2011-05-24

Төрийн чадавхи ба Технологийн дэд бүтэц

Төрийн шинэ үүрэг

Өнөө цагт улс орны хөгжлийг тухайн улсын эдийн засаг хэр хурдтай өсч байна вэ гэдгээр нь биш, харин тухайн улс хэр өрсөлдөх чадвартай байна вэ гэдгээр нь хэмжих болжээ. Марксын формацийн онол, Францис Фукуямагийн "түүхийн төгсгөл" зэрэг урсгалын үздэгээр коммунизм эсвэл нео-либерализм нь хүн төрөлхтний хөгжлийн хамгийн дээд эрэмбэ байх учиртай байж. Энэ дээд эрэмбэд хэр дөхсөн эсэхээр нь улс орны хөгжлийг тодорхойлох оролдлогууд гарч байв.

1990-ээд онд коммунизм байгуулах гэсэн орнуудын нийгэм-ждийн засгийн тогтолцоо нуран унаснаар Чөлөөт капитализмийн үзэл санаа хүчээ авсан. Гэвч 2008-2010 оны дэлхийн их хямрал чөлөөт зах зээлийн онолд ч мөн адил сул тал байгааг харууллаа. Зах зээл өөрөө гажигтай, үүнийг засахын тулд төр хүчтэй оролцох ёстой гэсэн Кейнсийн маягийн үзэл сэргэх хандлага ажиглагдаж байна.

Гэвч өнөөдөр дэлхийн ихэнхи орнууд "зүүн", "баруун", эсвэл элдэв "...изм"-ээс ангижирсан өөр хоорондоо ялгарах зүйлээр хомс улс төрийн намуудаар удирдуулах болжээ. Эдийн засгийн хувьд дахин цэцэглэж буй Герман орон ч гэсэн баруун, зүүн гэж шууд тодорхойлоход хэцүү бодлого явуулах болж. Ер нь дэлхийн ихэнх ардчилсан орнууд сонгуулиас сонгууль руу чиглэсэн амлалтын бодлогод хөтлөгдөж буй нь ажиглагдаж байна. Америк, Герман зэрэг улсуудын төр засаг хадгаламж, хуримтлуулалын бодлогыг умартан, зээл авч (хойч үеийнхэндээ өвлүүлж буй өрийн дарамт) гал унтраах замаар сонгуулийн хэдэн жилийг авах болжээ. Грек, Португали боломжоосоо давсан тансаглалыг ард түмэндээ амлаж, түүнийгээ биелүүлэхээр зүтгэсний төлсөөсөнд бүдэчсээр, сөхрөн унах шахлаа. Евро, Европийн Холбооны нэр хүндийг бодсондоо л арай дөнгүүр хэд нь наашаа харж инээж, цаашаа харж уйлан байж авралын гараа сунгав. Гэхдээ хөнжлийнхээ хэрээр хөлөө жийх болсныг нь ч нилээн чангахан санууллаа.

Ийнхүү ардчилсан улс орнууд дахь төрийн гүйцэтгэх үүрэг цагаа даган хувьсаж байна. Төрийн дээд байгууллагаа сонгох арга зам нь л ардчилсан гэсэн тодорхойлолтод дүйж, харин төрөөс эдийн засгаа удирдах үе шатанд ардчилсан гэхээсээ илүү прагматик шинжтэй болж байна.

Өнөөдөр улс бүр ажлын байр хэрхэн бий болгох, хадгалах вэ? гэдгээр өрсөлдөж байна. Үүний тулд олон улсын зах зээлд аль болох илүү бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлж байж, орлого олно. Олон улсын зах зээлд байр сууриа эзлэхийн тулд аливаа улс санхүү, судалгаа, хүний нөөц, ур чадварын хүчирхэг сан бүхий хувийн хэвшилтэй байх ёстой. Хувийн хэвшлийг бөх гэвэл, Төр өөрөө засуул байх юм. Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай компаниудыг үүсгэн тордох, тэдний хөгжин өсөх орчныг бүрдүүлэх нь төрийн үндсэн үүргийн нэг болоод байна.

Яагаад Технологийн дэд бүтэц?

Ажлын байрыг үүсгэн бий болгогч нь хувийн хэвшил. Харин хувийн хэвшилд ажлын байр олноор бий болгоход юу дутагдаж байна вэ? Энэ асуултыг төртэй холбон илэрхийлбэл, Монголын хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд болохын тулд Төр юу хийх ёстой вэ?, юуг анхаарвал зохих вэ?

200 орчим бизнесийн байгууллагын удирдлагаас авсан санал асуулгын дүнгээс харахад Монголын төр их олон талбарт ажлаа сайжруулах хэрэгтэй нь харагдсан. Хамгийн чухал нь эрхзүйн тогтвортой орчин, нам инфляци, чадварлаг хүний нөөц, дэд бүтэц байна. Эхний ээлжинд зөвхөн Дэд бүтэц ялангуяа зөөлөн дэд бүтцийг авч үзье. Дэд бүтэц гэдэгт уламжлалт зам, гүүрээс гадна технологийн, шинжлэх ухааны, эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, боловсрол зэрэг орно. Ялангуяа Монгол шиг өргөн уудам нутагтай, харьцангуй сийрэг суурьшсан хүн амтай, алслагдмал орон нутаг ихтэй оронд бизнесийн хөгжлийг тэтгэх хамгийн чухал тогтолцоо нь технологийн дэд бүтэц юм. Бидэнтэй адил социализмаас чөлөөт зах зээл рүү шилжилт хийсэн, эсвэл баялаг ихтэй хөгжиж буй орнуудтай харьцуулахад бид энэ салбарт ямар амжилтанд хүрэв? Олон улсын мэдээллийн сан болох www.itu.int болон Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланд байгаа тоон үзүүлэлтийг харвал дараах зураглал тодорч буй юм.

Бид хаана явна вэ?

2008 оны байдлаар, харилцаа холбооны салбарт оруулсан хөрөнгө оруулалтыг ДНБ-д харьцуулсан үзүүлэлтээр Монгол Улс 1.27% тайгаар Украйны дараа хоёрт оржээ. Үүгээрээ Өмнөд Солонгос, Сингапур гэх зэрэг орныг хол орхисон байна. Гэвч суурь хөрөнгө оруулалтын хэрэгцээ нэн их Монголыг аль хэдийн харилцаа холбооны хүчирхэг дэд бүтэц байгуулсан орнуудтай жишихэд анхаарах зүйлс бий. Ямартаа ч Монгол Улс энэ салбарт хийсэн хөрөнгө оруулалтаар дэлхийд өнгөлөхүйц сайн яваа нь үнэн юм.

2008 оны байдлаар манай улсын 1,000 оршин суугч тутамд 66 суурин утас оногдсон үзүүлэлтээр харьцуулж буй 15 орон дотроо сүүл мушгиж. Гэтэл Словенид 500, Өмнөд Солонгост 443 буюу, 2 иргэний нэг нь суурин утастай байгаа юм. Монгол орны хувьд хот, хөдөөгийн эрс тэс ялгааг тооцон, цэвэршүүлж үзвэл энэ харьцаа сайжирч харагдаж болно. Мөн сүүлийн хоёр гурван жилд энэ салбарт шинэ бүтээгдэхүүн, багц (интернэт, зурагттай холбосон) өргөн нэвтэрснийг харгалзвал ойрын хэдэн жилд бид энэ үзүүлэлтээр эрэмбээ дээшлүүлэх боломжтой. Харин суурин утасаар ярих үнэ Монголд хамгийн хямд байна. Жишээ нь Чиличүүд биднээс 40 дахин илүү өндөх үнэ, тарифаар ярьдаг бол, Казахстан, ОХУ-д суурин утасны тариф манайхаас ялимгүй үнэтэй ажээ. Магадгүй хэт хямд тариф нь хэрэглэгчдэд ашигтай мэт боловч, нийлүүлэгчдэд дорвитой хөрөнгө оруулалт хийх боломж олгодоггүй байж болох талтай. Энэ нь мэдээж нийт салбарын хөгжилд л сөргөөр нөлөөлөх биз ээ.

2008 оны байдлаар Монгол Улсын 1,000 оршин суугч тутамд 14 орчим (broadband subscribers) интернэтийн гэрээт хэрэглэгчид оногдож байсан нь харьцуулж буй улсууд дотроо бас л сүүл мушгисан үзүүлэлт юм. Гэтэл энэ үзүүлэлт Тайландад 14, Перуд 26, Украинд 35, Казахстанд 42 байв. Харин Өмнөд Солонгос 319 гэсэн үзүүлэлтээр өнгөлж Словени (210) удаалсан байна. Гэхдээ Монголчууд бид интернэтийн гэрээт хэрэглэгчдийнхээ тоог өнгөрсөн 2 жилд зэгсэн өсгөж чадсан гэдэгт итгэлтэй байна.

2008 оны байдлаар манай нэг хэрэглэгчид ногдох интернэтийн хурд 0.99 Кб/сек байж. Энэ нь хамгийн муу үзүүлэлт бөгөөд манай дээр жагссан Мексикт 1.29 кб/сек байна. Тус үзүүлэлтээр Болгар (108.45 кб/сек) тэргүүлж, Сингапур (66.58 кб/сек) удаалжээ. Мөн л сүүлийн жилүүдэд энэ салбар өргөтгөлийн ажил зэгсэн хийсэн тул Монголын Улсын үзүүлэлт ирэх жилүүдэд эрс сайжрах боломжтой. Үүнийг тэрлэгч миний бие өөрийн интернэтийн хурдыг (2011-05-19 ний 16 цаг орчим) шалгаж үзэхэд (татах) 27 Мб/сек, (ачаалах) 0.75 Мб/сек гэсэн үзүүлэлттэй буюу боломжийн гарч байна.

Монгол Улс дахь 200 гаруй бизнес эрхлэгчдээс 2010 оны сүүлээр авсан санал асуулгад, интернэт технологийн чадварлаг мэргэжилтний олдоц хэр байгаа талаар асуусан юм. Хамгийн сайн нь 10 гэж үзвэл Монголчууд маань үүнд 5.06 гэсэн оноо өгчээ. Энэ нь харьцуулж буй орнууд дотроо хамгийн муу үнэлгээ юм. Өөрөөр хэлбэл, компаниуд маань чадварлаг боловсон хүчнээр хагас өлсгөлөн байна гэсэн үг. Хамгийн цатгалан нь Сингапур (8.41), Малайз (8.15) гэсэн улсуудын бизнес эрхлэгчид байна. Ямартаа ч өрсөлдөх чадвар сайтай орнууд өөрсдийн компаниуддаа боловсон хүчний олдоц элбэг байх орчныг бүрдүүлж өгч чаддаг нь харагдаж байна.

Мэргэшсэн инженерийн олдоц хэр байна вэ гэж асуухад Монголчууд мөн л 4 гэсэн оноогоор сүүл мушгиж, Украйны (5 оноо) дараа оржээ. Энэ чиглэлээр хамгийн цатгалан орон нь Чили (8), Сингапур (7.6) байна. Дашрамд дурдахад Чили нь уул уурхайн экспортоос олсон мөнгөө тусгай санд хуримтлуулж, хуримтлалын хөрөнгийг залуусаа гадагшаа сургуульд илгээхэд зарцуулах замаар инженерүүдээ бэлддэг арга барилтай улс гэдгийг сануулах нь зүйтэй.

Хүний нөөц, технологийн хувьд компаниуд нь хоорондоо хамтарч ажиллах талаар Монголчууд мөн л сүүл мушгиж буй юм. Синержи гэдгийг хамгийн сайн ойлгосон орноор мөн л Малайз, Сингапур гэх зэрэг орнууд өнгөлжээ. Монгол компаниуд хоорондоо үзээд байхаас биш, боломжтой газраа (суурь техник, судалгаа шинжилгээ, бодлого, лобби) хамтарч, зардлаа хуваах соёлд сурах болоогүй байгааг энэ үзүүлэлт харуулж байна.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийн талаар Монголчууд анхны ойлголттой болж эхэлж байна. Энэ салбар хөгжиж буй нь төр, хувийн хэвшил хоорондоо хэл амаа олоод байгаатай холбоотой. Энэ үзүүлэлтээр бид Мексик, Оросыг ардаа орхиж, харин Перугийн ард жагсажээ. Өрсөлдөх чадварын жишгийг тогтоогчдын нэг Сингапур энэ үзүүлэлтээр өнгөлж байна.

Шинэ технологи хөгжүүлэх, ашиглах эрхзүйн орчинг үнэлсэн үнэлгээгээр Монголчууд 4 оноогоор сүүлээсээ 2-т орсон байна. Судалгааны дүнгээс үзэхэд, энэ нь хуучин соц орнуудын түгээмэл бэрхшээл болох нь ажиглагдаж байна. Чөлөөт зах зээлийн орчныг зохицуулах учиртай Эрхзүй, зохицуулалтын огт өөр системд эдгээр орнууд бэлтгэлгүй байж гэж дүгнэж болохоор байна. Сингапур, Малайз, Катарын бизнесменүүд энэ талын эрхзүйн орчноо их сайнаар үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл эдгээр улсын төр засаг хувийн хэвшлээ технологийн дэвшилд "уруу татсан" бодлоготой бололтой.

Технологи хөгжүүлэх санхүүжилтийн боломжийн талаар Монголчууд өөрсдөдөө ердөө 2.81 оноо өгсөн нь хамгийн сүүлийн байр эзлэх шалтгаан болжээ. Харин Сингапур, Малайз, Катар, Казахстан зэрэг орнууд өнгөлжээ. Дашрамд дурдахад, Казахстан улс газрын тосноос олсон орлогоосоо шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх сангууд байгуулж, салбар бүрт инновацийг хөгжүүлэх хөтөлбөрөө зэгсэн амжилттай хэрэгжүүлж буй билээ. Сингапур маягийн "төр-хувийн хэвшлийн өвөрмөц холбоо" ч энд өөрийн өнгө төрхөө олох магадлал их. Түүнчлэн БНХАУ-ын загвар болох төрийн оролцоотойгоор дэлхийд өрсөлдөх чадвартай үйлдвэрүүдийг босгох арга зам ч Казахстаны удирдагчдын сонирхлыг ихээхэн татаж байж болох юм.

Ингээд үргэлжлүүлбэл технологийн хөгжлийн талаар Монгол Улс хоцорч буйг бэлээхэн харуулах баримтууд олон бий. Гэвч аажим аажмаар урагшилсаар байгаа үзүүлэлт ч олон байна. Өнөөдрийн уул уурхайгаас хэт хараат болж буй Монголын эдийн засгийг төрөлжүүлэхэд суурь дэд бүтцээс гадна энэхүү зөөлөн буюу технологийн дэд бүтцийн хөгжил амин чухал ач холбогдолтой юм. Гар утасны” гэгдэх компаниуд олон мянган ажлын байр бий болгож байна. Программын компаниуд эдийн засгийн бүхий л салбарт нэвтэрч бүтээмжийг эрс өсгөсөн шинэ бүтээгдээхүүн, үйлчилгээний эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр л байна.

Зах зээлийн жамаар энэ салбар урагшлах тутам бусад салбартаа (ялангуяа ажлын байр олноор бий болгох ХАА, аялал жуулчлал) бодит үр өгөөжөө өгөх нь дамжиггүй. Газрын баялгийг бол ухаад авчихна. Цахим, мэдлэгийн болон технологийн баялаг нь харин өөрөө үржин арвижах чанартай ажээ. Төр уул уурхайгаас олж буй баялгаа зөв удирдах нэг гарц нь энэ салбарын өрсөлдөх чадварыг сайжруулахад оршино гэж үзэж байна.

No comments: