2012-02-20

Сул талаа харж, бухимдаад байвал бид хөгжихгүй [Ярилцлага]

Ч.ОТГОЧУЛУУ: Сул талаа харж, бухимдаад байвал бид хөгжихгүй

Монголын эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуутай уулзаж ярилцлаа. Тэрбээр ХБНГУ-д макро эдийн засгийн бодлогын судалгааны мэргэжил эзэмшсэн бөгөөд судалгааны арга барилыг багагүй түвшинд эзэмшсэн хэмээн үнэлэгддэг чадварлаг залуу эдийн засагчдын нэг. 

-Юуны түрүүнд танай төвөөс хамтран зохион байгуулж байгаа ирэх сард болох Эдийн засгийн чуулга уулзалтын хөндөх судвийн талаар товчхон сонирхуулаач.

-Эдийн засгийн форум "Хөгжилд хамтдаа" гэсэн уриан дор гурав дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Эдийн засгаа яаж төрөлжүүлэх вэ, нийгмийн хавтгайрсан халамжийн бодлогыг өөрчилж, орлого багатай иргэдэд нийгмийн халамжийн мөнгийг тэгш хүртээн, жирийн иргэдэд чанартай боловсрол олгох санхүүжилтийн тогтолцоо гэх мэт асуудлыг ярья гэж байгаа. Бас нэг яригдах том сэдэв бол өрсөлдөх чадварын асуудал. Энэ бүхнийг олон талаас нь ярилцаж хэлэлцэхээр төлөвлөсөн байгаа даа. 

-Өнөөгийн монголын эдийн засгийг гаж тогтолцоотой болчихлоо, буруу замаар буруу хөгжөөд байна гэж ярих болж.

-Инфляци өндөр, валютын ханш хэт тогтворгүй, ажилгүй залуучууд олширсон, нөгөө талд нь компаниуд сайн санхүүч, чадварлаг инженерүүдээр дутагдаж байна. Төсвийн тэлэлт маш их болж, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Үүнийг дагаад зээлийн хүү өсч, ажлын байрыг бий болгодог хувийн хэвшлийнхэнд зээлийн олдоц ховор, босго өндөр болдог. Одооноос уул уурхайн бус салбаруудад чадварлаг боловсон хүчний хомсдол үүсч байна. Ялангуяа том уурхайнууд бусад салбарт байгаа чадварлаг хүмүүсийг нь мөнгөөр зодоод авчихаж байгаа. Сайн хуульч, аялал жуулчлалын салбараас сайн хөтөч, менежерүүдийг нь авч байна. Төрийн оролцоо хэт ихссэн, уул уурхайн салбар нь бусад салбартаа сөргөөр нөлөөлөх хандлагатай болсон гэх мэт гаж үзэгдлүүд ар араасаа бий болж байна.

-Энэ бүхнээс гарах ямар арга зам байна вэ? Үнийн өсөлтийг яаж зохицуулах хэрэгтэй байдаг юм бол?

-Үнийн өсөлтөөс гарах хамгийн зөв арга бол нийлүүлэлтийг өсгөх. Хамгийн ойрын жишээ болоод байгаа бензинийг ярихад л импортолж байгаа хэмжээ нь хэвээрээ байдаг. Арван жилийн өмнө нэг л төмөр замтай байсан. Тэр хэвээрээ. Гэтэл Улаанбаатар хотын машины тоо 10 жилийн өмнөхөөс хэд дахин өсчихлөө.  Бензин ууж иддэг машин техникийн тоо хэдэн арав дахин өссөн байхад нийлүүлэлтийн суваг нь бахь байдгаараа байгаад байгаа нь хүнээр бол нарийнтах гэдэг өвчин туссан байна гэсэн үг. Гэдэс нь томроод, юм идмээр санагдаад, өлсөөд байдаг. Хоолой нь нарийхан болчихсон байна. Тэрхүү нарийслыг эмчлэх хэрэг гарч байнаа даа. Хамгийн түрүүнд ачаа тээвэрлэлтийн хүчин чадлыг зайлшгүй нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм. Дараа нь дотооддоо өрсөлдөөн бий болгох нь их чухал.

-Өрсөлдөөнийг хэрхэн бий болгох боломж манайд байна вэ?

-Урт хугацаанд дэд бүтцээ сайжруулах хэрэгтэй. Хөдөө орон нутагт бүтээн байгуулалт хийнэ л гээд байдаг. Гэтэл замгүй байж шороон зам дээгүүр яаж тээвэрлэлт хийж, яаж бүтээн байгуулалтаа хийх юм бэ? Хөдөөд тог цахилгаан, дулаан нь ямар байгаа билээ. Бодлогын хувьд ч, манлайллын хувьд ч чухал зүйл их байна. Манайхан ажлын байрыг бий болгоно гээд жижиг дунд үйлдвэрийн хуулийн дагуу жижиг дунд үйлдвэрийн сан гэдэг юм байгуулчихсан. Тэр сангийн мөнгийг нь томчуудад нь олгоод байдаг. Манай жижиг дунд үйлдвэрийн хуулийн томъёолол бол хэтэрхий ерөнхий шүү дээ. Тийм болохоор яг тэрхүү ажлын байрыг бий болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал руугаа яг сайн хүрч чадахгүй байна.
3-5 хүнтэй 20-30 сая төгрөгийг жилдээ эргэлдүүлдэг жижиг бизнес эрхлэгчид нь аль хэдийнээ хөлөө олчихсон том бизнесмэнүүдтэй нэг статуст байна.
Мөн уул уурхайн томоохон компаниуд экспортын орлогын 80 хувийг бүрдүүлдэг болчихлоо. Удахгүй 99 хувь болох гээд байна. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засаг буй болж эхэлж байна. Эндээс гарах зам нь эдийн засгийг төрөлжүүлэх арга. Бид худалдаа үйлчилгээний салбарыг яаж илүү сайн хөгжүүлэх вэ гэдгийг бодолцох цаг болсон. Мөн гаднаас мөнгө оруулж ирэх боломжтой ноос ноолуур, мах сүүгээ олон улсын стандартын дагуу боловсруулдаг үйлдвэрлэл хөгжүүлэх, олон улсын тавцанд өрсөлдөх чадвартай боловсон хүчин ажилладаг салбарыг яаж бий болгох юм бэ гэдэгт л анхаарч ажиллах шаардлагатай байна.
-Уул уурхайн салбар эдийн засгийн ихэнхийг бүрдүүлэхийн сөрөг муу тал нь юу байдаг юм бэ?

-Манайд энэ салбараас хялбар мөнгө орж ирж байна. Хөрсөө хуулаад л баялагаа нэмүү өртөг шингээлгүй худалдаж байна. Ингэхээр татварын орлого нэмэгдэж байна. Улстөрчдөд энэ нь ямар боломж олгодог вэ гэхээр дараагийн сонгуулийн компанит ажлуудыг нь явуулах боломжийг бий болгодог. 2008 оны сонгуулиас өмнө хагас жил болоод л цалинг 30 хувиар нэмээд байсан. Тэгээд л сонгуулийн дараа манай инфляци асар хурдтай өссөн. Сонгуулийн мөчлөгөөр л манай эдийн засаг хэмжигдэж байна шүү дээ.
Тэр үед зэсийн үнэ тонн нь 9000 долларт хүрсэн. Тэр мөнгийг байнга байж байх юм шиг бодоод төсвөө тэлчихсэн. Гэтэл дэлхийн эдийн засгийн хямралаар зэсийн үнэ хэдхэн сарын дотор 3000 доллараас доош болтлоо унасан. Ингээд цалингаа тавьж дийлэхээ больж, төсөв гэнэт алдагдалд ороод эхэлсэн. Гэтэл үүнээс өмнө 2007 онд зөвхөн Эрдэнэтээс манай улс 1 тэрбум долларын ашиг олсон байдаг юм. Тэр мөнгөө 2008 оны сонгуулиас өмнө цалин нэмэх, шинэ төрсөн хүүхдийн 100 мянга, шинээр гэр бүл бологсдын 500 мянга зэрэгт зарцуулчихсан. Хэрвээ тэр мөнгийг бид хадгалаад үлдчихсэн бол 2008, 2009 оны хямралыг ажрахгүй давах байсан. Эсвэл бид гаднаас уул уурхайн том орд ч худалдаад авчих мөнгийг хий дэмий цацаад дуусгачихсан. Тэр үед санхүүгийн хувьд илүү сахилга баттай, илүү гарсан мөнгөө хойш нь дарчихдаг байсан бол байдал өөр байх байлаа. Герман, Италиас орчин үеийн технологитой махны үйлдвэр, эсвэл маш том эмнэлэг байгуулчихсан байсан бол өнөөдөр түүнийг дагаад маш олон бизнес ч босчихсон байх байсан.
-Тэгэхээр тав зургаан жилийн өмнөх бодлогын алдаа өнөөдрийн эдийн засагт хүртэл өчнөөн нөлөөлчихсөн байна гэж ойлгож болох нь ээ? 

-Тэгэлгүй яах вэ. Манайхан хэтэрхий сонгуульжсан байдлаар, явцуу, өнгөцхөнөөр асуудалд хандаад байна. Манай бодлого улс төрчдийн өмч болчихсон. Цөөхөн хэдхэн улс төрч л бидний өмнөөс биднийг сайхан амьдруулах гээд байна шүү дээ. Тэдний оролцоогүйгээр хэдэн зуун сая жилийн өмнө бий болчихсон газрын баялгийг ухаад өөрсдөө олсон юм шиг нэг их тарааж өгцгөөдөг хүмүүс болоод хувирчихсан. Одоо бодлогыг ардчилах л хэрэгтэй. Иргэд өөрөө өөрсдийнхөө хувь заяаг дөрөвхөн жилээр сонгогддог улс төрчдөд даатгаад төр засаг юу ч хийхгүй байна гээд бухимдаад байх нь ичгүүртэй хэрэг шүү. Мөн үүнээс гадна улс төрийн савлагаанаас хамаардаггүй шударга шүүхтэй, баялгийг зөв хуваарилдаг шударга сантай болохгүй бол бүтэхгүй нь. Чили, Казахстан, Норвеги улсад уул уурхайгаас орж ирж байгаа мөнгөө тусад нь хадгалчихдаг байна л даа. Хэрэв хэцүү цаг үе тохиолдвол гаргаж ирж хэрэглэдэг. Харин цаг үе нь аятайхан байх юм бол тэр мөнгөө гадаадад байршуулаад хүүгээр нь маш олон залуусыг боловсролтой болгоход зарцуулж байна. Чили улсын хувьд дан ганц зэсээр амьдардаг байсан бол одоо тэр мөнгөө зөв зохистой удирдаад, гадаадын орнуудтой чөлөөт худалдааны гэрээ хийж, сайн чанарын мах, вино, ноос ноолуураар европыг хангаж байна. Тэд тухайн хэрэгцээт салбартаа сайн техник мэргэжлийн хүмүүсийг бэлтгэж, технологийг нь худалдаж аваад өгчихдөг. Тэгээд "та нар олон улсад өрсөлдөх чадвартай ийм ийм бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл ингэнэ тэгнэ" гэж бодлогын чанартайгаар дэмжиж ажилладаг. Өөрөөр хэлбэл төр, хувийн хэвшил нь хоорондоо харилцан уялдаатай ажиллаж чадаж байна, тэнд. Төр нь хийх биш, хувийн компаниудад хийх боломжийг нь сайтар олгож чаддаг. Ерөөс монголчууд бид өөрсдөө сайхан амьдрах боломжоо зөв харж, зүтгэж амьдрах хэрэгтэй байна. Хөгждөг ганц л зарчим байна.

-Ямар?...

-Хүн давуу тал дээрээ тулгуурлаж хөгждөг байхгүй юу. Түүнээс биш сул талаа олон талаас нь хараад л, бухимдаад л байвал хөгжихгүй. Одоо бид сул талаа арай өөр шинэ өнцгөөс олж харж чадсаныгаа ухаантай гэж ойлгодог болчихож. Миний бодлоор тэр бол ухаан биш. Бид эхлээд зорилгоо зөв тодорхойлох хэрэгтэй байна. Монгол Улс Оюутолгой, Тавантолгой гэдэг хоёр үнэ цэнэтэй хөрөнгөтэй айл гэж бодъё. Тэр үнэт зүйлээ өөрсдөө хэлтэлж чадахгүй, өөр айлаас хүн дуудаж ирээд хэлтлүүлээд зарж байгаа юм. Үүнийгээ дуусахаар яах юм бүү мэд. Гэтэл бусад айл овсгоо самбаагаа, тархи оюунаа ашиглаж амьдарч байна. 

-Манай өнөөдрийн нөхцөлд гадныхан уул уурхай руу орж ирэх нь зайлшгүй шаардлага болоод байна л даа. Ер нь уул уурхайд гадныхан орж ирэхийн сайн, муу тал нь юу байдаг юм бэ?

-Манай монголын уул уурхайг нэгтгэж хэлэхэд маш хэцүү болчихсон. Миний хувьд уул уурхай гурван өөр замаар хөгжиж байгаа гэж хардаг. Эхнийх нь гадны томоохон хөрөнгө оруулалттай уул уурхай. Тэд олон улсын түвшинд манайхыг сурталчилж, бусадтай өрсөлдөж ажиллаж байгаа. Дараагийнх нь хөрш орнуудын харьцангуй жижиг дунд үйлдвэрүүд орж ирж байгаа явдал. Тэд бол дүрэм журмыг төдийлөн сайн мэддэггүй, эсвэл мөрддөггүй, орон нутгийн хөгжилд төдийлөн сайн хөрөнгө оруулалт хийдэггүй хэсэг гэж хэлж болно. Гуравдахь нь нинжа нар. Уг нь манай уул уурхай олон улсын түвшинд гарч өрсөлдөх ёстой байтал эсрэгээрээ гадныхан манайд орж ирээд, монголчууд өөрсдөө улам чадавхигүй болж хувирч байна. Үүнийгээ бид зөв дүгнэж чадахгүй, уул уурхай хөгжөөд байна гэж баярлаад байна. Уул уурхай бусад салбартаа үзүүлэх шууд нөлөө тун ховор. Харин ч гаднаас их хэмжээний мөнгө оруулж ирж төсвийг хэт тэлүүлж байна. Улс төрчдийг бэлэн амлуулж, ард иргэдийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болгож байна. Бусад салбарт байгаа сайн сайн хүмүүсийг бүгдийг нь мөнгөөр зодож аваад, бусад салбарт чадварлаг боловсон хүчингүй болж, хатаж эхэллээ. Долларынх нь ханш хэлбэлзээд байхаар экспорт, аялал жуулчлал зэрэг нь дагаад сөхөрчихөж байна. Уул уурхайн салбар маань дэлхийн өрсөлдөөнийг монголд авчирлаа. Олимп монголд болж байгаатай ялгаагүй зүйл болж байгаа юм. Энэ дунд аваргууд ч байна, жижгүүд ч байна. Тэд дүрэмтэй, дүрэмгүй гээд янз янзаар л өрсөлдөж байна. Одоо ялагдвал бидний хохь, ялвал аз.
-Бидэнд ялах боломж байна уу?

-Одоо харахад бол ялагдаад байгаа юм. Гэхдээ ялах боломж байна, өөдрөг байх хэрэгтэй шүү дээ. Монголчууд ялагдаж байгаад нэг босохоороо эвтэйхэн өндийчихдөг тал байдаг шүү дээ. Нэг ёсондоо бид гадны компаниудад зүгээр л баялгаа өгөөд байх биш, тэдэнтэй эн тэнцүү өрсөлддөг, адилхан менежмент хийдэг болох ёстой байна. Гадны компаниудаас сурах юм ч их байна. Бид уул уурхайг муулах биш, хэт их ярих биш, харин яаж толгойгоо ажиллуулж хөгжүүлэх вэ гэдгийг л бодох хэрэгтэй байна.
Сар шинийн өмнө цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.  
  
Г.Урантуяа 

No comments: