2008-09-25

Шинэ буюу 2008 оны ЗГ

2008 оны сонгууль хэл амтай, хэрүүл уруултай болж өнгөрлөө. Монголчууд бухимдахаараа байшин шатааж, бас бие биенээ хөнөөдөг болохоо дэлхий дахинд харуулав.

Уг нь баруунд иймэрхүү үзэгдэл зөндөө л болж байдаг. Гэхдээ "Азийн ардчилалын билэг тэмдэг болсон", тайван уужуу, зочломтгой, найрсгаараа алдартай Монголчуудын хувьд ийм хүчирхийлэл гарсан нь дэлхий дахины гайхшралыг төрүүлэв бололтой.

Барууны ардчилал 200 жилийн настай. Энэ хугацаандаа маш их хүчирхийлэл үзсэн. Жишээ нь боолын нийгэмт Америк, фашист Итали, нацист Германыг ардчилсан орон болгохын тулд хүн төрөлхтөн хэдэн сая хүнээ золиосолсон. Гэтэл 20 хүрэхгүй жилийн настай Монголын нялх ардчилал (барууны томьёололоор 20 жил, үнэндээ 2000 жилийн түүхтэй Монголын төрийн түүхэнд ардчилсан ёсны уламжлал бий) уг нь хүчирхийлэл үзээгүй "ариухан" байсансан.

Би хувьдаа овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэдэг шиг, 7 дугаар сарын 1 ний хүчирхийллийн бурууг төр, засгаас хайж байгаа. Тэд иргэдийнхээ сонгох эрх чөлөөг хангаж, 4 жилд ганцхан удаа болдог сонгуулийг аятайхан зохион байгуулж чадсангүй.

Гэвч өнгөрсөн бол өнгөрсөн. Одоо ирээдүй ямар байна вэ гэдэг сонин. Ямартаа ч шинэ ЗГ байгуулагдлаа. Авилгачдын, архичдын, алуурчдын, урвагчдын ЗГ гэх зэргээр дуудуулж байх шиг байна.

Харин "чөлөөт" гэгдэх гадаад ертөнцөд (америк тэргүүтэй орнуудад) арай өөрөөр хүлээж авч байна. Украйн зэрэг орнуудад улс төрийн хуваагдал, хямрал, талцал гэх зэрэг бэрхшээлүүд нь хэт ихдэж. Ингээд ирэхээр Украйнд ч, Америкт ч, Орост ч ашиггүй байдал үүсээд ирнэ.

Харин Монголд байдал эсрэгээр. Ямартаа ч хоёр том нам нь хэдэн "луйварчдынхаа" хэл амыг олоод хамтарсан ЗГ байгуулж чадлаа. Энийг барууны орнууд "улс төрийн соёл", пост коммунистууд орнуудад "үлгэр жишээ" болохуйц гэж үзэж байх шиг.

Хэрэв аль нэг нам нь дангаараа ЗГ байгуулбал Оросын эсвэл Хятадын нөлөө, шахалт эрс өсөх нь ойлгомжтой байлаа. Ийм үед хамтарсан ЗГ байгуулах нь барууны гэгдэх орнуудад илүү ашигтай хувилбар байж болох юм даан.

Ядаж байхад эрдэс баялгийн нөөцийн төлөө дэлхийн томчуудын тулаан эхэлчихсэн байдаг. Жижигхэн хирнээ байгалийн баялгийн асар их нөөцтэй Монгол оронд нөлөөгөө тогтоох сонирхол хаа сайгүй байгаа нь тодорхой биз ээ.

No comments: