2012-03-23

Баруун хөрш маань Бар болох уу?


Эсгий туургатны нэг том төлөөлөл болсон казак үндэстэн тун удахгүй Наурызийн баяраа тэмдэглэлээ. Тийм учир бидний баруун хөрш Казахстан улсын өрсөлдөх чадварын талаар бичихээр шийдлээ. Үндэстний удирдагч гэгдэх Назарбаев ерөнхийлөгч энэ улсыг ЗХУ–аас салж тусгаар төртэй болсон цагаас нь эхлэн удирдаж буй юм. Бусад ... стан орнуудыг удирдагч нараас ялгаатай нь Назарбаев өөрийн улсаа шинэчлэх талаар “Хятадын онцлоготой социализм” гэдэг шиг “Казакстан маягийн капиталист” бодлого явуулж байна. Сингапурын Ерөнхий сайд Ли Гуан Яао болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Парк Чунг-хээ нар улс орнуудаа Азийн Бар болгож чадсан шиг Назарбаев ч мөн адил Казакстан орныг дэлхийн хамгийн хөгжингүй, өрсөлдөх чадвар сайтай орны нэг болгох зорилготой юм. Харин баруун хөрш маань ойрын ирээдүйд Өмнөд Солонгос эсвэл Сингапуртай адил өрсөлдөх чадвар сайтай орон болж чадах уу?
Эдийн засгийн хэмжээ. 2010 оны байдлаар баруун хөршийн маань эдийн засгийн хэмжээ 146 тэрбум долларт хүрсэн бөгөөд энэ нь манай улсын эдийн засгаас 24 дахин их, харин хойд хөрш Оросынхоос 10 дахин бага байна. “Зүүн хөрш” Өмнөд Солонгосын ДНБ нэг их наяд (триллион) долларт хүрчээ. Нэг хүнд оногдох ДНБ-ээр баруун хөрш маань 9,000 доллар гэсэн үзүүлэлтээр Малайзыг ардаа орхиж улмаар Мексик болон Оросыг гүйцэхэд ойрхон байгаа юм. Манай улсын хувьд 2.2 мянган доллар байсан бөгөөд энэ нь Солонгосынхоос 10 дахин бага байна.
2010 онд Монголчууд 400 сая долларын алдагдагдалтай наймаа хийсэн бол баруун хөрш маань 30 тэрбум долларын ашиг хийсэн байна. “Зүүн” хөршийнх тэгвэл гадаад худалдаанаасаа 41 тэрбум долларын ашиг олж. Манай улс гурван тэрбум долларын экспорт гаргасан бол баруун хөрш маань үүнээс 20 дахин илүүг хил давуулан худалджээ. Харин Солонгосчууд Казахстанаас найм дахин их бүтээгдэхүүн, үйлчилгээг дэлхийн зах зээлд нийлүүлжээ. Солонгосчууд ихэвчлэн эцсийн бүтээгдэхүүн борлуулдаг бол Монгол, Казахстан хоёр түүхий эд борлуулдаг. Чухам ийм учир Назарбаяв 2030 он гэсэн хөтөлбөртөө өрсөлдөх чадвар, эдийн засгийн төрөлжилтийг эрс дээшлүүлнэ гэсэн “амлалт” аваад байгаа юм.
Хөдөлмөр эрхлэлт. Монголын хүн амын 37% нь албан ёсоор хөдөлмөр эрхэлж бусдыгаа тэжээдэг бол баруун хөршид маань энэ харьцаа 49% байна. Монголд нийт хөдөлмөр эрхлэгчдийн 15% нь төсвийн байгууллагад ажилладаг бол зүүн хөрш Солонгост ердөө 4% нь төрд харьяалагдана. Харин баруун хөршид маань энэ үзүүлэлт 23%-д хүрчээ. Энэ нь Казакстаны 4 ажиллагсадын 1 нь татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг гэсэн үг. Тиймдээ ч тэр үү баруун хөршийн маань төсвийн алдагдал 3.4 тэрбум долларт хүрч байв.
Төрийн оролцоо. Засгийн газрын өрийг ДНБ-д харьцуулж үзвэл манайд 28%, харин баруун хөршид 2.5%, “зүүн хөрш”-д 1.6% байна. Казакстан бидний хажууд өргүй шахам улс аж. Төсвийн зардлыг эдийн засагт харьцуулсан үзүүлэлт манайд 40% байсан бол, баруун болон зүүн хөршид маань ойролцоо буюу 22%-тай байна. Хөршүүдтэй нь харьцуулбал, Монгол Улсыг төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай социалист улс гэж хэлж болохоор. Монголын Засгийн газар эдийн засгийнхаа 13%-тай тэнцэх хэмжээний хөрөнгийг Татаас маягаар аж ахуйн нэгжүүдэд олгодог бөгөөд энэ нь татвар төлөгчдийн мөнгөөр үрэлгэн байдлыг санхүүжүүлж буй нэг хэлбэр юм. Гэтэл баруун хөршид энэ хувь 0.53% харин зүүнд маань ердөө 0.06% байна.
Зээлжих чадвар ба эрсдэл. Мэргэшсэн хөрөнгө оруулагчдын олон улсын байгууллагаас жил бүр улс орнуудын зээлжих чадварын үнэлгээ өгдөг. Хамгийн сайн оноо нь 100. Тэгвэл зүүн хөрш маань 77, баруун хөрш маань 54 оноо авсан байна. Харин бид 36 оноотой тууж явна.
Евромони-гоос улс орнуудын хөрөнгө оруулалтын эрсдлийн үнэлгээ гарчээ. Эрдсэл даах чадвар хамгийн сайтай гэж үзвэл 100 оноо авна. Монголчууд ердөө 36 харин баруун хөрш маань 54, зүүн хөрш маань 78 оноо тус тус авсан байна.
Бүтээмж. Эдийн засгийн өсөлтийг бодит хөгжил болгож хувиргадаг гол хүчин зүйл бол бүтээмж. 2010 оны байдлаар дундаж Монгол ажилчин жилд 6 мянга орчим долларын баялаг үйлдвэрлэсэн бол Казакстанд 18, харин Солонгост 42 хүрч байж. Монгол ажилчин цагт дунджаар 5 долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол баруун хөршид 12, харин “зүүн хөрш”-д 25 байна. Монгол ажилчин цагт дунджаар 1.4 долларын цалинтай бол баруун хөршид 4.4 харин зүүнд 12 байгаа юм.
Ногоон эдийн засаг. Солонгост 1,000 долларын баялаг (ДНБ) үйлдвэрлэхийн тулд 24 шоо (куб) метр ус ашигладаг. Тэгвэл Монгол 127 м3 болно. Харин Казахстанд 315 м3 буюу Солонгосынхоос 13 дахин их ус зарцуулж байна. Энэ бол нэн үрэлгэн хэрэглээ юм.
2008 оны байдлаар Солонгосчууд дэлхийн агаар мандалд нийт 500 метр тонн нүүрс хүчлийн хийг цацжээ. Харин Казахстан 200 метр тонн, Монгол Улс ердөө 11 метр тонн хорт хий “үйлдвэрлэж”. Гэвч эдийн засгийн хэмжээтэй нь харьцуулж үзвэл өөр дүр зураг үзэгдэнэ. 1 сая долларын баялаг үйлдвэрлэхийн тулд Солонгост 513 тонн хорт хий ялгаруулсан бол Казахстан 3 дахин их буюу 1,511 тонныг ялгаруулжээ. Өөрөөр хэлбэл баруун хөрш маань нэг хүнд оногдох нүүрс хүчлийн хийн үйллдвэрлэлээрээ зүүн хөршийнхөөс 3 дахин их байна гэсэн үг. Гэхдээ л бидэнтэй харьцуулахад бага байгаа юм. Монголчууд нэг сая долларын баялаг үйлдвэрлэхийн тулд агаарт 2,200 тонн нүүрс хүчлийн хийг цацдаг.
Боловсрол ба бүтээмж. 2009 оны байдлаар Солонгосын төр боловсролын салбартаа эдийн засгийнхаа 4.6%-тай тэнцэх хэмжээний хөрөнгө оруулалт хийжээ. Харин Казахстанд 4.1% байв. Монголд энэ тоо харьцангуй өндөр буюу 7.1% байна. Гэвч хүнд нь хуваагаад үзвэл мөн л өөр дүр зураг тодорно. Солонгос улсын дундаж иргэн жилд 800 орчим доллартай тэнцэх боловсролын үйлчилгээг төрөөсөө авдаг аж. Гэтэл Казахстанд энэ хэмжээ ердөө 290 доллар байна. Гэхдээ энэ хэмжээ Монгол Улсынхаас хоёр дахин их байгаа юм. Учир нь Монгол Улсын дундаж иргэн жилд ердөө 110 доллартай тэнцэх хэмжээний боловсролын үйлчилгээг төрөөс авдаг ажээ. Солонгост бага ангийн багш дунджаар 24 сурагчтай ажилладаг байхад, манайд улсын дундаж нь 31 байгаа юм. Харин Казахстанд ердөө 16 байна.
2009 оны байдлаар Монголд бага ангийн багш жилд хоёр мянган долларын цалинтай байсан бол банкны зээлийн мэргэжилтэн гурав дахин ихийг буюу долоон мянгыг авч байж. Харин Солонгост багш жилд 30 мянгын харин банкир 26 мянган долларын орлоготой. Сингапурт ч мөн адил багшийн үнэлэмж өндөр. Харин баруун хөршид маань багш хүн жилд ердөө гурван мянган долларын цалинтай байхад банкны зээлийн мэргэжилтэн зургаа дахин их буюу 18 мянган долларын орлоготой байсан аж. Казакстанд багшийн үнэ цэнэ, багшийн хөдөлмөрийн үнэ цэнэ харьцангуй доогуур байна.
Уул уурхайгаас орж буй мөнгөө ашиглан Болашак хэмээх сангаар дамжуулан залуусаа гадаадад өндөр боловсруулахад анхаарч ирсэн. Тус хөтөлбөрөөр гадаадад сураад ирсэн залуус өнөөдөр Казахстаныг орчин үеийн өрсөлдөх чадвартай орон болгон хувиргах биз ээ. Мөн үндэсний хөрөнгө оруулалтын тусгай сангаар дамжуулж гадны шилдэг менежмент, технологийг нутагшуулах зорилготой.
Улс төрийн эрх чөлөө, ардчилал. Казак гэдэг нь эрх чөлөөт гэсэн утга бүхий үг гэж зарим эх сурвалжид дурджээ. Улс төрийн ардчилалын хувьд хязгаарлагдмал хэдий ч, Казахстаны хувийн хэвшил өнөөдөр Монголчуудаас илүү их эрх чөлөөг эдэлж байна.
Нэгэн цагт Сингапур, Өмнөд Солонгосын туулаад өнгөрсөн хүчтэй төр бүхий капиталист тогтолцоог баруун хөрш маань туршиж байна. Энэ нь “хүчтэй гар”-ын дор улс төрийн тогтвортой байдал, мөн хувийн хэвшлийг дэмжсэн дэд бүтэц, эрүүл мэнд, боловсролын бодлого гэх зэрэг юм. Баруун хөрш маань эдийн засгийн хүч чадлын хувьд адилхан социалист байсан зэргэлдээ орнуудаа олон талаар хол хаяжээ. Гэвч азийн бар гэгдэх Солонгос эсвэл Сингапурын дайнд хүрч хөгжихөд нь томоохон бэрхшээл, сорилт байсаар байна. Тухайлбал, хүн амын эрүүл мэнд, багшийн үнэлэмж сул, эрчим хүч, усны үрэлгэн хэрэглээ, байгалийн бохирдол, судалгаа шинжилгээны салбар дорой болон харилцаа холбооны сул дэд бүтэц гэх зэрэг болно.
Түүнчлэн залуус нь бодит баялгыг үйлдвэрлэдэг хувийн хэвшилд эрсдэл үүрэхээсээ илүү баялаг хуваарилдаг төрийн албанд орохыг илүү үзэх болжээ. Экспорт нь уул уурхайн түүхий эдээс хэт хараат болж байна. Уул уурхайн их мөнгө үл хөдлөх хөрөнгийн зах зээлд хөөс үүсгэх, мөн бусад салбарт ажиллах хүчний зардлыг өсгөх гэх зэрэг дарамт учруулж байгаа юм.
Эдгээр сул талуудын зэрэгцээ, асар их байгалийн баялгаа ашиглан хөгжингүй гүрэн болох зориого тавиад буюу Назарбаявын Казакстан “Аж үйлдвэрээ хөгжүүлэх төлөвлөгөө”, “Казакстан 2030” гэх зэрэг олон хөтөлбөртэй. Тэр дагуу Балхаш, Жамбулд үйлдвэрийн томоохон цогцолборууд барина гэж зарлаад байгаа. Эдгээр төслүүдийн санхүүжилт хэдэн тэрбумаар хэмжигдэнэ. Энэ мөнгөний эх үүсвэрийг гадаадын хөрөнгө оруулалт гэж тооцоолж буй. Гэвч гадныхны хувьд нэг том эрсдэл бий. Энэ бол Назарбаевын дараахи Казакстан орныг хэн, хэрхэн авч явах вэ гэдэг тэрбум долларын үнэтэй асуулт юм.

No comments: