлчилгээг улсаасаа авдаг гэсэн үг. Катараа байг гэхэд, олон улсын жишигтэй харьцуулахад Монгол хүнд төрөөс оногдож буй боловсролын зардал туйлын бага байна. Дээр нь тус зардлаас хүйтэн өвлийг давах зориулалтаар олгодог сургуулийн байрны халаалт, тог зэрэг зардлыг хасаад үзэх юм бол, дүр зараг бүр ядмаг харагдах нь ойлгомжтой.
2007 оны байдлаар манай нэг бага ангийн багшид дунджаар 32 сурагч, дунд сургуулийн багшид 20 сурагч тус тус ногдож байна (Хятад: бага анги 19, дунд 16, ОХУ: бага 17, дунд 9). Ер нь олон улсын жишгээр бага ангийн багшид ногдох сурагчдын тоо 18, харин дунд сургуулийнх 14 байдаг аж. Нийслэл хотын сургуулиудын бага анги 40, 50 хүүхэдтэй гэдгийг тооцож үзвэл Монголчууд дэлхийн стандартаас хэр хол хоцорсон болохыг харж болно. Катарт бага ангийн багш 12 хүүхэдтэй харьцаж байхад, Финланди, Норвеги-д нэг сурган хүмүүжүүлэгч долоон хүүхэдтэй ажилладаг аж (сайн дурын болон туслах багшийг оролцуулаад). Боловсролын салбарын дэд бүтэц буюу багш сурагчийн харилцаа нэг иймэрхүү. 

Харин чанарын хувьд улс орнуудыг хооронд нь харьцуулдаг аргачлал байдаг юм байна. ОЕСD буюу ЭЗХАХБ-аас дэлхийн улс орнуудын 15 настнуудын дунд 3 жилд нэг удаа ПИСА (PISA) тестийг зохион байгуулдаг. Ирээдүйн иргэдийнх нь уншиж ойлгох, математик болон шинжлэх ухааны мэдлэгийн цар хүрээ нь тухайн улсын ерөнхий боловсролын систем ямар төвшинд байгааг илэрхийлж, өрсөлдөх чадварыг нь тодорхойлдог юм байна. Боловсролын сайдын ажлын үр дүнг ч тухайн хэмжүүрээр сорьдог жишиг байдаг. Харамсалтай нь, тус түвшин тогтоох сорилтонд манай улс хамрагддаггүй байна. Гэхдээ энэ санаачлагад нэгдэх эрх нь нээлттэй бөгөөд гагцхүү манай улсын ЗГ-ын идэвхи зүтгэлээс хамаарах аж.

Олон улсын түвшинд дундаж сурагчдын ерөнхий чадавхийг шууд харьцуулахад хүндрэлтэй байна. Тийм учир дотоодод асуудал ямар байгааг үзье. Бизнес эрхлэгчид Монголын боловсролын системд шүүмжлэлтэй ханддаг нь өрсөлдөх чадварын тайлангаас тод харагддаг. Өнөөгийн өрсөлдөөнт зах зээлийн хэрэгцээ шаардлагад манай боловсролын систем нийцэж байна уу гэсэн асуулт бий. Үүнд, Монголчууд хамгийн сайн, боломжит 10 онооноос ердөө 2.5 оноо өгч, гэтэл Сингапур 8.08, Малайз 7.05 гэсэн үнэлгээ өгч байж. Энэ нь төрийн зүгээс зөвхөн хувийн хэвшлийхэндээ гэлтгүй нийгэмдээ үзүүлж буй үйлчилгээний чанарын илэрхийлэл болно.
Дээд боловсролын бүтээгдэхүүн буюу их дээд сургуулийн төгсөгчид ажил олгогчийн шаардлагыг хангаж буй эсэхэд бизнес эрхлэгчид мөн л гонсгор. Товчхондоо хувийн хэвшлийнхэн маань чанартай, мэдлэгтэй, ур чадвар бүхий ажиллах хүчнээр хагас өлсгөлөн байна гэсэн дүгнэлт хийж байна. Харин өрсөлдөх чадвар өндөртэй орнуудын хувьд ийм бэрхшээл алга. Төр нь хувийн хэвшлийхэндээ ажиллах хүчин, ур чадвар гэсэн гол ОРЦ-ыг нь чанартай бэлдээд өгөх тогтолцоог бүрдүүлээд өгчихөж.
Хувийн болон хувьсгалын журмаар ажил олгогч нартай уулзахад ч өнөөгийн дотоодын сургуулийн төгсөгчдийг удирдлагын ур чадвар болон гадаад хэлний мэдлэгээр ихээхэн голдог. Ялангуяа бие дааж ажиллах, сэтгэх, асуудал шийдвэрлэх чадавхи сул байна гэх нь олонтаа. Тэгээд таньдаг мэддэг их дээд сургуулиудын багш нартай ярьж байхад дараах дүр зургийг тодорхойлдог юм. Оюутнууд намар цугладаг, тэгээд танилцах, нүүр хагарах, хичээл ном нь жигдрэх болон “шоудах” зэргээр 11 сар гаргачихдаг. Тэгээд жаахан хичээл хиймэр аядаж байтал шинэ жил, ёолкны шоу залгаад цагаан сар, март гээд үргэлжилнэ. Хаврын шалгалтанд жаахан бэлдэж байгаад л төгсөлт, зуны амралт гээд нэг жил дуусчихдаг. Үндсэндээ 4 жилд яг суралцах үйл ажиллагаанд 4-5 сар оногдвол их юм. Энэ бол их дээд сургуулийн багш нарын хувьд бага хугацаа. Гэтэл одоогийн дунд сургуулиа төгсөөд ирж буй төгсөгчдийн унших, бичих, асуудалд шүүмжлэлтэй хандах чадвар эрс суларсан гэсхийгээд, ер нь бол 10-н жилийн багш нараас алдааг хайх хэрэгтэй гэсэн санааг цухуйлгаад орхидог. Ахлах ангийн багш нартай уулзахад, дунд ангийн боловсролыг голно. Тэнд суурь боловсролоо сайн эзэмшээгүй учир ахлах ангийн багш нарын хөдөлмөр үр дүн муутай байхад нөлөөлдөг гэнэ. Харин дунд ангийнхан болохоор бага ангидаа л сууж сураагүй, суралцах арга барилд суралцаагүй сахилгагүй жаалууд орж ирээд өсвөр насны адал явдалтайгаа танилцсаар 4 жилээ үддэг гэнэ. Тэгэхээр явж явж, бага анги гэдэг иргэнийг төлөвшүүлэхэд, зах зээлийн боловсон хүчнийг бэлдэхэд хамгийн анхдагч шат болох нь харагдана. 

Өрсөлдөх чадвартай, өндөр хөгжилтэй орнууд ч энэ энгийн үнэнийг их дээр ухаарч тодорхой стандартын дагуу бага боловсролоо хөгжүүлж ирж буйн жишээг дээр дурьдсан.
Монголд өнөөдөр 27 орчим мянган багш ЕБС-иудад ажиллаж байгаагаас есөн мянга нь бага ангийн сурагчидтай тулж ажилладаг. 2009 оны байдлаар бага ангийн багш жилд дунджаар 1,900 орчим ам долларын цалин авч байжээ. Тэгвэл жирийн нэг банкны зээлийн ажилтан 6,700 доллар авч байсан байна. Оюуны банкир болсон багшийн хөдөлмөр мөнгөний банкирын үнэлгээнээс гурав дахин бага байгаа нь Монголын боловсролын салбарын үнэ цэнийг илтгэнэ.
Гэтэл Катар, Солонгос, Сингапурт багш нар жилд 30 орчим мянган долларын цалин авдаг нь Монгол дахь мэргэжил нэгтнүүдээсээ 15 дахин өндөр үзүүлэлт юм. Тэгвэл Сингапурт "жирийн нэг банкны ажилтан” жилд 22 мянган доллар, харин Катарт ердөө 15 мянгыг авдаг нь багшийн цалингаас 2 дахин бага байна. АНУ болон Скандинавын орнуудад бага ангийн багш банкны зээлийн мэргэжилтнээс даруй 2-3 дахин цалин авдаг нь эдгээр орнуудын хүний хөгжлийн нэг том нууц гэлтэй.
Байгаа мэдээлэл дээрээ үндэслэн энгийнээр таамаглаж дараах тооцоог хийлээ. Монголын есөн мянган бага ангийн багш нэг жилд нийтдээ 17 сая ам доллар буюу 23 орчим тэрбум төгрөгийн цалингийн фондтой байна. Энэ нь төсвөөс боловсролд зарцуулж буй нийт зардлын 5 хувь, нийт төсвийн зардлын нэг хувь ч хүрэхгүй болно. Дашрамд дурьдахад Боловсролын яам болон сангийн яам энэ чиглэлээр нарийвчилсан судалгаа хийх шаардлагатай.
Хамгийн шилдэг нь бага ангийн багш болдог тогтолцоог бий болгох нэг хөшүүрэг бол бага ангийн багшийн цалин урамшуулалыг өсгөж, нэг багшид оногдож буй сурагчийн тоог эрс бууруулах ёстой. Энэ хүрээнд бага ангийн багш нарын тоог эхний ээлжинд дор хаяж 30 хувиар, цаашид хоёр дахин нэмэх шаардлагатай. Мөн бага ангийн багшийн цалинг зах зээлийн жишиг рүү дөхүүлэх ёстой. Элдэв тендер, ядуурлыг бууруулдаг биш өсгөдөг сонгуулийн амлалт гэх зэрэгт бид жилд хэдэн зуун тэрбум төгрөгийг агаарт цацдаг. Тэгвэл бага ангийн багшийн цалинг одоо байгаа 30 орчим (ямаанд 30 тэрбум өгч л байсан) тэрбумаас нь гурав дахин өсгөлөө гэхэд төсөвт төдийлөн хүнд дарамт учрахгүй болов уу.
OECD -ийн ПИСА болон мэргэжлийн ур чадварын үнэлгээний системд Монголчууд хамрагдаж эхлэх ёстой. Тэгж байж бид өөрсдийгөө хуурсан дипломний үйлдвэрлэл хөгжүүлээд байна уу эсвэл үнэхээр дэлхийн тавцанд өрсөлдөх иргэдээ боловсруулж байна уу гэдгээ бодитоор хэмжиж сурна.

No comments: